Их хотынхон, тэр дундаа орчин үеийнхэн түгжрэлд гацсан ч үнэт цагаа дэмий өнгөрөөхийг хүсдэггүй болсон. 

Цаг хугацаа алдалгүй, өөртөө хэрэгтэй зүйл сонсож, шинэ зүйл мэдэхийг эрмэлздэг хүн бүр Подкаст /Podcast/-тай хэдийнээ танил болсон. Сүүлийн гурван жилд  Монголд моданд ороод байгаа подкаст нь цоо шинэ зүйл биш юм. Бидний сайн мэдэх радио буюу хүний яриаг аудиогоор сонсох хэлбэрийг илүү сайжруулсан хувилбар гэхэд болно.

Подкаст нь хэлбэр, агуулгын хувьд олон төрөл байх ч ихэвчлэн хоёр хүн тодорхой сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллээ солилцох, ярилцах хэлбэрээр явагддаг. 

Подкаст дэлхий нийтэд 2010 оноос хойш эрчимтэй хөгжсөөр өдгөө 10 тэрбум ам.доллар эргэлдэж байдаг том зах зээл болжээ. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал “Joy Rogan Exprience” подкастаараа олонд танигдсан хөтлөгч Жой Роган подкастын зах зээлээс жилд 30 сая ам.доллар олдог.

Тиймээс та бүхэндээ монгол залуусыг байлдан дагуулж буй шилдэг 6 подкастыг онцлон хүргэж байна. Боловсрол, хувь хүний хөгжил, санхүү болоод технологийн мэдлэг, эрүүл мэнд зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэрэгтэй мэдээлэл хүргэж, нийгэмдээ гэрэл асааж буй PODCAST HOST-уудтай танилцъя.


# Ideree’s podcast

Жил хагасын өмнө анхны дугаараа гаргаж байсан бол одоогоор нийт 92 дугаар цацагджээ. Тэрээр ямар ч салбарын мэргэжилтэнтэй энгийн, чөлөөтэй ярьж чаддаг нь сонсогчдын талархлыг хүлээдэг. 

Олон улсын жишигт подкастыг сонсогчдоо уйдаахгүйн тулд  нэг цагаас илүүгүй байхыг зөвлөдөг бол Ideree’s podcast-н нэг дугаар дунджаар гурван цаг үргэлжилдэг

Хэдий тийм ч сонсогчдын дунд эрэлттэй байдаг шалтгаан нь түүний трэнд асуултууд юм.  “Хэрвээ танай дүү чинь ийм нөхцөл байдалд орвол та юу зөвлөх вэ”, “Дөнгөж их сургуулиа төгссөн залууд та юу гэж хэлэх вэ” зэрэг асуултууд нь ямар ч сэдвийг энгийн бөгөөд хүнд “наалдацтай” болгож чаддаг. 

Онцлох дугаар:

Ideree’s podcast-н 28 дах дугаарт улс төрийн зүтгэлтэн, зохиолч Ц.Оюунгэрэл буюу подкастын хөтлөгч Б.Идэр-Одын ээж оржээ. Энэ дугаар түүний youtube хуудсанд 1.1 сая хандалт авсан байна. 3 цаг 34 минут үргэлжлэх тус подкастад Ц.Оюунгэрэлийн амьдралын  талаар дурсамж, ухаарал сургамжаас гадна  өнөөгийн нийгмийн байдал, залуучуудад хандсан зөвлөгөө гээд олон сэдвээр нээлттэй ярилцсан юм. Мэдээж ээж, хүүгийн хоорондох харилцан яриа дотно мэдрэмж төрүүлэх нь аргагүй биз ээ. 

Дугаарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.


# Manduul podcast 

Сүүлийн үед хотжилт, түүнийг дагасан өвчлөл, эрүүл мэндийн асуудлууд үүсэх болсон. Тиймээс хүмүүс хэрхэн, яаж ажил, эрүүл мэндээ зохицуулж, зөв амьдралын хэв маягтай амьдрах вэ гэсэн асуултад хариулт олохоор тэрээр подкастаа жилийн өмнө эхлүүлж байжээ. Одоогоор нийт 30 дугаартай.

Ихэнхдээ эрүүл мэндийн салбарынхан, эмч мэргэжилтнүүд, өвчинтэйгөө тэмцэж, ялан дийлсэн хүмүүсийг зочноор урьдаг. Харин сүүлийн дугаарууддаа зөвхөн эрүүл мэндийн сэдэвт баригдалгүй нийгэмд үлгэр дуурайлал болсон залуучуудыг урьж, чөлөөт сэдвээр ярилцах болсон. 

Мөн улбар шар өнгө давамгайлсан студийн интерьер сонсогчдодоо амьд мэдрэмж төрүүлж чаддаг Б.Мандуулын подкастууд дуу, дүрсний өндөр чанартай болдог

Онцлох дугаар:

“23 сая ам.долларын тэтгэлэгт хүртсэн түүх” нэртэй дугаар нь түүний youtube хуудсанд 140 манга гаруй хандалт авчээ. Боловсролын салбарт шинэ салхи оруулж яваа “Томужин Академи”-ийн захирал Б.Батжин подкастаар дамжуулж монгол хүүхдүүд хэрхэн дэлхийн шилдэг их сургуулиудаас тэтгэлэг хүртэх боломжтой  талаар бахархам түүхийг хуваалцсан билээ.

Дугаарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.


