Х.Оргил
08 сарын 22, 2026
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” сэдэвт бүтэн өдрийн арга хэмжээ COP17-ийн Ногоон бүсийн “Байгаль” павильонд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, түүний экосистемийн үйлчилгээ, үнэ цэнийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, санхүүжилт, менежмент болон талуудын оролцооны талаар санал солилцох, харилцан яриа өрнүүлэх талбар болоход чиглэж буй.
Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газар, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн Төслийн зохицуулах нэгж хамтран зохион байгуулж байна.
Хөтөлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Амгаланбаатар нар нээв.
Сайд Ц.Сандаг-Очир нээлтийн үгэндээ Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг нь хүнс, усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, биологийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаа, улсын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотойг онцолж, “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль хамгааллын салбарын асуудал биш. Энэ бол Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойч үедээ үлдээх байгалийн өвийн тухай асуудал юм” хэмээлээ.
Өглөөний хөтөлбөрөөр Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл мөн Монгол Улсын ТХГН-ийн Замын зураг, түүний ач холбогдол, дэлхийн чиг хандлагатай хэрхэн уялдаж буй талаар танилцуулав.
ТХГН-ийн бодлогын шинэчлэл нь хамгаалалтад авах талбайг нэмэгдүүлэхээс гадна хамгаалсан газар нутгийг үр дүнтэй удирдах, тогтвортой санхүүжүүлэх, шинжлэх ухаан, бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, нутгийн иргэдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгааг сайд онцолсон юм.
Үүний дараа төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгээр тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, үндэсний болон олон улсын зорилтод хүрэх нэгдсэн замын зураглал, талуудын оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Де Нэйче Консерванси (TNC), ЮНЕСКО болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцож, Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, менежментийн боломж, сорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.
Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг дэмжих шинэ хамтын ажиллагаа
Арга хэмжээний үеэр Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа болон “Эн Си Ди Групп” ХХК зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах экологийн гарц байгуулах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг дэмжих, амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг багасгах, амьдрах орчны залгамж чанарыг хадгалахад чиглэж байна.
Сайд Ц.Сандаг-Очир энэхүү хамтын ажиллагаа нь байгаль хамгаалалд хувийн хэвшлийн оролцоо, хариуцлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит жишээ болохыг онцолж, байгаль хамгааллыг төр дангаараа хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд үр дүнтэй хамгаалалт нь төр, орон нутаг, хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагаанд тулгуурлах ёстойг тэмдэглэлээ.
Байгаль хамгаалагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэв
Өдрийн хөтөлбөрийн бас нэг онцлох хэсэг нь ТХГН-ийг хариуцан хамгаалж буй байгаль хамгаалагчид ажлынхаа үнэ цэн, онцлог, өдөр тутамд тулгардаг сорилт, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөлөл, хамгааллын ажлыг цаашид хэрхэн бэхжүүлэхэд шаардлагатай талаар дуу хоолойгоо хуваалцлаа.
Мөн өдрийн турш Монгол орны ялгаатай экосистем, хамгааллын онцлогийг төлөөлсөн Хан Хэнтий ДЦГ, Богдхан уулын ДЦГ, Говийн бага ДЦГ, Хөвсгөл нуурын БЦГ, Хустайн БЦГ, Их Нартын БНГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаад биологийн олон янз байдал, зэрлэг амьтан хамгаалал, экологийн гарц, мониторинг, хүлэрт намгийн хамгаалал, хамтын менежмент, хот орчмын газар ашиглалт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, сайн туршлагаа танилцуулж байна.
Арга хэмжээний турш “ТХГН-ийн паспорттой аялал” өртөөчилсөн танин мэдэхүйн үйл ажиллагаа үргэлжилж, хүүхэд, залуучууд, гэр бүл болон бусад оролцогчид ТХГН-ийн талаар танин мэдэхүйн даалгавар гүйцэтгэж байгаль хамгаалалд өөрийн оруулах хувь нэмрийн талаар амлалт бичих байдлаар идэвхтэй оролцож байна.
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг шинэ өнцгөөс танин мэдэх, тэдгээрийг хамгаалж буй хүмүүсийн сонирхолтой түүхийг сонсох, байгаль хамгааллын үйлсэд өөрийн оролцоог нэмэгдүүлэхийг хүссэн иргэд, гэр бүл, хүүхэд залуучууд болон COP17-ийн зочид, төлөөлөгчдийг 8 дугаар сарын 22-ны өдөр “Байгаль” павильонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Огноо: 2026 оны 8 дугаар сарын 22
Цаг: 09:00–18:00
Байршил: UNCCD COP17, Ногоон бүс, “Байгаль” павильон, Улаанбаатар хот
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.