“ТЕЕ Education” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирал, багш Б.Билгүүнтэй ярилцлаа.


"ТЕХНОЛОГИ АШИГЛАСНААР ИЛҮҮ БҮТЭЭМЖТЭЙ, ИЛҮҮ САЙХАН АМЬДАРЧ БОЛДГИЙГ БҮХ ХҮН ОЙЛГОХГҮЙ Ч МЭДЭРЧ БАЙНА"

-Ирээдүйд үнэ цэнтэй байх мэргэжлүүдийн цаана технологи "нуугдаж" байна. Эцэг, эхчүүд үүнийг ойлгож чадаж байна уу? 

-Эцэг, эхчүүд технологи хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Ухаад асуувал бүх хүн мэдэж байгаа. Тариаланч байлаа гэхэд анжсаар газраа хагалах уу, трактороор газраа хагалах уу гэдгээ бодно. Сүүлд өөрөө өөрийгөө удирддаг роботууд гараад, бүтээмжийг нь улам нэмэгдүүлсэн. Технологи ашиглавал би илүү бүтээмжтэй, илүү сайхан амьдарч болно гэдгийг бүх хүн ерөнхийдөө ойлгохгүй ч мэдэрч байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүгд сайхан амьдраасай гэж хүсдэг. 

Технологийн дэвшлийг хэрэглээд, сайхан амьдрах боломжтой. Тухайлбал, UB cub суулгачихсан таксины жолооч нар энгийн таксины жолооч нараас бага мөнгө олж байгаа бол UB Cub-ийг эхлүүлсэн хүмүүс илүү их мөнгө олж байна. 

Иймд ядаж хэрэглэ, бүр боломжтой бол хийж сур. Эцэг, эхчүүд нэг л юмыг ойлгохгүй байна. Хүүхдүүдийнхээ амьдралыг алга урвуулахын дайтай өөрчилж болно гэж бодоод, хүлээгээд байдаг. Жишээ нь, есдүгээр ангийн хүүхэдтэй эцэг, эхэд “Хүүхдээ англи хэл сургаач, IELTS-д бэлтгүүлээч” гэхээр “11 дүгээр анги төгсөхөөр нь болно” гэдэг. Тэд хүүхдээ сургууль төгсөхөөр нь өөрөө хөөцөлдөөд сургуульд оруулаад болчихно гэж бодоод байдаг. 

Яг үнэндээ гурав, дөрвөн насны хүүхдүүдийг харахад хэн ч болж болохоор мундаг потенциальтай байна. Мундаг бүжиглээд, дуулаад байна. Гэтэл тэр хүүхэд 40 насандаа эцэг, эхтэйгээ амьдарсан, гэр бүлгүй, цалин мөнгө муутай хүн болчихлоо гэж бодъё. Тэр үед эцэг, эх нь хаана алдаа гаргачихав аа гэхээр яг өөрсдийнх нь бодож байгаа шиг тэр хүүхдийн амьдралыг гэнэт нэг өдөр өөрчлөөд, эсвэл гэнэт нэг том алдаагаар амьдралыг нь сүйрүүлчихдэг биш болж таарч байна. 

Өдөр бүрийн жижиг алдаанууд цугласаар байгаад тэр авьяастай, гурван настай хүүхдийг ирээдүйд орлогогүй, ажилгүй 40 настай хүн болгоно. Тэгэхээр эцэг, эх “За маргааш, дараа жил, за ингэж байгаад болох байлгүй” гэсээр, нэг өдөр, хоёр өдөр, гурван жил алдаж явсаар байвал нэгэнт өөрчлөгдөхөөсөө өнгөрдөг. Амьдрал дээр ийм жишээ маш олон.

-Бид хүүхдүүдээ технологиос хол бай гэж үглэж дууллаа ч ирээдүй нь технологитой холбогдоно шүү дээ. Гэтэл яг энэ насны хүүхдүүд гадаадад учраа олоод, код бичээд явж байна. Бид яг одоо юунаас эхлэх ёстой вэ? 