# Podcasts and shows with Temka

Англи хэл сурах талаар сонирхолтой, хөгжилтэй контентуудаараа олонд танигдсан Г. Тэмүүлэн подкастаа ч мөн англи хэл дээр хөтлөн явуулдаг. “Be Your Own President” нэртэй подкастаа хоёр жилийн өмнөөс хийж эхэлжээ. Одоогоор нийт 10 орчим дугаартай. Тэрээр дэлхийд үнэлэгдэж чадсан монгол залуустай хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар, хэл сурах талаар ярилцдаг юм. 

Онцлох дугаар:

“Trend, Education, and Everything in Between with Tuka” нэртэй дугаарт Харвардын төгсөгч Ц.Эрдэнэтулгатай түүний ололт амжилт, амьдралын түүх, АНУ-д сурах, ажиллах талаар ярилцсан юм. Тэдний ярилцлага англи хэл дээр боловч цэвэр дуудлагатай учир сонсоход төвөггүй, ойлгомжтой байх болно. 

Дугаарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.


# Unlock podcast

Монгол хэл дээр хараахан орчуулагдаагүй байгаа эсвэл дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг номыг сонгон авч гол утга санааг нь ярьдаг подкаст юм. Гэхдээ уран зохиолын ном биш голчлон бизнес, хувь хүнийг хөгжил, намтар бүтээлүүдийг хураангуйлан сонсогчиддоо хүргэдэг. 

Номыг бүтнээр нь унших цаг зав хомс энэ үед аудио сонсоод л номын утга санаа ойлгочихдог учраас энэхүү подкаст сонсогчдын дунд эрэлттэй байдаг. Подкастын хөтлөгчид болох О.Батнайрамдал, Б.Тэгшбаяр, Ц.Дэлгэрцэцэг нар номыг бүлэг бүлгээр нь хуваан авч ярьдаг. 

Подкастын дугаар бүр нэг цаг орчим үргэлжилдэг ч бие биедээ тайлбарлаж, харилцан ярилцдаг учраас сонсогчдыг уйдаадаггүй. 

Онцлох дугаар:

Unlock podcast 90 дэх дугаартаа “Courage to be disliked” номыг тоймлон хүргэсэн нь 305 мянган хандалт авчээ. Кишими Ичиро, Кога Фумитаки нарын хамтран бичсэн энэхүү номонд Адлерийн филисофийн тухай өгүүлжээ. Энэхүү дугаартаа “Ад үзэгдэх зориг” номыг монгол хэлээр орчуулсан залууг урьж оролцуулсан байна.

Дугаарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.


# Миний өглөө подкаст

Зочин бүрээсээ “Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ? ” хэмээн асуудаг энэхүү подкаст нийт 105 дугаараа өлгийдэн авчээ. Хүмүүсийн өглөө хэрхэн өнгөрдгийг сонирхолтой байдлаар үзүүлэх зорилготой бөгөөд цаг үеийн асуудлаар тухайн салбарын зочдыг урьж, халуун яриа өрнүүлдэг. Голчлон боловсрол, хувь хүний хөгжил, нийгмийн асуудалд төвлөрч, сонсогчдодоо хэрэгтэй мэдээлэл хүргэхээр хичээдэг нь олон сонсогчдын сонирхлыг татдаг болов уу. 

Онцлох дугаар:

“Миний өглөө” подкастын 68  дах дугаарт АНУ-ын Нью-Йоркт төвтэй дүрвэгсдийн байгууллагын мэргэжилтэн Э.Рэнцэнхандтай ярилцжээ. Тэрээр өөрийн бага нас, амьдралд тохиолдсон асуудал бэрхшээл, түүнийгээ хэрхэн даван туулсан талаар, англи хэл сурч, дэлхийн шилдэг их сургуульд тэтгэлэгтэй суралцсан тухайгаа чин сэтгэлээсээ ярилцана.  Мөн Уганда улсаас эхлүүлээд дэлхийн олон газарт ажиллаж байсан  болон аялсан сэтгэгдлээ бичсэн “Адлагдсан нь” номынхоо тухай ярьсан байна. 

Дугаарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.


# Seheeten podcast 

2017 оноос хувь хүний хөгжил, боловсрол, номын тойм чиглэлээр яриа өрнүүлж эхэлсэн тус подкаст нь нийт 125 дугаартай. "Сэхээтэн медиа"-иас эрхлэн гаргадаг бөгөөд анх “Нямын Найм” нэртэйгээр сонсогчодоо хүрч байжээ. Номын хэлэлцүүлэг, зочдын яриа, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг 7 хоног бүр тогтмол оруулдаг подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран хөтлөн явуулдаг юм. 

Өчигдрийн түүхээр холбогдож, маргаашийн таныг бүтээлцэнэ” уриатай энэхүү подкаст нь энгийн, дотно дулаан мэдрэмж төрүүлдэг учир маш олон үнэнч сонсогчидтой болжээ.

Сонирхуулахад энэхүү подкаст өмнө нь зөвхөн аудио форматтай явж байсан бол 105 дах дугаараас эхлэн бичлэгтэйгээр үзэх боломжтой болжээ.

Онцлох дугаар:

Сэхээтний 119 дэх дугаарт “Apex Capital” компанийн үүсгэн байгуулагч, санхүүгийн шинжээч А.Идэрбат оролцож, амьдралдаа хэрэгжүүлж болохуйц олон хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Бид санхүүгээ удирдахдаа гаргадаг түгээмэл алдаа болоод орлогоо хэрхэн өсгөх вэ зэрэг минут бүрийг нь алгасалгүй шимтэж сонсмоор дугаар болсон байна. 

Дугаарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.