АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар ном болон баримтат киноныхоо дараа энэ сарын 29-нөөс Spotify дээр "The Michelle Obama Podcast" нэртэй подкастыг хүргэхээр болжээ.

Spotify-гийн мэдэгдсэнээр хатагтай Мишель Обама шоуны хөтлөгчөөр ажиллах ба хүний сэтгэлийн эмзэг утсыг хөндөхөд юу болдгийг харуулах хамгийн илэн далангүй, хүнлэг хийгээд хувийн яриаг хүргэх аж.

Тэрээр өөрөө "Миний энэхүү подкаст сонсогчдыг маань өөрсдийн хувьд эрхэм хүмүүстэйгээ төдийлөн ярилцаад байдаггүй хүнд сэдвээр ярилцахад илүү нээлттэй болгох байх гэж найдаж байна. Тэгж л бид өөр хоорондоо ойлцголцыг бий болгож, нэг нэгийхээ оронд өөрсдийгөө тавьж үздэг болох болно" гэсэн байна. 

Танилцуулга бичлэг дээр Мишель Обама хэлэхдээ өөрийн ярилцахад хамгийн ойр санагддаг хүмүүстэйгээ "биднийг хүн байлгадаг харилцаануудын тухай ярина" гэсэн бөгөөд "энэ төрлийн ярилцлагын юунд дуртай вэ гэвэл тэдгээр нь дэлхийн хэмжээний цар тахлын үе, улс орныг хамарсан арьс өнгөний бослогын үе үл хамааран бидэнд тулгардаг асуудлуудыг хөнддөгт байдаг" хэмээжээ.

Ярилцлагын хувьд Мариан болон Крэйг Робинсон, Мишелийн ээж, ах, Конан ОБриэн, Обамагийн цагаан ордонд байсан үеийн зөвлөх Валери Жаррэт зэрэг зочид байх аж. 

Мишель Обама өөрийн твиттер хуудаснаа "Энэ жил их хэцүү байгаа ч энэхүү подкаст маань та биднийг өөрсдийн хайртай дотны хүмүүстэйгээ юу туулж өнгөрүүлж байгаа талаар болон өөр шинэлэг яриа өрнүүлэхэд тус болно гэж найдаж байна" гэж жиргэжээ.

Цагаан ордныг орхисноос хойш хатагтай Мишель Обама "Becoming" нэрт намтар номоо 2018 онд борлуулалтад гаргасан ба хэвлэлийн газраас нь түүхэн дэх хамгийн амжилттай намтар ном болох болно гэж таамаглаж байжээ. Тус ном дэлхий дахинаа 11.5 сая гаруй хувилбар зарагдсан юм. 2019 онд Netflix -тэй хамтран "American Factory" гэх баримтат киногоо гаргасан нь академийн "хамгийн сайн баримтат кино"-гоор шалгарсан байна. 


Эх сурвалж: Forbes