-Үүний цаана хүмүүсийн зан төлөв биш, биологи явж байгаа юм. Хүний тархи тодорхой түвшинд хүрээд, шинэ зүйлсийг эсэргүүцэж эхэлдэг. Залуу насандаа хөгжим, рок дуу, хип хоп сонсоод, шинэ гарсан урсгалуудыг бүгдийг нь мангар юм, ёстой ойлгохгүй юм гэдэг. Яг энэ үед хүмүүс хөгшрөлт рүүгээ орж эхэлж байна. Шинэ юмыг хүлээж авдаг хүмүүс л залуу сэтгэлгээтэй. Миний үеийн технологи алтан үеийнх нь, хойшоо гарч ирж буй технологи ямар ч хэрэггүй хортой зүйл гэж бодох хүн байна. Гэхдээ хөгшрөлтийг эсэргүүцэх боломжтой. Архи уухгүй, тамхи татахгүй, дасгал хөдөлгөөн хийж л байвал тархины шинэ юм сурдаг gray matter буюу саарал давхарга байна. Тэр байгаад л байвал хүн хөгшрөхгүй. Хүүхдүүд чинь ч бас тийм үетэй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Таны үүсгэн байгуулсан "Tee Education" сургалтын төвд суралцсанаар хүүхдүүд ямар мэдлэг, мэдээлэл олж авч байна вэ?   

-Нэг жилийн дотор бид 600 орчим хүүхэд сургаж байна. Өөрөөр хэлбэл, олон жил үйл ажиллагаа явуулаад тогтсон сургуулиудтай дүйцэхүйц сайн элсэлттэй болсон гэсэн үг. Манай сургалтын төв 8-17 насны хүүхдүүдэд код бичих, программ зохиох, роботик, электроник, инженерчлэлийн суурь ойлголт, мэдлэгийг Харвардын боловсролын сургуулийн Криэтив компютинг хөтөлбөр болон Австралийн Дижитал технологийн боловсролын стандартад үндэслэн боловсруулсан хөтөлбөрөөр олгодог, Монголын цорын ганц сургалтын төв юм.

-Сургалтаа ямар арга барилаар явуулдаг вэ?   

-Би дэлхийн номер нэг физикч, Нобелийн шагналт, Хирошимад хаясан атомын бөмбөгийг зохиогч Ричард Фрэнк гэдэг хүнийг шүтэж явдаг. Түүнээс “Хүнд юм заах хамгийн шилдэг арга юу вэ” гэж асуухад тэрбээр “Яаж ч сургаж магадгүй. Зодсоор байгаад сургаж магадгүй, нөгөөг нь гижигдсээр байгаад сургаж магадгүй" гэж хариулсан байдаг. Багш хүн аль болох олон техниктэй байх ёстой. Магтаалд дуртай хүүхдийг магтаж, төсөөлөн бодоход дуртайд нь төсөөлөн бодохыг нь ашиглуулдаг байх зэрэг маш олон зэвсэгтэй байх хэрэгтэй. 

Бидний сургалтын арга барил project base буюу төсөл төвтэй арга барил юм. Бид “Төсөл чинь энэ байна, чи ийм тоглоом хийх гэж байна, эхлээд тоглоод үз. Ийм тоглоом хийхийн тулд хамгийн түрүүнд хүнээ зурах хэрэгтэйг хэлж ойлгуулна. Том зургаараа тэндээс хүүхдүүд маш олон зүйл сурч байгаа.  

-Хүүхдүүдтэй ойр ажилладаг хүний хувьд энэ зуныг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Манай "Tee Education" сургалтын төв “Нарс” зуслантай хамтраад, өнгөрсөн жилийн зун код бичих төсөл боловсруулж, дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зааж сургасан. Энэ зун тэр төслөө үргэлжлүүлнэ. Манай сургалтын төвд хандаад, зуны сургалтад хамрагдаж цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломж хүүхэд бүрт нээлттэй шүү. 

