Сартр гэх нүдний шилтэй том гаанс барьсан энэ   философич нөхрийн зураг оршихуйн талаар арай өөр юм эрэлхийлдэг хүмүүсийн ойн тойнд бат нот шингэжээ. "Бурхан байхгүй бол бүх юм хориггүй" гэж хэлсэн социалист үр хөврөлийг дэмжигч  Достоевскийн бүтээлүүд түүнд гүн гүнзгий нөлөөлсөн бололтой. Сартр өөрөө  Марксизмийг тууштай хамгаалагч гэсэн хачирхалтай ч гэж хэлж болохоор хувийн үзэл бодлынх нь тухай бишгүй эш татсан байдаг. Барууны том философич болохоор л тэгж байна л даа.  Бурхан бол ёс суртахууны хэм хэмжээг тогтоох, хүнлэг чанарыг агуулах, моралийн асуудлыг шүүн тунгаах өөрөөр хэлбэл хуулиар зааж болдоггүй хүний үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй онго шүтлэг юм гэсэн санаа. Нүгэл буян гэж юу болох талаар, хүнд сайхан сэтгэлээр туслах, хүний эхнэрт сээтэгнэж  болохгүй зэргийг хуульчилах боломжгүй шүү дээ. 

 Бурхан байхгүй орчлонд хувь хүн өөрөө өөрийгөө мэдэх эрх чөлөөтэй гэсэн Сартрын үзэл  нь хүн байхын, амьдрахын утга учрыг,  нүцгэн үнэнийг шуудхан ил гаргасан баяр жаргалтай бас айдас дагуулсан цочирдмоор санаа юм. "Бурхан байхгүй орчлонд бид яаж амьдрах юм бэ?" гэж Ницще уйлсан ч гэдэг билүү яг энэ үг санаанд орж байна. Хүн  сайн муу бүх үүрэг хариуцлагаа өөрөө хүлээнэ, авралын тэнгэр Аллах, Есүс, Будда аль нь ч үгүй гээд бодохоор гүн харанхуй ангал руу нисэх мэт аймшигтай санагдана. Хүн гэдэг чинь хэн нэгний нөмөр нөөлөгт, заавар зөвлөгөөг даган, бөөгнөрч сүрэглэн явах учиртай л гэж боддог шүү дээ. Надад яагаад ийм хувь тавилан оногдож байгаа юм бэ? гэж бурхан тэнгэрээс асуух эрхгүй гэсэн үг. Би оногдсон тавилангаараа л явна гэж сэтгэл амар байсан бол одоо түшиж найдах юмгүй цор ганцаар нүцгэрч орхисон юм шиг зовлонт мэдрэмж таньд төрөхгүй байна гэж үү? 

 Үгүй дээ, би буруу бодож байна өөрөө өөрийгээ мэднэ гэдэг хамгийн том эрх чөлөө, үүрэг хариуцлага юм. Хэн нэгэнд, аврагч бурханд найддаг, зөв буруугаа шүүлгэдэг байсан бол би өөрийгөө шүүх, яллах, өмөөрөх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл би хувь заяаныхаа эзэн! Энэ үг намайг юу юунаас илүү тайвшруулж, дур хүслийг минь татаж байна. Достоевский гүн ухааны хэлэлцүүлэг, шашны эргэцүүлэл бүхий нүсэр романуудыг уншиж суухдаа эдэлдэг байсан таашаал, баяр гунигийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Бурханд эргэлзэж эхэлсэн Достоевскийн шаналалыг Сартр ил шулуун гаргаж Бурхан байхгүй гэж тунхаглаж байгаа нь намайг гайхшруулахаас илүү догдлуулсан юм.

Бурхан байхгүй гэдэг нь шашингүйн үзэл төдий биш хүний оршихуйг цоо шинээр нээх эрэл хайгуул, хүний сэтгэн бодох эрх чөлөө юм. Чухам энэ эрх чөлөөг тунхаглаж чадсан гоц сэтгэгчийн гүн ухааны зах зухаас мэрэх тэнэгдүү хүсэлд автсан билээ. Мөнгө хаанчилсан нийгэмд гүн ухаан сонирхох тэнэгүүдийн л ажил гэж захын хүн хэлнэ. Сартрын эшлэлийг эргэцүүлсэнээс хувьцааны ханш судалсан нь өгөөжтэй гэх маягаар. Манай өнөөгийн прагматизм үүнд л суурилана. Сартрын зохиол бүтээл манайд тун бага орчуулагдсан. Аюурын орчуулгаар "Үг" гээд сайхан намтар тууж нь байна, "Миний хамгийн шилдэг зохиол"  гэж өөрөө үнэлсэн "Огиудас"-нь уншаад нэг их сайн ойлгоогүй  надад байсныг зараад идчихсэн. Тагтаагаас "Сартрын зурагт хөтөч" гээд хөөрхөн ном гаргасныг үзэж байсан. Өөр юм ховор байхаа. Нобелийн шагналаас албан ёсоор татгалзсан цор ганц хүн гэдгийг хүн бүр мэднэ. Шалтгаан нь тодорхой, хувь  хүний уран бүтээлийг хөрөнгөт нийгмийн үзэл санаанд тааруулж үнэлдэг ч гэлүү, ер нь өөрийн оюуны үнэт зүйлсээ бусдад ямар нэгэн байдлаар ашиглуулахгүй л гэсэн байх. Эхнэртэйгээ албан ёсоор гэрлээгүй, насан туршийн хамтран амьдрагч байсан нь ямар нэгэн эсэргүүцлийн бэлгэ тэмдэг биз. Симон Де Боуэр гэх луг ухаантай гэргий нь феминист үзэлтэн гэдгээрээ алдартай, өөрөө нөхөртөө нууц амраг олж өгсөн гэж бичсэн нь ч бий. "Дайвар хүйстэн" зохиол нь орчуулагдаж, одоо олдохоо больсон ховор номын нэг. Бодвол манайд энэ үзлийг дэмжигчид олон байдаг байх.

Би Сартрыг сайн мэдэхгүй, сураг төдий л явдаг ч бүүр их сайн мэдмээр оршихуйн экзистенцалист философий нь хэлтэлмээр санагддаг.
Түүний хэлсэн үг, үзэл санаа нь дур булаам, сэрэл хөдөлгөм байдаг үнэнээсээ шүү. Оюун ухааны дур хүсэл , сэрэл мэдрэмжийг сэрээдэг гэх үү дээ.
Миний мэдэхгүй Сартрын талаар мэдэж байгаа зүйлс энэ.
Хөх Толбот Д.Төмөр-Очир.