Х.Оргил
02 сарын 03, 2020
Зохисгүй хооллолт, түүнээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл, зөв хооллох дадал, хоол хүнсний хэрэглээг амьдралдаа хэвшүүлэхийн ач холбогдлын талаар “Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ-ын гишүүн, “Медипас” эмнэлгийн Гастроэнтеролог, дурангийн тасгийн эмч Т.Цэрэнтогтохтой ярилцлаа.
-Эрүүл зөв хооллолтын тухай уриалга, санаачилга, зөвлөмж зөвлөгөө сүүлийн үед их яригдах боллоо. Бид ер нь буруу хооллоод байна уу?
-Эрүүл хооллолт гэдэг зарим нэг хүний өнгөц ойлгодог шиг моод эсвэл чамирхал биш. Энэ бол хүн эрүүл аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн, урт удаан наслах уу эсвэл өвдөж зовж, насаа богиносгох уу гэдэгтэй хамааралтай маш чухал дадал, хэвшил юм. Харамсалтай нь бид зүй зохисгүй хооллолтоос болж өвдөж байна. Хоолоор хүнийг аварч болно, хорлож ч болно гэдэг дээ. Тэгэхээр чухал асуудал байгаа биз. Энгийн зүйлээс эхлэх ойлголт шүү дээ. Тухайлбал өсөх насандаа зөв зажлах дадалд сураагүйгээс шүдний өвчлөл, эрүүний гажиг, амны хөндийн өвчин үүсгэх шалтгаан болдог. Хүүхдүүдээ бид амтанд хэт дурлуулж, биеэ эрүүл байлгах ухааныг ойлгуулж, дадуулахгүй байна.
Үүний уршигаар монголчууд бид өнөөдөр ходоодны хавдраар дэлхийд хоёрдугаарт, элэгний хавдраар нэгдүгээрт, улаан хоолойн хорт хавдраар дөрөвдүгээр байранд орж явна. Бас цөсний хүүдийний чулуутай, нойр булчирхайн үрэвсэлтэй болох нь элбэг тохиолдол болсон, түүнчлэн бүдүүн гэдэсний хавдар ч огцом нэмэгдэж байгаа. Үүний голлох шалтгаан нь бидний хоол боловсруулахад оролцдог эрхтнүүдийг гэмтээдэг хоол, хүнсний хэрэглээ их байгаад юм.
-Тэгвэл юуг ойлгосноор бид эрүүл амьдрах вэ?
- Нэн түрүүнд буруу зуршил, дадлаа таньж ойлгон залруулахаас эхлэх хэрэгтэй.
Тухайлбал бид хоолоо сайн зажилдаггүй, идэнгүүтээ хэвтдэг, хоолоо хэт халуунаар ууж иддэг ард түмэн. Бас ямар төрлийн хоолыг ямар цагт идэх ёстойгоо мэдэхгүй байна. Амтлах хийгээд, залгих хоёрын ялгааг ойлгохгүй иддэг гэвэл буруудахгүй.
Амтлах бол амны хөндий, хэлний мэдрэхүйгээр мэдэрч байгаа, залгих гэдэг бол бие эрүүл байлгах ухаан байх учиртай юм.
Бид хоолны найрлага, зохицлын тухай ойлголт тун багатай. Ер нь бид идэх гэж амьд яваад байна уу амьд явах гэж идэж байна уу гэдгээ сайтар эргэцүүлэх цаг болжээ. Ний нуугүй хэлэхэд Монголчууд бид болох болохгүй юм идэж, өөрийгөө “хордуулж” өвтгөөд, болох болохгүй үг хэлж, бусдын сэтгэлд сэв суулгаж амьдраад байгаа нь харамсалтай.