"КОВИДЫН НӨЛӨӨ, ХОЁР ЖИЛ КАРЕНТИЛСНЫ ХОР УРШИГ ИХ БАЙНА" 

-Та Австралийн дунд сургуулиудад багшилж байсан. Монгол хүүхдүүдийн оюуны чадамж австрали хүүхдүүдийнхтэй харьцуулбал өндөр байж чаддаг уу? 

-Оюуны чадамжийн хувьд ялгаа бараг байхгүй, харин хэлний тал дээр асуудал бий. Дээрээс нь Монгол дорнын соёлтой. Хүүхдүүдийг "Ахмад хүмүүсийг дуугүй сонс" гээд байдаг учраас хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлж, мэдэхгүй юмаа асууж дадаагүй. Энэ нь жаахан төвөгтэй санагддаг. Аливаа зүйлийг сурахад номер нэг асуудал бол зөв асуулт асуух байдаг. Зөв асуултууд нь юу вэ гэхээр ойлгохгүй байгаа бүх юм. Гэтэл манай хүүхдүүд ойлгохгүй юмаа асуудаггүй. Австралид багшилж байхад “Чимээгүй бай л даа” гэхээс нааш хүүхдүүд асууж шалгаасаар байдаг. 

-Асуудал монгол хүүхдүүд бүрэг ичимхийд байна уу, эсвэл технологи мэдэхгүйд байна уу?

-Монголчуудын соёлын л ялгаа. Мэдэхгүй байсан ч чимээгүй суугаад байдаг. Нөгөөтэйгүүр ковидын нөлөө, хоёр жил карентилсаны хор уршиг их байна. Ковидын өмнө долоо настай хүүхдүүдэд ямар нэг асуудалгүйгээр хичээл зааж болдог байсан. Маш хөөрхөн, сэргэлэн байдаг байсан. Даалгавар өгөөд, минутын дараа шалгалаа гэж бодоход хийж чадахгүй бол хажуугийнхаа хүүхдээс энийг яаж хийх вэ, харуулчихаач гэх зэргээр хоорондоо ярьж, сэргэлэн байж, ядаж хуулаад хийдэг байсан. Багшаас ирээд "Энийг хийх гэсэн болдоггүй. Та заагаад өгчих л дөө" гэх хзэргээр их хөөрхөн сэргэлэн байдаг байсан. 

Карентины дараа хүүхдүүд "маанайсан" болчихсон. Одоо долоон настай хүүхэд тэс өөр, даалгавар өгөөд, овоо хийгээд байгаа юм уу гэтэл минутын дараа очоод шалгахаар юу ч хийгээгүй байдаг. “Чи яагаад хийгээгүй юм бэ” гэхээр “Багш аа, би ойлгохгүй байна” гэдэг. Ерөнхийдөө тэр хүүхдүүд "хүн байх"-аа больчихоод байна. Мэдэхгүй байж болно, ядаж хүн байх хэрэгтэй шүү дээ. Ковидын үед карентинд орсон хүүхдүүдээ одоо нийгэмшүүлмээр байна.  

-Технологийн эрин зуунд монголчууд дэлхийтэй хэр хөл нийлүүлж алхаж байна гэж та хэлэх вэ? 

-Зарим зүйл дээр харахад алаг цоог, зарим зүйлтэй хөл нийлүүлээд яваад байна. Тухайлбал, Jet scooter байна. Австралид дөрөв, таван жилийн өмнө хэрэглээнд нэвтэрсэн. Үүний нэгэн адил өдгөө бидний хэрэглээ их. Тухайлбал, Iphone-ийн шинэ хувилбар гарлаа гэхэд бид тэр дор нь худалдаад авчихаж байна. Харин бүтээл тал дээр учир дутагдалтай. 

