М.Хонгорзул: Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч болсон маань аавтайгаа “Counter strike” тоглодог үеэс эхлэлтэй

Peak.mn
03 сарын 13, 2023

Аавтайгаа хамт “Counter strike” тоглодог байсан бяцхан охин Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөнд тооцогдох хиймэл оюун ухаан хөгжүүлэгч болсон түүхийг хуваалцъя. Их сургуулиа IT инженерээр төгсөж, Солонгос улсад AI инженерээр магистрын зэргээ хамгаалан өдийг хүртэл хүсэл мөрөөдөлдөө үнэнч яваа М.Хонгорзултай ярилцлаа.

-Таны бага наснаас ярилцлагаа эхлүүлье. Багадаа юу сонирхдог, ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв, хэзээнээс технологийн салбарт татагдаж, дурлах болов оо?

-Анх 11 настайдаа Хүүхдийн Ордны хийлийн дугуйланд элсэн орсноос хойш хийлээр л “амьсгалдаг” хүүхэд байлаа. Оролцоогүй тоглолт, концерт гэж бараг байхгүй. Ингээд л хөгжимчин болно гээд бат итгэчихсэн байсан үе. 

Гэтэл намайг 14 настай байхад аав ээж хоёр “Хаагдаж байгаа интернэт кафегаас худалдаад авчихлаа” гэсээр гэртээ компьютер тэврээд ороод ирсэн. 

Аав тэр компьютер дээр “Counter strike” их тоглоно. Би хажууд нь таг гөлрөөтэй сууж байдаг байлаа. Сүүлдээ аавтайгаа хамт “Counter strike” тоглодог болов оо. Ингэж л анх компьютер, техник технологитой танилцаж байлаа. Нэг мэдэхэд л ихэнх цагаа компьютерын ард өнгөрөөдөг болчихсон байсан. Гэхдээ хичээл номоо ч хийхгүй, ухаан мэдрэлгүй тоглохгүй шүү дээ. Хичээлдээ ч явна, даалгавраа ч хийнэ, хийлээ ч тоглоно. Харин үлдсэн цагтаа хаана байх нь ойлгомжтой. (инээв)

Бичлэг үзэх:

 

- Компьютер тоглосоор байгаад л IT инженер болохоор шийдсэн хэрэг үү?

-10 жилийн төгсөлт ойртож, мэргэжлээ сонгох цаг хаяанд ирэхэд их л эргэлзсэн. Хөгжмөө сонгох уу, технологийн салбарыг сонгох уу гээд дунд нь гацчихсан. 

Ойр тойрны хүмүүс “Хөгжимчин бол, эмэгтэй хүүхдэд яг тохирсон мэргэжил” гэдэг байлаа. Харин эсрэгээрээ “Технологи охидод зориулагдсан эд биш ээ” гэнэ. Гэсэн ч би IT инженер болохоор зориглосон.

Бага байхад аав минь “Миний охин машин техник, технологи зохион бүтээж чаддаг мундаг эмэгтэй болно” гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Тухайн үедээ “Нээрээ тийм мундаг болчихвол ямар гоё вэ” гээд л өнгөрсөн. Одоо бодоход аавын энэ үгэнд урамшиж компьютер технологийн салбарт шимтсэн байгаа юм. Аав минь энэ салбарыг сонго гэж шууд хэлээгүй ч бага багаар урам зориг, хүч өгч байсан нь технологийн салбарыг зоригтойгоор сонгох шалтгаан болсон. Ер нь мэргэжил сонгоход ээж аав, цаашлаад багш нарыг үг их нөлөөтэй байдаг юм билээ.

Саяхныг хүртэл IT, технологи, инженер гэхээр эрэгтэйчүүд л ажилладаг гэсэн хэвшмэл ойлголт хуучраагүй байсан. Үүнээс болж эмэгтэй мэргэжилтнүүд цөөнгүй асуудалтай тулгардаг. Тэр бүгдийг өнөөг хүртэл зоригтойгоор даван туулах итгэлийг аав маань л өгсөн гэж боддог.

-Их сургуульд инженерээр сурах нэг хэрэг, түүнийгээ ажил хэрэг болгох өөр байдаг шүү дээ.  “Будаг нь ханхалсан” шинэхэн инженерийг ажлын орчин хэрхэн угтаж авсан бэ?

Их сургуулийн ангид санасныг бодвол олон охин байсан. Багш нар ч инженер бол эрчүүдийн мэргэжил гэсэн хандлага гаргаж байгаагүй. Харин сургуулиа төгссөний дараа л нийгэм ямар их хэвшмэл ойлголтод баригдаа вэ гэдгийг мэдэрсэн дээ. Ялангуяа ажил олгогчийн зүгээс.