-Зөв хооллоно гэдэг тэгэхээр юу идэхээс гадна яаж идэхтэй холбоотой байж нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Хоолыг хов ярьж, телевиз, утас үзэнгээ идэх нь тохиромжгүй. Харин сэтгэл зүйн хувьд анхаарлаа төвлөрүүлж, амтархаж, талархахын сацуу хамгийн гол нь удаан зажилж идэх хэрэгтэй.
Хүүхдийг багаас нь хоолоо зөв зажилах, зөв хооллох дадалд сургамаар байна. Бид махан хоолыг 40-50, ургамлын гаралтай хоолыг 20-30 удаа зажилж идвэл сайн. Мөн хоолны дараа тамхи татах нь шингэцэд сөрөг нөлөөтэй. Хоол идэнгүүтээ хэзээ ч хэвтэж болохгүй. Энэ нь өвчин болгоны үндэс, шалтгаан болдог. Оройн 7 цагаас хойш махан хоол идэх нь буруу. Учир нь ходоодонд хоол хонож, амрах боломжгүй.Үүнээс болж өглөөд цанхайж, огих, өглөөний цайгаа уумааргүй цатгалдах шинж илэрнэ. Хэт халуун, хүйтэн хоол унд хүнд зохицол муутай байдаг.
-Манай уншигчдад зөв хооллох энгийн дадлуудыг зөвлөхгүй юу?
-Эрүүл байхын үндэс нь эрүүл зөв хооллолт, идэвхтэй зөв дасгал хөдөлгөөн, сэтгэл санаагаа тэгш амгаланд барьж дадуулах явдал юм.
Өглөөний цайгаа сайн уу, бага үдэд амны зугаа болохоор жаахан зүйл ид, өдөрт өөртөө тааруулж сайн хоолло, үдээс хойш шингэц түргэнтэй хоолыг түлхүү хэрэглэх, оройн мах багатай хөнгөн хоол хэвтэхээс 2-3 цагийн өмнө хэрэглэж хэвших нь зүйтэй.
Өглөө, их өлссөн үедээ идэж байгаа хоолны найрлагаа сайн бодож сонгоорой. Өлөн элгийг бүлээн усаар тайлж байж хоолоо идээрэй, шөлтэй хоолны шөлийг нь ууж бие тавирсны дараа өтгөн хэсгийн тайван идэх ёстой. Энэ мэт энгийн боловч мэдэж байх учиртай зүйл олон байдаг. Хоол идсэний дараа ходоодны гуравны нэг нь хий, гуравны нэг нь шингэн, гуравны нэг нь өтгөн байх нь зохист харьцаа чухал. Хиам, давс ихтэй цайг өглөөд идэх маш муу.
-Манай орон байгалийн эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд монгол хүн хэрхэн хооллох нь зохистой вэ?
-Улиралтайгаа зохицож хооллох, өдрийн аль цагт ямар хоол идэхээ мэддэг байх учиртaй. Жишээ нь өвпийн улаан идээний(мах), хавар шар идээний(өрөм, цагаан тос), зун цагаан идээний(сүү, сүүн бүтээгдэхүүн), намар ногоон идээ голлож хэрэглэнэ. Өвөлд тахианы мах, ямааны мах, цагаан будаа иддэггүй. Ид ес эхэлсэн үед л адууны мах иддэг. Бөөр өвчин олох магадлалтай тул нуруу, хөлөө дулаалж байх ёстой.
Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд өвлийн цагт ясны шөлийг зайлшгүй ууж байх ёстой. Ер нь Монголчуудын хоол ундны хэрэглээтэй холбоотой хоёр зүйл нэн дутагдаж байна. Эдгээр нь ясны шөл, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ. Сүүг дангаар нь уух, ингэний хоормог, аарц гэх мэт сүүн бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь ясны шөл тогтмол хэрэглэх нь зөв. Өвлийн улиралд хүний шим авах гол хүнс гэдгийг мартаж болохгүй.
-Ясны шөл яагаад хүний биед шингүүртэй, шимтэй, эмчилгээний чанартай байдаг вэ?