Автоматжуулсан тариалангийн талбай өдөр, шөнөгүй 24 цаг ажилладаг. Цөөхөн хүн бордоод, услаад, маш их хэмжээний алим хураан авч байхад манайханд бүтээж буй зүйл нэгээхэн ч алга. Бидэнд ядаж 24 цагийн, бүрэн автомат мөөгний фирм байгаа билүү? Мөөгийг чийгтэй байшинд ургуулдаг болчихлоо шүү дээ. Багана дагуу, хэний ч оролцоогүй, 24 цагийн турш ургуулж болж байна. Энэ тал дээр бид их хоцорч байна. 

-Энэ нь бодлого боловсруулах түвшин дэх алдаатай холбоотой байна уу, эсвэл бидний залхуу хойрго байдлын илэрхийлэл үү?

-Бодлого, боловсон хүчин. Төр засгийн бодлого анхдагч шалтгаан байсан байж магадгүй. 40 жилийн өмнөөс төр засаг бодлогоор дэмжих ёстой байсан байж магадгүй. Өнөөдрийн гол шалтгаан гэвэл, өдөржин интернэтэд дэмий “сэлгүүцэж” байхын оронд өөрсдөө судалж ойлгоод, гүйцэж түрүүлэх, хөл нийлүүлэх боломж дүүрэн байна. Гэхдээ бидэнд түүнийг хийж чадах боловсон хүчин алга, яаж олж, ухаж ойлгож, өөрийн болгох вэ гэдэг боловсрол дутаж байна. 

-IT-гийн салбарын өнөөгийн хөгжил бидний төсөөлж байснаас ч илүү хурдацтай явагдаж байна. Сүүлийн үед хүн төрөлхтөнийг гайхашруулах ямар тоног төхөөрөмж бүтээгдэж байна вэ? 

-Монголд IT-г явцуу утгаар нь, их инээдтэй вэб сайт, гар утасны аппликэйшн зэргээр төсөөлдөг. Гэтэл дэлхий дээр "Neurolink" компаниас гаргаж буй, тархины гаралтай бүх өвчнийг анагаах төхөөрөмж байна. Хараагүй хүнийг хараа оруулах байдаг юм уу. Тархинд чип суулгана, тэр нь bluetooth, wi-fi-тай байж болж байгаа байхгүй юу. 

Өнөөдөр хүмүүс өөрсдөө киборг хүмүүс болчихсоноо нэг их анзаарахгүй байгаа юм. Гар утас биднийг хангалттай киборг болгож байна. 

Би таниас 563-ыг үржих нь 400 мянга, тэнцүү хэд вэ гэвэл та гар утсаа гаргаж ирээд, гялс үржүүлээд хэлээд өгч чадна. 100 жилийн өмнө энэ бол боломжгүй байсан. Та цаас, балаа ашиглах байсан байх. Гэтэл одоо гар утас биднийг авч тавьж болдог киборг болгоод, таны хүчин чадлыг нэмчихсэн байгаа биз. Таны хийж чадах юмыг маш хурдан болгосон байна. 

Дээр ярьсан тархины чипийг ашиглаад, таны үржүүлэх тоог утсан дээр чинь бодоод өгчихөж байна. 573-ыг үржих нь 59 гэхэд хариу нь тэр дороо гарч байх жишээтэй. Тийм мундаг хурдан болсон гэсэн үг. Нягтлан бодогч байлаа гэхэд тоог хараад, тооны машин хэрэглэхгүйгээр шууд бодоод явах боломжтой болсон. 

Хүмүүсийн бүтээмжээ алдаж буй гол зүйл бол холбоо харилцаа. Би монгол хэл маш сайн эзэмшсэн байлаа ч бодож байгаа зүйлээ тантай ярилцаж байхдаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. "Neurolink"-ийн чиптэй байсан бол хоёулаа ярилцах шаардлагагүйгээр та миний бодлыг шууд ойлгочихно, нэг ч үг утга санааны зөрөөгүйгээр. 

