Монгол хүнээ бэлддэг Монгол сургууль Гэгээ

Л.Дэлгэрмаа
04 сарын 18, 2024

Гэгээ бага сургууль анхны элсэлтээ авч байна

Гэгээ коллежийнхоо үйл ажиллагааг зогсоож, номын ажилдаа бүрэн шамдахаар зэхэж байснаас таван жилийн дараа Д.Болдбаатар багш эсрэгээрээ боловсролын салбар дахь барьцаа ахиулж, Гэгээ бага сургуулийг нээгээд байна. Түүний олон жил судалж, туршилт, судалгаагаар баталсан сургалтын арга барилыг охин нь барууны менежментээр баяжуулан, урт хугацааны тогтвортой “бизнес” болгож чаджээ. 

“Бизнес” хэмээн шилжсэн утгаар хэлэхийн учир нь энэ бол мөнгийг тэргүүн эгнээнд тавьдаг бизнес биш, хэрэглэгчдэдээ үнэ цэнэ бүтээхийн төлөө бий болсон орчин цагийн НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ бизнес юм. Ингэснээр азтай цөөхөн хүнд хүргэдэг байсан сургалтыг нийтийн сургалт болгож чадлаа гэж хятад хэлний орчуулагч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Болдбаатар багш бахархан сууна. 

Бид Д.Болдбаатар багшийг олон сайхан кино, уран зохиолын ном орчуулснаар нь сайн мэднэ. Киноноос Хуанжу Гэг, номноос Чонон сүлдийг мэдэхгүй хүн байхгүй ээ. Бүр тодруулбал, 1400 гаруй анги уран сайхны кино, 30 гаруй ном орчуулсан гэдэг. Түүнийг хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр цөөнгүй шавь бэлтгэснийг ч андахгүй. Гэхдээ чухам ямар арга барилаар дэлхийн хамгийн хэцүү гэгдэх Хятад хэлийг тийм богино хугацаанд бусдад сургаад байдгийг нь тэр болгон мэддэггүй. Гэгээ бага сургууль бол “Монгол хүнээ бэлддэг Монгол сургууль байгуулах” түүний олон жилийн мөрөөдлийн биелэл юм.

Магадгүй Монгол хүний хөгжүүлсэн анхны сургалтын арга зүйгээр хичээлийн шинэ жилийг эхлүүлэх гэж байгаа Гэгээ бага сургууль, Д.Болдбаатар багшийн гэгдэх заах арга зүйн тухай түүнтэй болон түүний охин Б.Билгүүнтэй хуучилснаа энд хуваалцъя.


Аз жаргалтайгаар сургах Гэгээгийн арга барил

Англи хэлийг сурахад дөрвөн жил, Япон хэлийг сурахад залуу нас, Хятад хэлийг сурахад бүх нас хэрэгтэй гэдэг. Харин энэ нийтлэлийн гол зочин болох Болдбаатар багшийн, Гэгээгийн заах аргаар Хятад хэлийг гурван сарын дотор хүнд сургаж болох аж. Энэ заах арга зүйгээ тэд оюуны өмчөөр баталгаажуулсан бөгөөд үүнийг өөрсдийн харьцангуй давуу тал гэж тодорхойлж байгаа юм. “Залуу багш байхдаа би их харгис байж дээ” гэж дурсах Д.Болдбаатар багшийн амжилттай заах арга зүйн нууц нь ерөөсөө л хүнийг аз жаргалтай байлгах. Өөрийнх нь үгээр “сэтгэлийг нь тогтоох”, бидний хэлдгээр “стресс, дарамтгүй байлгах”. Хүн тайван байх үед л оюун санаа нь төвлөрч, оюун санаа нь төвлөрсөн үедээ аливаа шинэ мэдлэг, мэдээллийг өөртөө тусгаж авах нь хялбар байдаг аж.

