Б.Баясгалан
12 сарын 26, 2022
Монгол Улсын Их Сургуулиас 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн 10 дах жилдээ зохион байгуулж буй “Web of Science-д өгүүлэл хэвлүүлсэн МУИС-ийн зохиогчдод цом гардуулах ёслолын арга хэмжээ” боллоо.
Арга хэмжээг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч профессор Д.Бадарч нээж, Web of Science -ын товч тайланг Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга дэд профессор С.Должин танилцуулсан бол БШУЯ-ны ШУТБГ-ын дарга Др. Д.Баттогтох үндэсний нээлттэй бодлогыг танилцуулж, салбарын тодорхой статистик мэдээллийг хүргэсэн юм.
Илтгэгчид МУИС-ийн 2024 он хүртэлх Стратегийн төлөвлөгөө нь түүхэн ололт амжилтандаа түшиглэн шинэ оргилд хүрэх үндсэн алхмуудыг тусгасныг онцолсон. Тус стратегийн төлөвлөгөөнд бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтан орохоор зорилт тавьсан өнөө цагт МУИС олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, санаачилга гаргахыг шаардаж буй тул хүрэлцэн ирсэн шилдгийн шилдэг судлаачдад МУИС-ийн нийт эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэн талархал дэвшүүлсэн.
Судалгааны үр дүнгээ олон улсын мэргэжлийн холбоо, нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлж, хэвлэн нийтлүүлж, түүнийг нь дэлхий нийтээр эшлэн хэрэглэж байна гэдэг нь Монгол Улсын шинжлэх ухаан, түүнчлэн байгууллага, хувь судлаачдын судалгааны түвшин хаана явна вэ гэдгийг харуулах гол үзүүлэлт болдог.
Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдмийн ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачид, шилдэг оюуны өмч бүтээгч, нийгэм, хүмүүнлэгийн салбарт гадаадад хэвлүүлсэн олон улсын хэмжээний нэг сэдэвт бүтээлийг туурвисан эрдэмтэн, судлаачдыг урамшуулан алдаршуулах энэхүү талархлын арга хэмжээг манай байгууллага үндэсний хэмжээнд 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн анхдагч болон зохион байгуулсан түүхтэй билээ. Өнөөдөр энэхүү арга хэмжээ нь зөвхөн нэг байгууллагын хэмжээнд бус МУ-ын болон олон улсын түвшний шилдэгийн шилдэг судлаачдын оюуны хүчтэй интеграци ба синергетикийг илэрхийлсэн үйл ажиллагаа юм.
Сүүлийн 3 жил буюу 2019-2022 онд МУИС-ийн эрдэмтэн судлаачдын Web of Science мэдээллийн системд бүртгэлтэй Impact factor бүхий ОУ-ын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоогоор үндэсний хэмжээнд тэргүүлж /445 өгүүлэл, 1362 эшлэл/ H индекс нь 16 хүрсэн байна.
Мөн WoS–д бүртгэлтэй сэтгүүлийн ранк (Q ранк)-ийг сүүлийн гурван жилээр үзвэл профессор багш нар Q1, Q2 зэрэглэлтэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх хандлага өндөр байна.
2021-2022 хичээлийн жилд Q1 ранкийн сэтгүүлд 55, Q2 ранкийн сэтгүүлд 54 судлаач, багш профессор хэвлүүлсэн нь бусад жилтэй харьцуулахад бүтээлийн чанарын үзүүлэлт өссөнийг харуулж байна.
Учир нь, хэвлүүлсэн бүтээлийн 28 % нь Q1, 23 % Q2 ангиллын сэтгүүлд тус тус хэвлүүлсэн бөгөөд нийтдээ 51 хувь эзэлж салбарын дунджаас дээгүүр IF-тай сэтгүүлд хэвлүүлсэн нь бүтээлийн чанарыг илтгэх бас нэгэн үзүүлэлт хэмээн дүгнэж байна.
2021-2022 оны хичээлийн жилд нийт Нэгдүгээр зохиогч 41, Холбоо баригч 23, Хамтран зохиогчоор 143 судлаач нийт 158 өгүүлэл хэвлүүлсэн ба 131 цом гардуулав. Хэвлүүлсэн нийт бүтээлийн 85 хувийг гадаадын судлаачидтай хамтран хэвлүүлсэн байна. Ийнхүү, МУИС дэлхийн түвшинд үнэлэгдэхэд олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл чухал үүрэг оролцоотой юм.
Нийт хэвлэгдэж буй өгүүллийг шинжлэх ухааны салбараар авч үзвэл хүрээлэн буй орчин, экологи, математик, инженерчлэл, хими, ургамал судлал, геологи, копьютерийн шинжлэх ухаан, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр хамгийн олон өгүүлэл хэвлэгджээ.
Мөн судлаачдын салбар дундын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, гадаадаас зочин профессор урьж ажиллуулах зэрэг судалгаа боловсруулалтын хамтын ажиллагаа, түншлэлийн чанар, түвшинг сайжруулах олон талт үйл ажиллагааг их сургууль бодлогын түвшинд дэмжин 2015 оноос эхлэн МУИС өөрийн эх үүсвэр бүхий санхүүжилтээр дотоод төслийн судалгааны зардалд нийт 3.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.