Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан

peak.mn сайт энэ удаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн дизайн технологийн багш Х.Үүрийнтуяатай ярилцлаа. 

Их сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа багшилж буй тэрбээр сурагчдаасаа суралцаж, илүү олон шавьтай болох мөрөөдөлтэй болжээ. Мөн стрессгүй, эрүүл орчинд цаг хугацаа, мөнгө хэмнэж амьдарч байна хэмээн онцолсон юм. 

Орон нутагт хөгжилгүй гэдэг хэвшмэл ойлголтоос салцгаая 

Би 10 жилд байхын л барилга архитектур, зураг зүй, дизайны хичээлдээ дуртай хүүхэд байсан. Тэгээд хүүхдүүдэд хичээл зааж үзэх сэн, багшийн ширээнээс хүүхдүүд ямар харагддаг бол гэсэн бодолдоо хөтлөгдөөд дизайн технологийн багш болохоор шийдсэн. Одоо бодоход энэ шийдвэр маань амьдралдаа гаргасан зөв сонголтуудын нэг. 

Их сургуулиа төгсөөд хотод хувийн сургуульд нэг жил багшилж үзсэн ч төрөлх сургуульдаа эргэн ирж ажиллахаар шийдсэн. Төрж өссөн газраа, хайртай дотны хүмүүстэйгээ ойр, орон нутагт ажиллах нь илүү сонирхолтой санагдаж байгаа. 

Төрөлх сургуульдаа, хичээл заалгадаг байсан багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллах нь ажлын байран дээр хөгжих боломжийг маань нэмэгдүүлж байгаа. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ яг л сурагч байхдаа асуудаг байсан шигээ багш нараасаа нээлттэй асуух боломжтой байгаа нь давуу тал болж өгдөг. 

Хүмүүсийн дунд орон нутгийн сургууль сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, менежмент хоцрогдмол байдаг гэсэн нийтлэг ойлголт бий. Одоо үед нийслэлийн сургуулиас илүү гарна уу гэхээс дутаад байх зүйл байхгүй болчихсон. 

Манай үеийнхэн залуу хүн орон нутагт очиж ажиллахаар хөгжих боломжгүй, бүх зүйлээс хоцорчихно гэсэн айдастай байдаг. Надад ч тийм бодол төрдөг байлаа. Харин энд ирээд ажиллаж эхэлснээс хойш техник, технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед цахимаар бүх зүйлийг сурч болохыг ойлгосон. Тэгэхээр хүн өөрөө хичээвэл хаана ч хөгжих боломжтой. 

Цаг хугацаа, мөнгө хэмнэж амьдарч байна

Хотод их сургуулиа төгсөөд, нэг жил ажиллахдаа харж мэдэрсэн зүйл нь өвлийн улиралд өглөө ажилдаа явахад түгжирсэн олон машины дуут дохио сонсоод л, бас бус их чимээ шуугианд дөжрөх шахдаг бол орон нутагт өглөө гэрээсээ гараад сургууль хүртлээ шинэхэн орсон цасны чимээ сонсоод алхдаг.

Цайны цагаараа гэртээ хариад өдрийн хоолонд мөнгө үрэхгүй. Ажлын цаг 18.00-д тарлаа, хамгийн хол гэртэй багш 15 минут алхаад л гэртээ харьчихдаг учраас цаг хугацаа, мөнгө хэмнэж амьдарч байгаа. Эргээд хэмнэсэн цаг хугацаагаа гэр бүлдээ,  өөрийнхөө хөгжилд зарцуулж болно. 

Сурагчдаасаа ч суралцдаг нь мэргэжлийн маань онцлог

Анхандаа их сургуулиа төгсөөд эхний 5 жил багшилчхаад болино доо гэж боддог байлаа. Гэтэл төрөлх сургуульдаа ирээд анги дааж авснаас хойш энэ бодол маань бүрмөсөн өөрчлөгдсөн. Сурагчид л зөвхөн багшаас юм сурдаг биш бид ч гэсэн хүүхдүүдээс сурах зүйл маш их юм билээ. Тэднээс хүнийг хайрлахыг хүртэл суралцаж байгаа. 

Саяхан надад 35 ширхэг захиа ирсэн. Манай ангийн бүх сурагч өөр өөрийн онцлогийг шингээсэн захиа бичсэн байсан. Тэр дундаас хамгийн их сэтгэл хөдөлгөж, цаашдаа үнэхээр би багшлах ёстой юм байна гэдэг урам зориг өгсөн нь “Багш аа, минийирээдүйг өөрчлөхөд та байх хэрэгтэй юм байна” гээд биччихсэн байсан. Тэр захиаг уншаад цаашид илүү хичээж ажиллах хүсэл төрж, илүү олон шавьтай болох ёстой юм байна гэдэг бодолтой болсон. 

Цалингаас илүү чухал зүйл байдаг гэдгийг ойлгоосой

Сүүлийн үед багш мэргэжлээр төгссөн залуучууд цалин бага гэх шалтгаанаар салбартаа ажиллахгүй, өөр ажил хийх тохиолдол ихэссэн шүү дээ. Нэг үеэ бодоход багш бэлтгэх хөтөлбөрөөр сурч байгаа оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлдэг болсон. Төгсөөд ажиллах ажлын байр ч элбэг. Цалин ч харьцангуй нэмэгдэж байгаа. Тиймээс багш мэргэжлээр сурч байгаа дүү нартаа мэргэжилдээ үнэнч байгаад сайн багш болоорой гэж уриалмаар байна.  Хүн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрээд, дурлаад ирэхээр цалингаас илүү чухал нь сурагчаа гэсэн сэтгэл юм байна гэдгийг ойлгож байна.



Холбоотой сэдвүүд

багш орон нутаг сургууль

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.