Анх нэг хэсэг агуулгыг 15 удаа хуулуулж, 30 удаа чанга дуугаар уншуулдаг байсан бол одоо технологийн дэвшлийг ашиглан хуулуулахын оронд ханзны зурлага заадаг гар утасны аппликейшнийг хүртэл сургалтын хэрэглэгдэхүүндээ нэвтрүүлж, олон дахин  хуулуулахаа больжээ.

Харин үүнийгээ бага сургуульдаа буулгахдаа гэрийн даалгавар өгөхгүй байхаар шийджээ. Олон ч судалгаа, туршлагаар гэрийн даалгавар бага насны хүүхдэд багагүй стресс, дарамт болдгийг баталсан байна. Үүнийг сонсоод хэсэг эцэг эх баярладаг бол “хичээлээ мартчихна шүү дээ” гэж халаглах нь л бий. Нэгэнт  гэрийн даалгавар нь хичээлийг бататгах зорилготой юм бол хичээлийн цаг дээр багшийн дэмжлэгтэйгээр бататгах боломжийг нь сургалтын хөтөлбөртөө нарийн тусгаж оруулсан байна.

 

Яг энэ дүгнэлтэд хүрсэн барууны эрдэмтэд ч байна. Ялангуяа, мэдрэлийн чиглэлийн (нейро шинжлэх ухаан) эрдэмтэд хүн шинэ мэдлэг олж авахад сэтгэл амар байхын ач холбогдлыг онцолсон нь цөөнгүй. Хэдэн жилийн өмнөөс сурагчдын дүнг олны дунд ил зарлахаа больсон нь үүнийг зах зухаас нь ухаарч эхэлсний нэг илрэл юм болов уу. Ингэж бодохоор барууны томоохон боловсролын, бодлогын байгууллагуудын хэдэн арван жил далайцтай судалгаа шинжилгээ хийж олж нээсэн ойлголтыг Болдбаатар багш эртний Хятадын гүн ухаан, тэр дундаа Күнзийн сургаал мөн бурхан багшийн сургаалаас ухаж ойлгосон гэлтэй. Нэг уулын орой руу нөгөө талаас нь мацаад гарчихсан гэмээр… Гэхдээ энэ бол заах арга зүйн ердөө нэг хэсэг нь. Хүнд хэрхэн мэдлэг өгөх вэ гэдэг асуудал. Мэдлэг өгөх сууриа сайн бэлдчихсэн бол одоо цагаан цаас мэт тэр оюуныг ямар мэдлэгээр тэжээх вэ? Дорнын харилцаа өөрөө ерөнхийгөөс нарийн руу шилждэг. Гэтэл манай боловсролын систем эсрэгээрээ байдаг. 

Магадгүй Оросын, Английн, Америкийн гээд гаднын боловсролын системийг баруун солгойгүй хуулж ирсний гай биз. Харин Болдбаатар багшийн заах арга зүйд “уулын оройгоос харуулах” гэж ойлголт бий. Энэ нь бидний хэлдгээр ерөнхийгөөс нарийн руу шилжиж байгаа хэлбэр. Сүүлийн үед манай томчууд том зургаар нь гэж их ярьдаг болсон доо. Үндсэндээ тэр л юм. Уулын орой дээрээс орчныг тодорхой харж буй мэт яг юу сурах гээд байгааг нь эхлээд тодорхой харуулж ойлгуулсны дараа нарийн зүйлсийг сургадаг аж. Эцсийн хүрэх үр дүнгээ мэдсэний дараа хүн нэг жижиг мэдлэг мэдээллийг ч саадгүй хүлээж авдаг ажээ.

