Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг угтан өнөөдөр Нийслэлийн байгаль орчны газраас санаачилж, Дэлхийн байгаль хамгаалах сан  (WWF)-гийн   Монгол   дахь   хөтөлбөрийн   газар хамтран “Бид хуулиар хамгаалагдсан” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах зорилгоор зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн төлөөлөл оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд урлагийн үзүүлбэр, “АХА” тэмцээн, хөдөлгөөнт дасгал, богино зайн алхалт зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Монгол Улсад одоогийн байдлаар 800-1000 цоохор ирвэс бүртгэгдэн бөгөөд энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсийy 20 хувьтай тэнцэж буй үзүүлэлт гэдгийг Нийслэлийн байгаль орчны газрын удирдлагууд дурьдаж байлаа.

2013 онд Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс болон донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Мөн энэ сарын 22-нд Баян-Өлгий аймагт Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй Нутгийн Ирээдүй Төсөл”-г танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Төслийн танилцуулах уулзалтанд аймгийн засаг дарын орлогч Ш.Хабал аймгийн Байгаль Орчин, Аялал, Жуулчлалын газар (БОАЖГ) болон холбогдох газруудын төлөөлөгчид, Сайр хайрхан, Хатуугийн нуруу орчмын буюу зорилтот Толбо, Бугат сумдын удирдлага, байгаль орчны мэргэжилтэнүүд, малчид нийт 80 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Дэлхийд цоохор ирвэс амьдарах боломжтой 12 улсаас Монгол улс нь ирвэсийн тоо толгойгоороо дэлхийд 2 дугаарт эрэмблэгддэг бөгөөд уг төсөл нь Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн 11 сумдад хэрэгжинэ.