Манай ангийнхан 6 сард дипломоо хамгаалж төгсчихөөд бүгдээрээ ажил хайв аа. Хийж бүтээх хүслээр дүүрэн 20-иод залуучууд. Томоохон корпорац компаниас эхлээд жижиг гарааны бизнесүүдэд CV-гээ өгөөд, ярилцлагад ороод л яваад байсан. Бүгд л нэг гарааны цэгээс эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. 7 сар гэхэд ангийн ихэнх хөвгүүд мэргэжлээрээ ажилд орцгоочихсон байсан. Гэтэл охидоос ажилтай болсон хүн байгаагүй. 

Веб хөгжүүлэгчээр ажиллая гээд очоод уулзтал “Манайд оффис менежерийн ажил байна” гэх жишээтэй. Ингэж явсаар төгссөнөөсөө 5 сарын дараа мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

-Энэ салбарт эмэгтэй мэргэжилтнүүд карьер ахих боломж хэр байдаг вэ?

-IT, технологи дэлхийн хаана ч эрэлттэй, хөгжиж байгаа салбар шүү дээ. Өөрөө л мэргэжилдээ эзэн болоод ур чадвараа ахиулж чадвал энэ салбар эмэгтэй, эрэгтэй, хөгшин, залуу гэж хэнийг ч ялгадаггүй.

Миний хувьд их сургуулиа төгсөөд веб хөгжүүлэгч, төслийн менежерээр 5 жил гаруй ажилласан. Тиймээс өөрийгөө дараагийн түвшинд ахиулъя гээд магистрын зэргээ хамгаалахаар шийдсэн. Олон улсын хэмжээнд дээгүүр эрэмбэлэгддэг нэлээн хэдэн сургууль руу материалаа явуулж, холбогдсон. Ер нь бүгд л нээлттэй хүлээж авдаг юм билээ. 

Тэр дундаас Солонгосын Чунбук үндэсний их сургуульд  100 хувь Ерөнхийлөгчийн тэтгэлэгтэйгээр сурсан. 

Энэ хугацаандаа сургуулийнхаа лабораторид бүтэн цагийн судлаач оюутан болж ажилласан. Ингэж хиймэл оюун ухааны салбар руу хөрвөх боломж тохиож, судалгааны ажлаа “Хиймэл оюун ухаан ба хөгжим” сэдвээр бичиж, хамгаалсан. Судалгааны ажлаа олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад ч танилцуулсан.

-Монголдоо ирээд хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах боломж гарсан уу, одоо ямар чиглэлд илүүтэй төвлөрч байна вэ?

-Тийм ээ. Одоо хиймэл оюун ухааныг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Монголд төдийгүй дэлхий дахинаа хиймэл оюун ухаан хөгжүүлэгч буюу AI инженер мэргэжилтэй хүн ховор.

 Энэ чиглэлийн мэргэжилтнүүд томоохон компаниудад нэг нэгээрээ ажилладаг юм билээ. Тиймээс инженерүүдээ нэгтгээд, хамтарч ажиллая гэж шийдсэн. Ингээд 2 жилийн өмнө “Deep Tech” компаниа үүсгэн байгуулаад одоо компанийнхаа машин сургалтын инженерээр ажиллаж байгаа. Манай компани аливаа нэг бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирсон хиймэл оюун ухаанд суурилсан технологийн /AI/ шийдэл санал болгодог.


-Хиймэл оюуны ухааны инженер хүний хувьд үүнийг л AI-ийн шийдлээр өөрчлөх юмсан гэж боддог асуудал бий юу?

-Мэдээж байлгүй яах вэ. Юуны түрүүнд эрүүл мэндийн салбарт  AI шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй. Улсын болон хувийн эмнэлгүүдэд иргэдийн маш их дата мэдээлэл цугларсан байгаа шүү дээ. Үүн дээр AI ашиглан тооцоолол хийдэг систем нэвтрүүллээ гэж бодъё. Ингэж чадвал нийт хүн амынхаа эрүүл мэнд, өвчний байдлыг урьдчилан таамаглаж, өвдөхөөс нь өмнө иргэдийн эрүүл мэндийг хамгаалж болно гэсэн үг.

Нөгөө талаас нарийвчлаад харвал өвчтөн нэг бүрийн онош, өвчний түүх, шинжилгээний бичиг зэрэг дээр үндэслээд тухайн хүний өвчлөл хэр хурдацтай явагдаж байна, эдгэх боломж хэдэн хувьтай вэ гэдгийг тооцоолох бүрэн боломжтой. Энэ бол ганцхан эрүүл мэндийн салбар дээр яригдаж буй жишээ. Цаашлаад зам тээвэр, боловсрол, дуу хөгжим, урлаг, уран сайхан гээд бүх салбарыг AI-гүйгээр төсөөлөхийн аргагүй болж байна.

Холбоотой сэдвүүд

it women in tech инженер

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.