Гэгээгийн шинэ үеийн эхлэл Б.Билгүүн захирал

Б.Билгүүн багштай би Болдбаатар багштай танилцахаасаа нэлээн өмнө танилцсан юм. Түүнийг Билгүүн багш л гэж дууддаг байлаа. Өөрөө ч үүндээ илүү дуртай гэсэн. Харин ярилцлага хийгээд сууж байхад Билгүүн захирал гэж өөрчилмөөр санагдаад болдоггүй. Үг, хариулт бүрээс нь хэрэглэгчдээ хэрхэн илүү их үнэ цэнэ бүтээх вэ? Ажилтнуудаа хэрхэн урамшуулах вэ? Ажлын гүйцэтгэлийг хэрхэн дээд хэмжээнд байлгах вэ? Амьдралынхаа гуравны нэгийг өнгөрөөдөг ажлын орчныг хэрхэн стресс, дарамтгүй байлгах вэ гэсэн байнгын эргэцүүлэл мэдрэгдээд байсан учир тэр.

 

Болдбаатар багшийн сургалтын арга барил хэдий шалгагдсан ч боловсролын байгууллагыг удирдаж явна гэдэг амаргүй ажил. Гол хэрэглэгчид нь нэгж хүн бүр, нэгж хүн бүрийн гүйцэтгэлээр байгууллагын үр дүн тодорхойлогдоно.

Гэгээ коллеж Хятад хэлний багш, орчуулагч бэлтгээд арав гаруй жил болсон байжээ. Энэ үед 2015 онд Болдбаатар багшийн охин Б.Билгүүн нь Америкаас Монголдоо суурьшихаар ирээд байж. Энэ бол Болдбаатар багш Гэгээ коллежоо хааж, номын ажилдаа шамдахаар бодож байсан үе. Харин Билгүүн захирал тухайн үеийн Гэгээ коллежийн бизнесийн нөхцөл байдалд багахан анализ хийж, Монголд байтугай дэлхийд ховор сургалтын арга зүйг нь үргэлжлүүлж хадгалах хэрэгтэй гэж шийджээ. Тэрээр тухайн үед хүн бүр л хятад хэлийг бизнес, хичээл сурлагын шаардлагаас болоод богино хугацаанд суралцах зах зээлийн эрэлт ихэсч буйг мэдэрч дөрвөн жилийн боловсрол олгодог коллежоос богино хугацааны сургалтад шилжих нь зөв гэж үзэн, өнөөдрийн Гэгээ боловсролын төвийг байгуулсан байна.

Түүнээс хойш таван жилийн дараа ийнхүү Гэгээ бага сургуулийг нээж, үйл ажиллагаагаа тэлж байгаа нь энэ аж.

Энэ хугацаанд Болдбаатар багшийн дорнын философи, Билгүүн багшийн өрнийн арга барил хооронд зөрчилдөх зүйл цөөнгүй байсан ч арваад жил Америкт боловсрол эзэмшээд ирсэн охиндоо зайгаа тавьж өгөхөөр шийдсэн гэж тэрээр ярьсан юм.

“Би хэдэн жилийн туршлагаасаа нэг үнэ цэнтэй зүйл ойлгочихсон, бардам байлаа. Охин маань ч 10 жил америкт сурчихсан хүн амбицтай байлаа. Ний нуугүй хэлэхэд бид нэг сар орчим нэлээд үзэл бодол зөрчилдсөн. Тэгээд би бодсон юм. Би чинь ер нь нас хэд билээ? Хоцрогдсон юм биш байгаа гэж. Нэгэнт мэдсэн зүйлээ заагаад өгчихсөн юм чинь зайгаа тавиад өгчихье гэж бодлоо. Тэгээд зайгаа тавиад өгсөн чинь л их сайхан болчихсон. Залуу хүний эрч хүч гэж бас өөр байдаг юм байна.” гэж Болдбаатар багш ярьсан юм.

Гэгээ бага сургуульд Болдбаатар багш зөвлөх, чиглүүлэх үүрэгтэй байх бол удирдлага, менежментийг Билгүүн багш гардан явуулна. Тэрээр сургалтын аливаа шинэ арга барилыг эхлээд заавал өөрөө туршиж байж багш, ажилтнууддаа хуваалцдаг нь Гэгээ сургалтын төвийн амжилтын нэг том хүчин зүйл гэж бодогдсон. 