-Амьд бие махбодын хэрэгтэй эрдэс бодисыг хуримтлуулдаг гол хэсэг бол яс байдаг. Ялангуяа эрс тэрс уур амьсгалд ясны нягт сайтай байж гэмээн тэснэ. Эмэгтэй хүн олон төрөх тусам яс нь сийрэгждэг, хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг яснаасаа шимэгдүүлж өгдөг. Үүнтэй ижилхэн хүнд хэрэгтэй эрдэс бодис дутагдахад ясны найрлагад байгаа эрдсээс багасдаг.
Нэг ташаа ойлголтыг залруулахад хүүхдийн шилбээр өвдөхөд бид “Хүүхэд өсөж байна гээд анзаарахгүй өнгөрөөдөг буруу. Үнэндээ хүүхдийн ясанд дэм болохуйц зүйл дутагдаж байна гэсэн үг. Энэ тохиолдолд ясны шөл өгөх хэрэгтэй, тосоор нь шилбэ, өвчүү, хөл гарын сайтар үрж тослох хэрэгтэй. Хонины дунд чөмөг, үхрийн булуу тойгны шөл уулгаж байгаарай. Чөмөгний халуун ясыг хөртөл атгуулж байгаарай. Хий, хуйг нь дарж байгаа туслах сайн арга даа. Гэхдээ чөмгийг нь хүүхдэд идүүлдэггүйг сануулья.
Үе мөчөөр өвдөг, нойргүйдэлтэй, хоол идэхээрээ тогтоохгүй гүйлгээд байдаг, ясны сийрэгжилтэй, төмөр дутлын цус багадалттай хүмүүст ясны шөл уулгах, идүүлэх замаар эмчлэх нь үр дүнтэй байдаг. Учир эдгээр өвчнийг анагаах кальци, магни, селини, зэс зэрэг эрдэс уурагийн агууламж ясны шөлөнд их байдаг. Шөлөөр цадаж, төлөөр баяждаг гэдэг шүү дээ.
Эмэгтэй хүн төрсний дараа хөл гар амархан хөрдөг, үс нь унадаг даа. Тэгвэл төрөхөөсөө өмнө ба дараа нь ясны шөл уух хэрэгтэй. Ялангуа шөрмөстэй нь хамт чанавал шөлөнд коллогены агуулж ихтэй. Арьс, гоо сайхныг тэтгэж, толиотой харагдуулдаг. Ялангуяа Монголд идээшсэн хонь, үхрийн ясны шөл бол илүү эмийн чанартай байдаг. Энэ талаар бидний хэсэг нөхөд судалгааны ажил эхлүүлж байгаа.
-Сүүлийн үед ханиад томуу, дэлхий даяар шуугиан тариад байгаа коронавирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Гол нь дархлаагаа л дэмжих, цусыг шингэн байлгах хэрэгтэй. Ингэхийн тулд ясанд хэрэг болохуйц унд хоол идэж байх нь зөв. Учир нь бидний ясанд дархлаа болон цусны анхдагч эсүүд үүсдэг. Тодруулбал дархлалын эсүүд залуу эрчтэй байх тусам бид тамир сайтай, өвчнөөс эсэргүүцэх чадвартай байна. Ясыг ясны шөлөөр торддог. Шөл сайн ууснаар дархлал сайтай байх үндэс энэ дээ. Шөл ууж хөлөрчөөд салхи цохиулж болдоггүйг анхаараарай.
Монгол сайхан нутагтаа, энэ биеийн онцлогтоо зохиуцуулан идээ ундаагаа тааруулан зооглож, ойлгож ухаарснаа бусдадаа түгээж урт насалж, удаан жаргаарай.
