Биологийн ухааны доктор профессор, дендрологич Б.Чимидээс  мод үржүүлэгийн талаар тодрууллаа. 

-Мод тарих улирал эхэлж байна.  Ямар мод тарихыг зөвлөх вэ?

-Хүрээлэн буй орчноо бохирдол багатай байлгаж, өөрсдөө ч тав тухтай амьдрахын тулд  хийх энгийн зүйл олон бий. Тэр чинээгээрээ айлын амьдрал байгаль орчин, экологид ээлтэй, амьжиргаа нь чанартай болно шүү дээ. Зарим нь мод тариад яахав дээ, жимсний мод тарилаа гэхэд хотын бохирдолтой орчинд жимсийг нь идэх биш гэдэг.  Жимсийг нь идэхгүй юм гэхэд орчноо сайжруулах энгийн арга шүү дээ. Гэр хороолол гэлтгүй орон сууцны айлын хүүхдүүд тоос шороон дунд шахуу тоглож, өсөж байна.

Ийм орчин хөгжил төлөвшилд нь ч эрүүл мэндэд ч муу шүү дээ. Хашаандаа мод сөөг тарьж тохижуулаад зам талбай гаргаад, хүүхэд тоглож наадах, өвгөд эмгэд нарлах орчинг бүрдүүлвэл сайхан. 

Хайлаас, улиас, нарс, шинэс мод таривал цэвэр агаар ялгаруулж, тоосжилт дардаг гээд ач тус ихтэй. Харин чацаргана, үхрийн нүд, монос, тошлой зэрэг жимсний модод нь өнгө үзэмж сайтай, хүний амьжиргаанд хэрэгцээтэй. Тэгэхээр экологид, амьжиргаанд ээлтэй моддыг хослуулан тарих хэрэгтэй. 



-Манайхан жилдээ нэг удаа мод тарьдаг ч тэр бүр үр дүнгээ өгөхгүй байх шиг байна. Үүний цаад шалтгааныг та хэрхэн хардаг вэ

- Ойрын хэдэн жилд мод тарьж, хашаагаа тохижуулах хүмүүс нэмэгдэж байгаа нь олзуурхууштай.

Ихэнх айлууд 0,07 талбай хашаатай, газраа чамлаж  "Энд юу л ургаа аж" гэж шалтаглан хойрго ханддаг тал бий. Хэдийгээр 0,4 том газар биш ч мод сөөг тарьж тохитой орчин бүрдүүлэхэд боломжийн талбай шүү дээ.

Үнэнийг хэлэхэд өөрөө тарьж сурахсан гэж мэрийх нь ховорхон байна. Бэлэнчлээд "Мод тарьж өгөх хүн олж өгөөч, яаж тарьдаг юм, бид мэдэхгүй байна" гэдэг нь олон. Дийлэнхийн амьдрал тааруухан, дээр нь сэтгэлгээний ядууралтай нийгэмд ажил хийх хүн олдохгүй болжээ. Зовохгүйгээр амьдрах аргад шилжих гэж их багагүй зүтгэж байна. 

Хатуухан хэлэхэд уул уурхайг ч, эх орноо ч зараад бэлэн их хоолтой болохын хүслэн болжээ. Хүн хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж байж хангалуун сайхан амьдрах ёстой. Хэн ч айлын хашаанд орж мод тарьж өгөхгүй.

Бид чинь түүхэн хоцрогдлоосоо гараагүй байна. Өглөө босоод ачаалаад нүүх гэж буй жинчний сэтгэлгээтэй байгаа учраас сайхан тохитой орчин бүрдүүлж чадахгүй, хүсдэггүй юм. Бид хашаагаа тохижуулах талаар бараг мэдлэг, мэдээлэлгүй шахуу байна.


-Экологийн боловсрол тааруу байна гэсэн үг үү?

Наад зах нь хуш мод тарихаар самар, монос модноос мойл ургадгийг мэдэхгүй хүмүүс бий. Энэ нь нийт иргэдийн экологийн боловсрол муу байгаагийнх.

Хот тохижилтын ажилчид хэчнээн их мод тарьлаа ч иргэд нь мэдлэггүй бол энэ хоцрогдлоос гарч чадахгүй. Тэгэхээр боловсрол, гэгээрлийн үүднээс Байгаль орчны  яам, орон нутгийн захиргаа гээд үндэс сууриараа дорвитой ажил өрнүүлж байж өөрчлөгдөнө. 


-“Айл бүрд нэг мод тарья” хөтөлбөр хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Энэ хэр үндэслэлтэй ажил вэ. Айлууд нэг, нэг модтой болчихвол болно гэсэн үг үү?

- Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг биз дээ. Мод ургамал гэдэг ханьдаа ургадаг эд. Ганц модоор яах юм.  