Улсаараа хүнд сорилтыг туулж байгаа коронавирус цар тахлын үед Гэгээ боловсролын төв эсрэгээрээ төгсөгчдийн тоон үзүүлэлтийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлж чадсан нь ч үүний нэг үр дүн байх. Зайны сургалтыг маш үр дүнтэй, амжилттай зохион байгуулж чадсан нь Билгүүн захирлын удирдлагын арга барилын нэг тодорхой үр дүн юм. 

“Таван жилийн өмнө би уг нь цалин орлого өндөртэй, тогтвор суурьшилтай байсан. Хуучин ажил маань миний эгог тэжээчихдэг. Гэхдээ дотор хоосон санагддаг байсан. Үнэхээр шийдвэр гаргаад л, нүдээ аниад л шийдсэн” гэж Билгүүн багш боловсролын салбарт орох болсон шилжилтийн үеэ дурссан юм. 2006 онд АНУ-д Бизнесийн удирдлагаар төгссөнөөс хойш PwC, Newcom зэрэг бидний мэдэх нэр хүнд бүхий байгууллагуудад удирдах албан тушаал хашиж иржээ. Харин боловсролын салбар луу шилжих үедээ Nomadic Expeditions Mongolia компанид санхүү хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ ажлаа орхин боловсролын салбар луу ороход аав нь дургүй байсан нь таамаглаагүй хариулт байв. 

Түүний удирдлагын арга барил ч барууны хэв маягтай. “Менежментийн хувьд өөрийнхөө мэдрэмжийг дагаад хийсэн зүйл маань илүү амжилттай байдаг. Багаа ч бүрдүүлэхдээ яг тухайн ажлыг хийж байхдаа аз жаргалтай байх хүмүүсээр бүрдүүлсэн. Тэр утгаараа үүрэг даалгавар өгөөд тэр хүндээ даалгаж орхино. Дунд нь хэдэн удаа уулзаж чиглүүлэг өгдөг. Ингэхээр стрессгүй байдаг. Бас дотоод улс төр гэж байдаггүй, хов жив гэж байдаггүй.” гэж тэрээр өөрийнхөө удирдаж буй байгууллагаа тодорхойлсон юм. 

Тасралтгүй шинэчлэгдэх Гэгээгийн хөтөлбөр

Хүнлэг, бүтээлч, тасралтгүй суралцах чадвартай иргэнийг хөгжүүлэх нь Гэгээ бага сургуулийн эрхэм зорилго. Хөтөлбөр нь ч үүн дээр тулгуурлаж боссон.

Эндээс хамгийн орчин цагийн нийгмээ мэдэрсэн бөгөөд үнэнч амлалт нь тасралтгүй суралцах чадвартай иргэнийг хөгжүүлэх амлалт юм. Өдөр бүр хэдэн мянган хуудас шинэ мэдлэг бүтээгдэж байгаа өнөө үед ямар ч сайн сургууль төгслөө гээд таны өнөөдөр авсан мэдлэг маргааш үнэ цэнтэй байж чадахгүй болсон. Харин энэ үед хамгийн үнэ цэнтэй чадвар бол тасралтгүй суралцах чадвар юм. Үүнийг Гэгээгийнхэн олж харжээ. Билгүүн захирлын тодорхойлсноор хамгийн сайн хөтөлбөр бол тасралтгүй шинэчлэгддэг хөтөлбөр тул тэд ч багш, сурагчийн үнэлгээний системд тулгуурлан сургалтын хөтөлбөрөө тогтмол шинэчилж байх аж.