п.баатар уламжлалт анагаах ухаан уламжлалт хоол хүнс ясны шөл
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [217.149.169.117] ・ 2021.02.17 Хариулах
Ний олныхоон эрүүл мэндийн төлөө мэдсэн сурсан бүхнээ харамгүй чин сэтгэлээсээн хуваалцаж үнэтэй зөвлөгөөг ялангуяа бидний хойч, ирээдүй болох хүүхэд залуучууддаан сануулан анхааруулан хэлж байдаг эрхэм эмч Танд баярлалаа. Таны ажил үйл арвин, үр бүтээлтэй, амьдрал ахуй тань амар амгалан байх болтухай.
Зочин [103.57.94.188] ・ 2021.02.15 Хариулах
Тандталархая яг одоо өвчин өөр харахад монголчуудын хоол амьдрал дадал хир зөв байгааг эмч хүний хувьд энгийн ардтүмэндхэлж байгаа д түмэн олон минь чинь үнэнийг мэдэж авах чухал талархая
Зочин [103.80.210.18] ・ 2020.10.16 Хариулах
тун хэрэгтэй зөвөлгөө өгсөн таньд ажилд тань амжилт хүсье
Зочин [192.82.77.234] ・ 2020.02.09 Хариулах
Өдөрт ганцхан удаа л махан хоол иддэг блаа.Хот орж ирээд л эмх замбараагүй иддэг болсныхоо горыг амсаж бна.Арай дөнгүүр хоол нь хуурай идэх юм байх юм даа.Бантан.
Зочин [66.181.176.39] ・ 2020.02.04 Хариулах
Unexeer saixan zuvlumj bna.Amjilt xusie.
Зочин [192.82.65.72] ・ 2020.02.04 Хариулах
Үнэхээр мэдлэг чадвартай мундаг эмч шүү, Олон хүмүүсийн өвчнийг эрт илрүүлж тэдэнд амьдрал бэлгэлсэн ЭМЧ дээ,
Зочин [182.160.1.254] ・ 2020.02.04 Хариулах
Ерөөсөө л хоол шүү дээ. Монголчууд урьд өмнө ахуй нь тэр их хөдөлгөөнтэй байхдаа шөл уудаг байсан. Зундаа мах идэхгүй зөвхөн цагаан идээ иднэ. ... Гэтэл одоо хотжиж хөдөлгөөн муудсан энэ үедээ ихэнх нь 2-р хоол чихэх болсон.
Зочин [117.111.25.22] ・ 2020.02.04
Batsaan ch geh shig. 38 nastai hun batsaan uu te? Zohisgui hoolloj chihseer baigaad gahai bolson chamaas medeej zaluu haragdaj baigaa l daa.
Зочин [139.5.219.57] ・ 2020.02.04
тийм. гоожуурууд л хүн муулах гээд байдаг...
Санал болгох
1 Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
2 Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэх “Зүрхний төсөл”
3 Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж
4 Б.Батхишиг: Хорт хавдраа даван туулсны дараа бусдад итгэл өгөхийн тулд дэлхийн 8 дахь өндөр оргилд авираад ирсэн
5 Эрчүүдийн 70 орчим хувь нь найз нөхдийн нөлөөллөөс болж архинд донтдог
Холбоотой мэдээ
Миний 17
Б.Болорзаяа: Монголчууд мана-4, норов-7 тан уудаг хүнийг өвчнөөр биш өтөлж үхнэ гэж ярьдаг
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 06 сарын 23, 2021
Нийгэм
Монгол уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн түгээнэ
Х.Оргил ・ 06 сарын 21, 2019
Амьдрал
Хор нь гараагүй үед яргуй идвэл могой яр өвчин тусна
Х.Оргил ・ 03 сарын 26, 2019
Амьдрал
Дорнын анагаах ухааны зөвлөгөө: Өвдсөн үедээ хойд зүг рүү толгойгоо бүү харуул
Р.Сайхан-Уул ・ 01 сарын 18, 2022
Ярилцлага
П.Баатар: Нялх биетэй эмэгтэй хүн айж цочвол зүрхний голын хий өвчтэй болдог
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 01 сарын 20, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.