Нийслэлд өмнө айлын хашааг жимсний модоор цэцэрлэгжүүлэх төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. Ёстой болдоггүй юм билээ. Тарьж өгсөн модны тогоо руу угаадсаа хийгээд хөлдөөчихдөг хүмүүс ч байсан.

Тэгэхээр айл бүрд ганц ганц мод тараах юм бол зүгээр л хайран хөрөнгө л урсана гэж хэлмээр байна.


-Ямар ажил хэрэгжүүлвэл үр дүнтэй байх бол?

-Ул суурьтай хэрэгжихүйц ажил хийх хэрэгтэй. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулиудын хашаанд 30-40м2 талбайтай бичил мод үржүүлгийн газар байгуулаад амархан ургадгаар нь хайлаасыг үрээр нь тарьчих. 

Жил бүр ийм хэмжээгээр нэмээд байвал дээрх хэмжээний талбайд гэхэд 10 мянган хайлаас ургана шүү дээ. Цаашлаад бүх аймгуудыг мод үржүүлгийн газартай болгоё. Аймаг бүрд ойжуулагчийн МСҮТ байгуулъя. Ийм л арга замаар шийдвэрлэнэ. Түүнээс биш бүх айл ганц мод тариад нэмэр болохгүй гэдгийг итгэлтэй хэлье.


-Одоо хавар болж, мод тарих тохиромжтой үе эхэллээ. Хашаагаа тохижуулах бодолтой хүмүүст юу зөвлөх вэ?

-Орчноо цэцэрлэгжүүлэх бэлтгэлийг эртнээс хангах хэрэгтэй. Хийх гэж байгаа зүйлийн талаар мэддэг хүнээс зөвлөгөө аваарай. Мод тарьна гэдэг газар ухаад, мөчир зоохоор болчих зүйл биш  юм. Модоо сайхан ургуулахад суулгац материал, хашааны хэмжээ, услах ус, хамгаалалт гээд их юм нөлөөлнө. Тэр бүгдийг нэг мөр бэлтгэж байж эхлээрэй. Үүнийг мэдэхгүйгээсээ төрөл бүрийн мод аваад л мөнгөө үрэх нь бий. 

Модыг үрээр тарих уу, үрслэгээр тарих уу  гээд сайн судлаарай. Мэдэхгүй бол нэрэлхэлгүй мэддэг хүнээс асуух хэрэгтэй.


-Ойгоос мод авчирч шилжүүлэн суулгах нь зөв үү. Зарим хүн эдгээр мод 2-3 жил болоод үхчихдэг юм, хайран мод гэж шүүмжилдэг?

- Том модыг байгалиас шилжүүлэн суулгаж орчноо чимдэг нь нэгэнт тогтсон ёс.

Улаанбаатар хотын гудамжинд байгаа шинэс, нарс, гацуурыг 1950-иад онд ойгоос, бүр Богд уулаас авч суулгасан моднууд шүү дээ. Тухайн үед нэг машин дээр нэг мод, нэг морин тэргэн дээр нэг мод ачих маягаар авч ирж суулгасан байдаг. Эдгээр мод одоо хотыг чимж байна. 

Дараа нь таримал улиасаар хот цэцэрлэгжүүлэх ажил эрчтэй хөгжсөн юм. 2016 оноос манай хот, ойгоос таримал  модыг сийрэгжүүлэх журмаар авч шилжүүлэн суулгасан. Нийт 14.000 ширхэг, 4-6 метр өндөртэй нарс мод шилжүүлэн суулгаж хотоо чимсэн. 98 хувийн ургалт үзүүлсэн. Саяхан ногоон модоо угаалаа. Маш сайхан харагдаж байна билээ. 

Энэ авсан хэмжээний мод ойд бол 10-аадхан га-д л байдаг мод. Гэтэл ойн нөөц хорогдчих юм шиг, экологид их хохирол учрах юм шиг судлаагүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй атлаа цээжний пангаар ярьж, түүнийг нь хүмүүс үнэн мэт ойлгож ажилд их саад болсон доо.

Уулнаас мод авах нь Увс нуураас шанагаар ус хутгасантай адил гэж би хэлдэг. Байгальд аяндаа ургаад нягтарчихсан модноос сийрэгжүүлэн авах нь ойн нөөц болоод улсын эдийн засагт ч тустай. 

Сийрэгжүүлсэн ойн чанар дээшилж ургац нь нэмэгддэг.  Иймд мод шилжүүлэн суулгах ажлыг харин ч дэмжих ёстой. 

Түүнчлэн өнөө маргаашгүй бульдозороор түрээд ашиглах  уурхайнууд, өндөр хүчдэл, авто, төмөр замын ажлын дагуух ой, түймрийн халз гээд авч болох ойн хэсэг бас бий. Гэтэл тэндээс ав, ийм ой байна гэдгийг мэдээлдэг нэг ч байгууллага, ойн бодлого байхгүй нь харамсалтай.