Харин хүнлэг, бүтээлч байхын тухайд STEAM хөтөлбөрөөр дамжуулан сургалтын төлөвлөгөөндөө тусгажээ. STEAM бол 21 дүгээр зууны иргэдэд хэрэгтэй суурь мэдлэг болох шинжлэх ухаан, технологи, инженерийн ухаан, урлаг болон математик, тэдгээрээр дамжуулан амьдралын суурь ур чадваруудыг сурагчдад өгөх хөтөлбөр юм.

“Суурь ур чадварууд гэж байдаг шүү дээ. Зөөлөн ур чадвар ч гэж нэрлэдэг. Өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх гэх мэт. Байгууллагын удирдлагын хувьд ажилтнуудаас яг ийм ур чадварууд маш их шаардагддаг. Гэтэл үүнийг багаас нь хүүхдүүдэд суулгаж өгөх ёстой юм. Миний бодож байгаагаар хэл бол боловсрол биш. Энэ бол ердөө л мэдээлэл авах хэрэгсэл. Харин STEAM тодорхой сэдэв аваад төсөлт байдлаар ордог. Хичээл хоорондын залгамж холбоо их сайн. Бид үүндээ тааруулж анги танхимаа ч хөдөлгөөнтэйгээр зохион байгуулж, хүүхдүүдэд бүтээл хийх самбарууд гаргаж өгсөн. Хүн өөрөө гараараа хийж байгаа зүйлээ хамгийн сайн сурдаг. Хүн уншиж, сонссон зүйлийнхээ 15%-ийг тогтоодог бол өөрөө хийж, оролцож сурсан зүйлийнхээ 70-80%-ийг тогтоодог байна. Энэ бол туршигдсан арга. Хүүхдийг бид багаар нь ажиллуулж, аль болох өдөр болгон бүтээл хийлгэхэд анхаарч байна.

Эцэг, эхчүүдийн хамгийн их сонирхож буй хүчин зүйлийг хэргээр хамгийн сүүлд нь орууллаа. Энэ бол хятад, англи хэлний хосолсон сургалт. Хэдийгээр энэ нь Гэгээ бага сургуулийн харьцангуй давуу тал мөн боловч гол үнэ цэнэ нь биш гэдгийг Болдбаатар багш, Билгүүн захирал нар эцэг эхчүүдэд ойлгуулахыг хүсэж байх шиг санагдсан. Тэд ч танилцуулгадаа Монгол хэлийг тэдгээрээс илүү чухлаар тусгаж өгсөн байсан. Тэдний эхний нэг жилийн зорилго ч их энгийн. Гэгээгийн бүх сурагч ямар нэг хоцрогдолгүй байх. Энгийн мэт боловч мөн л судалгаанд суурилсан бодит төлөвлөлттэй ажиллаж буйн илрэл. Улсын хэмжээнд уншилтын хоцрогдол ихээхэн санаа зовоох асуудал болоод байна. Тэд нэгдүгээр ангийн сурагч нар эх хэл дээрээ уншилтын хоцрогдолгүй байхад эхний нэг жилийг зориулж байна. Мөн нэгдүгээр ангийн эхний улиралд л ангийн хүүхдүүд дунд хоцрогдол үүсдэг тул эхний улирлыг хүүхэд хичээл, сургуульд дуртай болгоход зориулах гэнэ.

Харин нэгдүгээр ангийн дөрөвдүгээр улирлаас англи хэлийг, гуравдугаар ангиас хятад хэлийг заах юм. Олон жил гадаад хэл заасан туршлагатай тэд гадаад хэлийг дээд түвшинд заана гэж бардам амлаж чадна. Гэхдээ энэ нь Гэгээ бага сургуульд хүүхдээ сургах эцэг эхчүүдийн эцсийн зорилго биш байгаасай гэж хүсэж байгаагаа хуваалцсан юм.

