М.Наран: Хүүхэдтэйгээ хамт тоглож, чанартай цагийг өнгөрүүлэх нь бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх суурь болдог

Уурлах уу, учирлах уу булангийн ээлжит дугаарт хоёр хүүхдийн ээж, “Хамтдаа тоглоё” номын зохиогч М.Нарантай ярилцлаа. Тэрбээр хүүхэдтэйгээ хамт тоглонгоо хэрхэн бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлж, чанартай цагийг өнгөрүүлдэг туршлагаа хуваалцсан юм. 

Хүүхдийнхээ нуугдмал нандин чанарыг хамт тоглохдоо нээдэг

Би хоёр хүүхдийн ээж. Тэдэнтэйгээ хамт тоглож байхдаа хүүхэд ямар сониуч, тэд төсөөллийн ертөнцдөө яаж бүтээлчээр сэтгэдгийг олж харсан.  

Охин маань 3 настай байхдаа хогийн шүүрээ барьчхаад дуулаад зогсчихдог. Үгээ тод хэлж чадахгүй ч “За одоо дуулна” гэж зарлаад дуулна. Тэр үед охин минь өөрийгөө тайзан дээр зогсож байгаа дуучин гэж төсөөлж байгааг ойлгосон. Ингэж л хүүхдүүдийнхээ төсөөллийн гайхалтай ертөнцөөр хамтдаа аялж эхэлсэн дээ. 

Бичлэг үзэх:

 

Томчууд бидний нүдэнд дүрсгүйтээд, гэр орноо “буулгаад” байгаа мэт харагдавч хүүхдүүд төсөөлөлдөө маш их эрэл хайгуул хийж байдаг юм байна.  Хүүхдүүдийнхээ дурсамжтай мөчүүдийг нийлүүлээд “Хамтдаа тоглоё” номоо гаргахаар шийдсэн. Бусад аав ээжүүд сэдэл аваад хүүхэдтэйгээ хамт тоглоосой. Хүүхдийнхээ тэр гайхалтай нандин чанарыг олж харахад энэ ном маань багахан ч гэсэн тус болно гэж итгэж байна.

Гэнэн томоогүй насанд нь амжиж хамтдаа тоглож, хөгжилдөөрэй

Тоглоомын талбай дээр хүүхдээ салхилуулангаа бусад хүүхдийг, ээж аавуудыг ажигладаг л даа. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглох нь багассан, тоглолоо ч хүүхэдтэйгээ харилцаж, ярилцдаг ээж аав цөөхөн харагддаг. 

Хүүхдээ гулсах гэхээр нь “Хүүе боль, боль хувцсаа муухай болгочихно” гэнэ. Зарим нь утсаа оролдоод суучихдаг. Эсвэл хаа нэг буланд нуугдаад тамхи татаж байгаад хүүхдээ аваад ордог хүмүүс ч байна. 

Нэгэнт л хүүхэдтэйгээ тоглох гээд гараад ирсэн бол минут, секунд бүрийг чанартай ашиглаасай гэж боддог. Хүүхэд тань гэнэн томоогүй, хүүхэд зангаараа удаан байхгүй шүү дээ. Нэг мэдэхэд л өсөж томроод, биеэ даагаад явна. Тиймээс энэ үед нь хамтдаа тоглож, хөгжилдөөрэй. Надад бол “Би чамд хайртай шүү, хүүгээрээ бахархдаг шүү, тэвэрье,” гэж хэлэхээс илүүтэйгээр “Хоёулаа хамтдаа тоглоё” гэх нь хүүхдийг илүү баярлуулдаг юм шиг санагддаг. 

Манай охин гэхэд гадаа гарахаараа зайрмаг зарж тоглох дуртай. “Зайрмаг аваарай, зайрмаг аваарай” гээд орилно. Би тойрч хэсэг алхаж байгаад “Хэд вэ, нэгийг авъя” гээд л тоглож байгаа юм. 

Хамгийн  гол нь хүүхдүүд нэг нэгэндээ дүр оноож, одоо та ингэ, тэгж хэлээрэй гээд өөрсдөө чиглүүлээд тоглодог. Тэгэхээр ээж аавууд яаж тоглох юм бэ, мэдэхгүй шүү дээ гэж санаа зовох хэрэггүй. Хэсэг хугацаанд л хүүхдийнхээ үгэнд ороход болчихно.

 Утас өгөхгүй л бол уйлж, орилдог бол ээж аав таны буруу

Зарим эцэг эх хүүхдэдээ тоглоом авч өгөөд байхад л тогоо шанагаар тоглоод, “заваараад” үймүүлэх юм гэж цааргалдаг. Танай гэр эмх цэгцгүй, заваан байх нь асуудал биш. Хүүхэд ингэж хөдөлгөөнтэй тоглох нь чөлөөтэй сэтгэж, аливаа юмыг бүтээлчээр хөгжүүлэх чадвартай байна гэсэн үг.

Харин гэр чинь музейд ороод ирсэн юм шиг шил толь байвал асуудалтай байхыг үгүйсгэхгүй. Хүүхэд тань нэг байрандаа л суугаад зурагт, утас үздэг, дэлгэцийн хамааралтай болсон байх вий.  Утас өгөхгүй л бол уйлж, орилдог бол ээж аав таны буруу шүү.  Цагаан цаас шиг хүүхдийг ингэж сургасан хүн нь та. 

Хэсэг хугацаанд л саатуулж, чимээгүй байлгах гэж биеийн амрыг хараад байвал хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг нь хайрцаглаж буй хэрэг. Нэгэнт л эцэг эх нь, асран хамгаалагч нь юм чинь сатааруулах өөр арга олох хэрэгтэй. 

Хамтдаа тоглоход 5-10 минут л хангалттай

Миний зүгээс хамтдаа тоглох аргыг зөвлөе.  Ээж аавтайгаа, эгч ахтайгаа хамт тоглох үед хүүхдийн оюун ухаан тэлж, хэл яриа, бие бялдар нь давхар хөгждөг. Хэлд ороогүй жоохон хүүхэд байсан ч бага багаар өөрийгөө илэрхийлж сурдаг олон талын ач холдогдолтой. 

Хүүхэд хүмүүжлийн мэдээлэл уншиж байхад ч ээж аав нь хамт тоглосноор хүүхдийн идэвхийг нэмэгдүүлж, оролцоог нь сайжруулдаг гэж үздэг юм билээ. Тиймээс эцэг эхчүүд гэлтгүй ах эгч нь, эмээ өвөө нь хүүхэдтэйгээ чанартай цагийг өнгөрөөдөг байгаасай, хүүхдийнхээ бүтээлчээр тоглохыг дэмжиж байхыг уриалъя.

Сануулахад, хүүхдэдээ цаг гаргана, хамт тоглоно гэхээр заавал нэг өдөр зоож, цаг гаргаж, ажлын хажуугаар яаж амжуулах уу гэж хүндрүүлэх хэрэггүй. Түгжрээнд зогсохдоо машин дотроо, гадаа алхахдаа бүр хоол хийж, төмс арилгахдаа ч тоглож болдог. Унтахаасаа өмнө эвлүүлдэг тоглоомуудыг нь дэлгэж тоглочхоод буцааж хураахад  5-10 минут л хангалттай шүү. 


"Хамтдаа тоглоё" номыг авахыг хүсвэл: 

Интерном -7577-7700 

Аз Хур номын их дэлгүүр - 7000-4343

GEREN - Хүүхдийн зурагт номын мухлаг - 9961 2006

Альфа номын дэлгүүр- 9067 9988


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.