Дэлхий даяар цар тахал хөл хорионы улмаас эдийн засгийн хүнд цохилтод орж, олон мянган хүн ажлын байраа алдсан билээ. 

Монголын хувьд ч орлогогүй ААН-үүд ажлын байраа авч үлдэхээр хичээж нөгөө хэсэг нь хаалгаа барих дээрээ тулсан хүнд үеийг даван туулж байна.

Энэхүү амаргүй үед манай залуус чимээгүйхэн ажиллаж хөдөлмөрлөн олон улсад Монгол Улсынхаа нэрийг таниулж, сурталчилж явна. Тэдний нэг нь “Лхамур” үндэсний органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч юм. 

Үүсгэн байгуулагч Д.Хулан нь үйлдвэрлэлээ 2014 онд гэрийнхээ гал тогооноос эхэлсэн түүхтэй. Д.Хулангийн хувьд үндэстнийх нь онцлогт тохирсон түүхий эд харшил үүсгэдэггүйг баталж, монгол хэрэглэгчдийн савангийн талаарх хандлага, ойлголтыг өөрчилж чадсан юм.

Өнөөдрийн байдлаар тус брэнд гурван нэрийн дэлгүүр, чамгүй олон салбартай болж өргөжиж Монголдоо 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Олон хүнийг загатнах, харшлах зовлонгоос салгасан “Лхамур” брэнд хэрэглэгчдийн хүрээгээ тэлж олон улсад экспортын гарцаа нэмэгдүүлж буй. Томоохон өрсөлдөөний талбарт “Органик, хог хаягдалгүй, идэж болох бүтээгдэхүүн” гэдгээрээ танигдсан энэхүү жижиг дунд бизнесийг гадны томоохон хэвлэлүүдэд онцолж бичсээр байна.

Тухайлбал саяхан Сингапурын хэвлэлийн хуудаснаа “Лхамур”-ын байгалийн гаралтай савангуудыг нь харшилтай арьсанд нэн тохиромжтой гэж онцлон бичжээ.

Үүнээс гадна Япон улс тус брэндийн нохойн хошуутай нүүрний суурь тосыг хүний эрүүл мэнд, байгальд дэлхий, тогтвортой хөгжилд эерэг хувь нэмрээ оруулж буй бүтээгдэхүүнээр тодруулсан юм. Ийнхүү Монголоос анх удаа Японы органик бүтээгдэхүүний дээд шагнал авсан баяртай мэдээ дуулгая.

Мөн сарын өмнө Тайландын Harpers Bazaar хэмээх алдарт сэтгүүл чацарганы тостой биеийн өтгөн тосыг нь өвлийн улиралд хуурайшлаас хамгаалах чухал бүтээгдэхүүний тоонд багтаажээ. Монголын жирийн нэгэн жижиг дунд үйлдвэрлэгчийн хөдөлмөрийн үр дүн болсон органик бүтээгдэхүүн ийнхүү олон улсын алдартай брэндүүдтэй зэрэгцэж байршиж байгаа нь анхны тохиолдол билээ. 

Энэ бол Монголоор овоглосон олон улсын брэнд бий болгохыг зорьж ажиллаж буй залуусын мөрөөдлийн эхлэл билээ.

Үнэндээ бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж өчнөөн жил ярьж ирсэн. Гэвч төрийн бодит дэмжлэг байхгүй шахам, нэмээд татварын орчин, хууль дүрэм, улстөржилт нь улам ч төвөг уддаг нь өнөөгийн бодит байдал билээ.

Гэсэн хэдий ч иймэрхүү Лхамур шиг олон бизнесүүд бор зүрхээрээ хөдөлмөрлөж, бизнесээ хөгжүүлж, ЖДҮ-ийн амаргүй давааг даван туулж хэрэглэгчдийн хүрээгээ тэлсээр байгаа нь олзуурхууштай.

Тэд бол нэмүү өртөг, технологи шингэсэн бүтээгдэхүүнүүд гаргаж, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, эх орондоо валют оруулж ирж байгаа жинхэнэ үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид юм. 

Амаргүй ч гэсэн “Лхамур”-ын гаргасан замаар, түүн шиг үйлдвэрлэгчдийн замаар урагшлан тэмүүлэгчдэд олон боломж харагдаж байна. Энэхүү амжилт нь олон жил бидний ярьж ирсэн эдийн засгаа солонгоруулах алхам билээ.
Бид экспортонд гараад байвал эдийн засгийн хүнд хэцүү үеийг төвөггүй давах боломжтой билээ. Тиймээс чимээгүйхэн шиг хичээж яваа экспортлогч компаниуддаа үүгээр дамжуулж баярлалаа гэж хэлье!