“Манай 12 дугаар ангийг төгсөж байгаа хүүхдүүд TOEFL, IELTS, SAT, HSK гээд бүх шалгалтуудыг нь өгч чаддаг, ямар мэргэжлээр суралцах вэ гэдгээ эрэлхийлж чаддаг, тэгээд хүсэлтээ өгч, тэнцэж чаддаг болох ёстой. Бидний зорилгын зорилго нь энэ л юм.” гэж Билгүүн багш ярив. Харин эцэг эхчүүд хүүхдээ чухам хаана амьдруулах вэ гэдгээ эхлээд шийдсэний дараа тухайн орныхоо хэлийг төгс сайн эзэмшүүлэхэд анхаарах нь зөв гэв. Монголдоо ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа бол Монгол хэлээ сурахад ч дутуугүй анхаарах ёстой аж.

Б.Билгүүн: Сүнслэг чанаргүй бизнес амжилт олдоггүй

-Гэгээ бага сургуульд дөнгөж 6 настай хүүхдүүд орж ирж байна. Танай сургалтын арга барилыг сонсоод байхад эртний Дорнын философи, Буддын философи цухалзаад байдаг. Энэ нарийн мэдлэг, ойлголтыг зургаахан настай хүүхдүүдэд яаж ойлгуулах вэ? Ялангуяа сэтгэл тогтох гэх суурь ойлголтыг?

Сэтгэл тогтоход хамгийн чухал зүйл нь өдрийн дэгтэй байх ёстой. Өдрийн дэг элдэв бодлыг цөөлдөг. Тухайн цагт юу хийх нь тодорхой байвал элдэв бодолд сатааралгүйгээр шууд тухайн ажилдаа л анхаарна гэсэн үг.

-Гэгээ бага сургууль сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй, гэхдээ эцэг эхчүүдийг их бага хэмжээгээр үүрэгжүүлэх юм байна гэж ойлгогдсон?

Нэг сайн эцэг 100 сайн багшаас илүү гэж үг бий. Гэр бүлийн дотоод орчин хүүхдийн төлөвшилд чухал байна. Бид эцэг эхтэй маш нягт хамтран ажиллана. Их бага хамаагүй төлбөртэй сургуульд хүүхдээ өгсөн эцэг эхчүүд хүүхдийг нь хүмүүжүүлэх нь сургуулийн үүрэг гэж ойлгох гээд байдаг. Нөгөө талаас сургууль ч бас авсан мөнгөндөө тааруулж, хэт их мэдлэг шахах гээд байдаг. Бид эцэг, эхийн хурлыг ганцаарчилсан байдлаар хийх бөгөөд тухайн хурлын гол сэдэв нь тухайн хүүхдийн ахиц л байна. Түүнээс биш ангидаа хэддүгээрт орж байгаа гэдэг ч юм уу, эрэмбэ дараа тогтоосон зүйл огт ярихгүй. Мөн хүүхэдтэйгээ хэрхэн тоглох, гэрийн орчинд ямар дэгтэй байх талаар эцэг эхчүүдтэй чөлөөтэй ярилцана. Ер нь хүүхдийн хамгийн чухал хөдөлмөр бол тоглох мөн гэрийн ажилд туслах шүү дээ.

-Сурагчийг үнэлэх систем ямар байх вэ?

Огт суралцах чадваргүй хүүхэд гэж байдаггүй. Харин өнөөдөр заасан зүйлийг өнөөдөр авах уу? Сарын дараа юу? Гурван сарын дараа юу гэдэг л асуудал. Ер нь хүүхдийн нөөц бололцоог зөвхөн тухайн нэг цаг хугацааны үзүүлэлтээр нь үнэлэх нь утгагүй зүйл.

Манай сургууль гурван түвшинд үнэлгээ хийнэ.

