Олноо "Физикийн Цэрэн" хэмээн үнэлэгдсэн эрхэм хүмүүн мэндэлсний 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Физикийн Нийгэмлэгээс Үндэсний эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Энэ үеэр МУИС-ийн ууган багшийн нэг, Физик-математикийн факультетын декан, Онолын физикийн тэнхимийг үүсгэн байгуулагч Д.Цэрэнгийн үр хүүхэд шавь нар нь ийнхүү дурсаж байна.


Т.Гун-Аажав: Заах аргын мастер багшаараа бахархдаг


/МУИС-ийн профессор, ШУС-ийн Биологийн тэнхимийн ахмад багш, Эмерит профессор/

Би 1962 онд Д.Цэрэн багшаар физик заалгаж байлаа. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд манай ангиас гэхэд л гурван шавь нь ирээд байна. Бид нар эрдмийн мөр хөөж гавьяат болцгоожээ. Энэ амжилтад би Д.Цэрэн багшийн ач тус, хувь нэмэр их байгаа гэж боддог юм. 

Хичээлээ онолын өндөр түвшинд заадаг багш байж билээ. Хичээлийн гарчиг тавьчхаад шууд тэгшитгэлийн эцсийн гаргалгааг биччихнэ. Багш андуураагүй байгаа гэх маягтай бодно оо, бид хэд. Багшийн маань өвөрмөц арга барил байж л дээ. Тэр нь хариуг гаргах, бие даалгах арга юм. Хичээлийн үеэр хэзээ ч оюутнуудыг чимээгүй бай гэж загнахгүй. Самбар дээр томьёо бичихдээ аядуу ярина. Багшийн яриаг сонсох гэж оюутнууд ангиараа чив чимээгүй болдог байж билээ. Ийм л заах аргын ухаантай хүн байсан даа багш минь.


Х.Цоохүү: Д.Цэрэн багш физикч төдийгүй философич хүн байв


/Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор/

Монголд онолын физикийн онолыг үндэслэгч нь хэн бэ гэвэл Д.Цэрэн багш л гэж хэлнэ. Ийм сайхан хүнийг дурсаж байгаадаа баяртай байна.

Д.Цэрэн багш бол өргөн цар хүрээний мэдлэгтэй физикч. Цагаасаа түрүүлж төрсөн гэсэн нь зүгээр ч нэг тодорхойлолт биш. Би квант орны онол гэж хичээл заалгасан. Тухайн үед барууны   номоор заана. Анхнаасаа барууны эрдэмтдийн онолыг баримталдаг, нийгмийнхээ хэв загвараас өөрөөр сэтгэдэг байсны илрэл. Тун ч ой сайтай гярхай хүн хүн байж билээ. Бид нарыг оюутан байхад декан байлаа. Нэг анги 30-40 орчим хүүхэдтэй. Тэр 300 гаруй оюутны нэрийг бүр овогтой нь шууд мэднэ.

Зүгээр ч нэг физикч байсангүй. Олон ном орчуулсан. Орчуулах эрдэмд гаршсан, гайхалтай авьяастай. Тухайлбал Оросын уран зохиол,үргэлжилсэн үгийн зохиол ,роман “Үхэвч залуугаараа” номыг орчуулсан.

Бид залуудаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд багшаар л хянуулж, засуулчихвал сэтгэл амарна. Багшийн гараар орсон л бол найдвартай гэж ярьдагсан. Ангиас маань арваад хүн эрдэмтэн болсон.  Ангийн уулзалтад багшийгаа заавал урина. Уриагүй байсан ч олоод ирдэг, биднийг тоож, ойр дотно хандаж явсанд нь баярладаг. 


Ц.Даваадорж: Эцгийнхээ мэргэжлийг өвлөсөндөө бахархдаг


/Физик математикийн ухааны доктор, Д.Цэрэн агсны хүү/

Монголын Физикийн Нийгэмлэг бол эгнээндээ олон шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн байгууллага. Шинжлэх ухааны хамгийн том төдийгүй хамгийн үр дүнтэй ажилладаг нийгэмлэгийн хувьд үндэсний хэмжээний хурлаа аавын минь нэрэмжит болгон зарласанд их баяртай байна. Үүнийг манай гэр бүлийнхэн аавд минь үзүүлж буй хүндэтгэл, өргөмжлөл гэж ойлгож олзуурхаж сууна.

Аав маань ертөнцийг физикч хүний нүдээр хардаг хүн байжээ. Биднийг бага байхад юм бүхнийг шинжлэх ухаанчаар тайлбарлана. Хүүхэд л хойно хоол болох хооронд тогооны таг аваад байхаар “Тагыг нь авах тусам, болох хугацаа нь уртасна, энэ бол физик” гэнэ.

Ээж маань ч геологич хүн. Бид физикч, геологч хүний нүдээр ертөнцийг харж өссөн азтай хүн гэж боддог. Шавь нартаа Цэрэн багш хэмээн хүндэтгэгдсэн аавын минь ач заа нараас нь төрийн сайд, эрдэмтэн, судлаачид төрөн гарч үйлсийг нь үргэлжлүүлж байгаад бахархдаг.


Д.Цэрэнханд: Өндөр ах таныгаа дурсана аа, дүү нь


/”Д.Цэрэн багш” номын зохиогч, их эрдэмтэн Д.Цэрэнгийн дүү/

Ахынхаа дурсгалд зориулж юу хийх вэ гэж бодож байгаад “Цэрэн багш” номыг гаргасан. 20 жилийн дараа ахын маань хүү, физик математикийн ухааны доктор Ц.Даваадорж маань физик талаас нь өргөжүүлээд “Д.Цэрэн багш амьдрал эрдмийн найман мөр” номыг шинээр хэвлүүллээ.

Ахын маань мэндэлсний 90 жилийн ойд зориулж Монголын Физикийн Нийгэмлэгээс үндэсний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж олон арван эрдэмтэн шавь нар нь цугласанд баяртай байна.Монголын физикчид дэлхийн чансаанд тэргүүлэх болтугай гэж хүсэн ерөөе. Ахдаа зориулж бичсэн шүлгээ хуваалцъя.

Өнгөрсөн он цагийн тоосыг үргээж

Өндөр ах таныгаа дурсана аа, дүү чинь

Манан дундаас зүс нь тодрон тодорч

Магадлан намайг ширтэх шиг санагдана


Тодрон тодорсоор дэргэд хүрч ирээд

Толгойг минь илээд үнэрлэх шиг санагдана

Сэтгэл нялхран тандаа нэг үнсүүлэх сэн дээ

Цээжинд тань наалдаж нэг сайн уйлах сан даа.