Монгол уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн түгээнэ

Х.Оргил
06 сарын 21, 2019

Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурлын оролцогчдод илгээлт хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурлын оролцогчдод хандан илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

“Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Монголын Уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний Олон улсын II их хуралд хүрэлцэн ирсэн дотоод, гадаадын эмч, эрдэмтэд, судлаачид, эрүүл мэндийн салбарын ажилтнууд аа,

Дэлхийн түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулаагүй нэг ч үндэстэн, угсаатан байхгүй. Бидний өвөг дээдэс ч түүхийн нэг хэсгийг бүтээлцэж, “Монгол” гэсэн нэрийг яруу алдраар мөнхлөн үлдээжээ. Монголчуудын бүтээсэн түүх, соёлын үнэт зүйлийн дотор хүний өвчин, зовлонг илааршуулан эдгээдэг, эрүүл хэвийн амьдрах зан үйл, ёс заншил, өвчнөөс сэргийлэх арга замыг зааж үлдээсэн тэжээхүй ухаан, анагаах урлаг онцгой байрыг эзэлдэг билээ. Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчууд бидний оршин тогтнохуйн эх үндэс, эрүүл амьдралын мөн чанар, хэв маягаас үүдэж хөгжсөн хосгүй шинжлэх ухаан төдийгүй, улс үндэстний маань тусгаар тогтнол, удам судрын хэлхээг дархлаажуулан баталгаажуулдаг нандин өв мөн.           

Нүүдэлчдийн тэжээхүй ухааны гол цөм болсон Монголын уламжлалт анагаах ухаан нь өвөг монголчуудын оюун билиг, хичээл зүтгэл, амьдрал практикаар шалгагдан шигшигдэж, цаг хугацааны урт шалгуурыг даван, олон зууныг туулан ирэхдээ хөгжин цэцэглэх, гандан буурах түмэн нугачааг даван 5000 жилийн түүхэн хөгжлийг бүтээжээ. Түүхийн энэхүү урт хугацаанд үе үеийн анагаагч, засалч, бариач, хөнгөжүүлэгч, эмч, эрдэмтэд өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэргийлэх олон арван аргыг үүдэн бүтээж чадсан бөгөөд өнөөдөр ч эдгээр аргуудыг хүн амын эрүүл мэндийг бататгах, хамгаалах үйлсэд хэрэглэж байгаа нь бахархалтай юм.

Энд хүрэлцэн ирсэн Та бүгд, Монголын анагаах ухаанаар овоглодог хэн бүхэн өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлын өвийн чухал хэсэг болсон тэжээхүй ухаан, урлагийг эзэмшин хүн амд үзүүлэх уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх талаар хүчээл зүтгэл гаргаж байгаад талархал илэрхийлье.   

Анагаахын гүн ухаан, онол, оношилгоо, эмчилгээний өвөрмөц аргаа олон зууны турш хадгалан хөгжүүлж, судар номдоо бичиж, баринтаглан уламжлуулсаар ирсэн Монголын уламжлалт анагаах ухаан XX зууны эхнээс өрнийн анагаах ухааны онол, эмчилгээний аргуудтай зэрэгцэн хөгжих боломж бүрдсэн ч харамсалтай нь үзэл суртлын урагшгүй бодлогын улмаас ламын эмнэлэг, шашныг түгээх хэрэгсэл гэдгээр хавчигдан гадуурхагдаж, 60 гаруй жил зогсонги байдалд орсон билээ. Гэвч 1990 оноос уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх бодлого тууштай хэрэгжиж, улмаар Монгол Улсын Их Хурлын 1999 оны 46 дугаар тогтоолоор “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлан хэрэгжүүлсэн нь шинээр хөгжиж буй уламжлалт анагаах ухааныг өнөөгийн хөгжлийн түвшинд хүргэхэд чухал нөлөө үзүүлжээ. Гэхдээ бидэнд тулгамдсан асуудал, цаашид хийх зүйл, хэрэгжүүлэх ажил олон буйг дурдах нь зүйтэй.

Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжил эзэмшсэн олон арван эмч нар гадаад оронд үр бүтээлтэй ажиллаж, тухайн орны хүн амын эрүүл мэндийн төлөө нэр төртэй ажиллаж байгаа ч тэдний ажиллах нөхцөл, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг албан ёсны болгох, уламжлалт эм найрлагыг экспортод гаргах асуудлыг цэгцлэн хуульчлах явдал нэн тулгамдаад байна.

Түүнчлэн уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтыг чанаржуулах, сурвалж бичиг, түүхийн судалгааг өргөжүүлэх, нийгмийн ухаан, түүх, археологи, хэл зохиолын салбарын судалгааны ажлын үр дүнтэй уялдуулахыг онцгой анхаарах нь зүйтэй.

Өнгөрсөн зуунуудад бүтээгдсэн уламжлалт анагаах ухааны судар ном, сурвалж бичгийн судалгааг хийх, шинэ санаа, шинэ брэнд нээн илрүүлэх, уламжлалт анагаах ухааны өв сан, судар ном, эд зүйлийг цуглуулах, хамгаалах, хадгалах, судлах ажлыг хийж, ховор ном судрыг орчуулж, нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх нь уламжлалт анагаах ухааны эмч, судлаач, эрдэмтдийн эрхэм үүрэг байх ёстой. Энэ тухайд Төрийн тэргүүний зүгээс Монгол уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн түгээх ажлыг санаачлан Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас дэмжиж, 2019-2021 онд багтаан хэрэгжүүлэх болсонд баяртай байна.

Эрхэм нөхөд өө, хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрдэм шинжилгээний олон улсын II их хурлаараа уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдалд үнэлгээ өгч, тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээ, бодлогыг оновчтой томьёолон, хэрэгжүүлэх арга замыг нухацтай хэлэлцэн шийдвэрийн төсөл, зөвлөмж гаргана гэдэгт итгэж байна.

Монголын уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний олон улсын II их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эрдэм ухаан, сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэжээ.

Холбоотой сэдвүүд

п.баатар уламжлалт хоол хүнс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.