Юуны өмнө сурагч өөрийгөө үнэлнэ. Багаас нь өөрийг нь өөрөөр нь үнэнчээр үнэлүүлж сургахыг зорьж байна. Энэ нь нийгэмд байгаа аливаа зүйлийг бусдад таалагдах гэж хийдэг хандлагыг өөрчлөх зорилготой. Дараа нь багш тухайн сурагчийн ахицыг ажиглаж үнэлнэ. Гурав дахь нь сургуулийг хөндлөнгөөс нь үнэлнэ. Стандарт шалгалтыг сурагчдаасаа аваад бусад сургуулиудын хүүхдүүдтэй жишиж өөрсдийгөө сайжруулах зорилготой.

-Хэлний хувьд шат дараалалтай байгаа нь ямар учиртай вэ?

Манай сургууль эхний гурван улиралд уншилтын хоцрогдолгүй болоход л анхаарна гэж зорьж байна. Монгол хэл дээр унших дарамт байхгүй болсон үед англи хэлний сургалтыг эхэлж, англи хэл шинээр сурах дарамт байхгүй болсон үед хятад хэлний сургалтыг эхэлнэ. Манай сургалтын үндсэн философи чинь сртесс, дарамтгүй буюу аз жаргалтайгаар сурах шүү дээ. Тиймээс бид хөтөлбөрөө боловсруулахдаа ч гэсэн хүүхдэд хэр их ачаалал, дарамт ирэх билээ, хэзээнээс ямар хичээлийг зааж эхлэх ёстойг сайтар бодолцдог.

Нэг үүд нээгдвэл үүд үүд нээгдэнэ гэж манай сургалтын зарчим бий. Бид утгаар дамжиж хэл сурах аргыг барьж ажилладаг. Туршлагаас харахад, ярианд суурилсан хэл амь бөхтэй биш байдаг. Орчин байхгүй болмогц мартагддаг. Харин утгаар дамжиж буюу уншилтан дээр суурилж сурсан хэлийг ашиглахгүй хэдэн жил болсон ч мартагддаггүй давуу талтай.

-Манай хүүхэд англиар хэлд орж байгаа гэж бахархаж ярьдаг эцэг эхчүүд байдаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Миний бодлоор эцэг эхчүүд энэ тал дээр шийдээ гаргах ёстой юм шиг. Та хүүхдээ Монголд хөлийг нь олуулах юм уу, гадаадад хөлийг нь олуулах юм уу? Хэрвээ таны хүүхэд ирээдүйд Монголд амьдрах бол Монгол хэлийг нь маш сайн эзэмшүүлэх хэрэгтэй. Харин Англи хэл бол хоёр дахь түвшинд гэхдээ мэргэжлийн түвшинд, судалгаа хийчихдэг байхад болно. Арванхоёрдугаар ангиа төгсөхөд Гэгээгийн хүүхдүүд монгол, англи, хятад гурван хэлийн алинаар нь ч хүссэн сэдвийн дагуу судалгаа хийдэг, тайлан бэлдэж, түүнийгээ танилцуулдаг чадвартай болно. Өнөөдөр ашиглагдаж байгаа олон хэлээр хөрвүүлдэг төхөөрөмжүүд тавхан жилийн дараа гэхэд л орчуулагч нарыг ажилгүй болгоно гэж байна. Тиймээс хүн гадаад хэл сурч байгаа бол зөвхөн тухайн хэлээр харилцаад зогсохгүй тухайн хэл дээр олж авсан мэдлэг, мэдээллээ боловсруулж, өөрийн болгож, эргээд өөрийн дүгнэлт, үзэл бодлоо илэрхийлж чаддаг байх нь чухал болж байна.

-Та хятад, англи хэлийг яаж сурсан бэ?

Хятад, англи хэлийг аль алийг нь сургуульд сурсан. Найрамдал сургуулийн анхны сурагчдын нэг болж очиж байсан. Тавдугаар ангиас 18 дугаар сургууль руу шилжээд, тэндээсээ Турк сургуульд суралцаж, богино хугацаанд Бээжингийн их сургуульд сурч байсан. Англи хэлээ сайжруулахаар АНУ-д тэтгэлэг авч, тэтгэлэгт хөтөлбөрөө сунгаж, дөрвөн жил тэндээ бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн.