Ирээдүйд хүмүүс хоорондоо ярилгүйгээр шууд бодлоо дамжуулан шууд ойлгодог болох нь. Би Австралид байдаг найзуудтайгаа мессенжерт бичихгүйгээр бодлоо солилцдог тийм болох тухай ярьж байна. Гэтэл монголчууд бид дөнгөж вэб сайт хийж сурах, аппликэйшн хийх талаар ярьж байгаагаас харахад Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлж алхах арай болоогүй л байна гэж хэлэх байна. 

"IT-ГИЙН САЛБАРТ УЙДАХ ЗАВ ГАРАХГҮЙ"

-Та хэзээнээс яагаад технологийн салбарыг сонирхох болсон юм бэ? 

-Миний хувьд инженер болно гэж бодож мэргэжлээ сонгосон. Инженер гэдэг бүх мэргэжилд хамаатай. Цахилгааны инженер болчихвол тухайлбал, багаж төхөөрөмж хийж байна гэдэг нь би эрүүл мэндийн салбарыг давхар судалж байна гэсэн үг болно. Ерөнхийдөө инженер өөрийн мэдлэгээ ашиглаад, хүмүүсийн туулж буй амьдралыг тухтай болгох, амьдралын чанарыг сайжруулах ажил хийдэг гэж бодоод, дэлхийн ТОП 50 их сургуулийн нэг нэг болох Австралийн Квийнслендийн их сургуулийг компьютер болон цахилгааны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн. 

Тэнд сурч байхдаа Австралийн 10 жилийн 20 орчим дунд сургуульд хоёр жил багшилсан. Буцаж ирээд, хүүхдүүдэд дижитал технологийн боловсрол олгох хэрэгтэй юм байна гэж үзээд, сургалтын төв нээн ажиллуулж байна. 2019 оноос хойш ажиллаад, дунд нь ковидын үед үйл ажиллагаагаа түр зогсоосон. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 

-Яагаад мэдээллийн технологи чухал вэ? Бид түүнийг илүү хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж та боддог вэ? 

-Би 2015 онд Австралид очсоныхоо дараа анх удаа код бичиж үзсэн. Тэр цагаас хойш мэдээллийн технологийн инженер мэргэжлийг илүү сонирхох болсон. Цахилгааны, химийн, технологийн инженерүүд нэг л авцалдахгүй байсан бол IT дээр нийлж байсан. Мэдээллийн технологи бусад бүх инженерийн салбар руугаа яваад орчихож байгаа юм. Тухайлбал, химийн инженерүүд эм хийдэг. Эм хийхдээ программ бичдэг. Барилгын инженер барилга барьдаг, смарт гэрийн автомат хэрэгсэлтэй, гэрээсээ домофоноор ярьдаг гээд бас IT болдог. Тэгэхээр бүх мэргэжлийн суурь инженерүүд байж болдог гэж бодсоны үндсэн дээр IT сонирхох болсон. IT уйдаахгүй, энэ салбарт уйдах зав гарахгүй. 

Австралид миний ажиллаж байсан компани улирал бүр хөтөлбөрөө шинэчилдэг байсан учир бидний хөтөлбөр хамгийн сүүлийн үеийн технологиос хамгийн ихдээ 13 долоо хоногоор л хоцордог байсан гэж хэлж болно. Энэ бол одоогийн 10 жил буюу 520 долоо хоногийн хоцрогдолтой харьцуулахад маш том дэвшил. Тиймээс стандартыг гаднын орноос авч нутагшуулаад, хөтөлбөрийн боловсруулалтыг хувийн хэвшилд өгч, өрсөлдөөний журмаар шийдэх нь зөв гэж боддог. Мэдээж, хэрэг стандартын дагуу мэдлэг олгож байгааг сурагчдын тестийн хариунаас дүгнэлт хийж мэднэ.