Хятад хэл сурахад аав нэг их оролцоогүй. Улсын сургууль руу шилжсэний дараа аав намайг дуудаад, шалгалт авч үзэхэд уншсан зүйлийнхээ утгыг сайн ойлгодоггүй байсан. Тэгэхэд л яг гардаж надад хоёр долоо хоног заасан. Харин аав кино орчуулдаг байсан учраас тэдгээрийг нь үзсээр байгаад кино гайгүй ойлгодог болчихсон байсан. Утгаар дамжуулж хятад хэлд суралцсан даа.

-Таныг өмнөх ажлаасаа гарахад дургүй байсан гэсэн?

Мэдээж л эцэг хүн чинь тогтвортой ажлын байртай байхад нь анхаарсан байх. Гэгээ коллежийн хувьд хятад хэлний багш орчуулагч гэдэг ганц мэргэжлээр төгсгөдөг байсан. Улсаас ч дэмжлэг авдаггүй. Аав ч тухайн үедээ ном руугаа ороод, сургуулиа орхиё доо гэж бодож байсан үе байх. Тэр утгаараа бас эрсдэлтэй байсан байх л даа.

Би  өмнөх ажлаасаа гараад 4,5 сар хэртэй юу хийхээ сайн шийдэж чадаагүй явсан. Би хятад хэлийг багаасаа сурч, маш сайн эзэмшсэн хэрнээ АНУ явснаас хойш 10 жил хятад хэлээ ашиглаж чадаагүй. Надад хятад хэл заая гэсэн хормын л бодол орж ирсэн. Тэр бодлыг би алдалгүй атгаж чадсан. Одоо бол би энэ ажлаа миний амьдралын утга учир гэж ойлгодог. Бусдад хэл зааж, хийсэн ажлын маань үр дүн нүдэн дээр гарч, бусдад өөрчлөлт авчирч байгааг харахад тэр хоосон зай дүүрч эхэлсэн.

-Гэгээ бага сургуулийг бизнес гэж тодорхойлох уу?

Амжилттай бизнес хийхэд хүмүүс ашиг орлогыг тэргүүнд тавих гээд байдаг шүү дээ.

Гэгээ боловсролын төв өдий зэрэгт хүрэхэд би өөрийнхөө нэг л бодлыг өөрчилсөн. Үнэхээр 2 долоо хоногт л хүнийг сургая. Тэгээд чанар, хөтөлбөртөө л анхаарсан.

Бизнес сүнслэг зүйлгүй бол, зөвхөн бизнес гэж харж байгаа бол, ялангуяа боловсролын салбарт болдоггүй юм байна гэж ойлгосон. Бид хүнээс мөнгийг нь авсан юм бол яаж энэ хүнд үнэ цэнэ олгох вэ? гэдгийг л боддог. Хэрвээ бид зөвхөн бизнес байсан бол маш сайн хүүхдээ дагуулаад ирсэн ээж нараас мөнгийг нь аваад л хүүхдийг нь элсүүлчих байсан. Гэтэл эсрэгээр нь гэртээ хэрхэн бие даан сурч, сайжрах аргыг нь хэлж өгөөд явуулдаг.

Одоо бид Гэгээ бага сургуулийн хүүхэд гэхэд л хүүхэд бүр нь өглөө бүр сургуульдаа ирэхээр яардаг, хүүхэд бүрийг өөрийнх нь боломжит хурдаар өөрийнх нь ахиц амжилттай харьцуулж дэмжиж хөгжүүлдэг тийм л сургууль болгох юм шүү гэж зорьж байгаа.

-Танд баярлалаа.

Холбоотой сэдвүүд

сургууль гэгээ сургууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.