Х.Оргил
08 сарын 22, 2026
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Элсэн, шороон шуурганы I, II дугаар ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын Байгаль орчны шинжлэх ухааны судалгааны академийн доктор Жиронг Жэн Хятад улс цөлжилттэй хэрхэн тэмцэж, доройтсон газраа сэргээсэн туршлага, үр дүнгээ танилцуулсан юм. Тус улс одоогоор 66 тэрбум мод тариад байна.
Бүс бүрт өөр арга хэрэглэжээ
БНХАУ цөлжилттэй тэмцэх, доройтсон газрыг сэргээх ажлыг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн туршлагатай билээ. Доктор Жиронг Жэн Такламаканы цөл, Шар мөрний орчим, Хорчин, Хуншандак зэрэг байгаль, экологийн өөр өөр нөхцөлтэй бүсэд хэрэгжүүлсэн ажлуудаас жишээ татлаа.625
Эдгээр бүсэд нэг ижил арга хэрэглээгүй аж.
Тухайлбал, зарим газарт цөлжилтийг бууруулахад төвлөрсөн бол Шар мөрний орчимд тоосжилтыг багасгах, өөр бүсэд хөрсийг сэргээж, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлээр ажиллажээ.
Өөрөөр хэлбэл, цөлжилттэй тэмцэх ганцхан загвар гэж байхгүй. Хөрс, ус, ургамал, уур амьсгал, газар доройтсон шалтгаанаас хамаарч тохирох арга нь өөр байна.
Ургамлын бүрхэвч 18.13 хувиас 24.67 хувь болж нэмэгджээ
Хятад улс цөлжилттэй тэмцэх ажлын үр дүнг ургамлын бүрхэвчийн өөрчлөлтөөр хэмжжээ. Судалгаагаар 2000 онд 18.13 хувь байсан ургамлын бүрхэвч 2025 онд 24.67 хувь болж нэмэгдсэн байна.
Зарим бүсэд өөрчлөлт илүү тод харагджээ. Тухайлбал, Жизивань бүсэд ургамал 300 км тэлж ургасан байна.

Харин Такламаканы цөлд цөлийн захаар үргэлжлэх хамгаалалтын ойн зурвасыг байгуулж, салхи, элсний нүүдлийг тогтоох системийг бүрдүүлжээ.
✔Физик хамгаалалт — сүрэл ашигласан торон хаалт, босоо элсний хаалт байгуулж, элсний нүүдлийг сааруулсан.
✔Биологийн арга — ус бага зарцуулдаг газар тариалан хөгжүүлж, таримал болон эмийн ургамал тарьж элсний нүүдлийг зогсоосон.
✔Инженерийн шийдэл — цөлд нарны цахилгаан станц байгуулж, газрын гадаргын агаарын урсгалыг өөрчлөх аргыг ашигласан.
Шиньжаны зарим бүсэд мод, сөөг, өвсийг хослуулсан олон давхар хамгаалалтын зурвас ашигласан байна.

Нөхөн сэргээх ажил иргэдийн амьжиргаанд ч үр өгөөжтэй байх ёстой
Тэдний туршлагаар нутгийн иргэдийг оролцуулж, орлогыг нь нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн төслүүд илүү үр дүнтэй, иргэдийн дэмжлэгийг авдаг байна.
Өөрөөр хэлбэл, цөлжилттэй тэмцэхийг зөвхөн мод тарих, элс тогтоох, хөрс сэргээх ажил гэж харах нь хангалтгүй. Байгалиа хамгаалснаар тэнд амьдардаг иргэдэд ямар үр өгөөж бий болох вэ гэдгийг хамтад нь шийдэх шаардлагатай.
Хятадын туршлагаас харахад мод, сөөг тарих, арчлах зэрэг нөхөн сэргээлтийн ажлыг нутгийн иргэдийн орлогын эх үүсвэр болгожээ. Үүгээр зогсохгүй сэргээсэн газарт эмийн ургамал, жимс тариалах, мал аж ахуй, аялал жуулчлал эрхлэх зэргээр орлогын шинэ эх үүсвэр бий болгосон жишээ бий.
Тухайлбал, Өвөр Монголд 2025 онд цөлжилттэй тэмцэх ажилд оролцсон малчин, тариаланчдын нэг хүнд ногдох нэмэлт орлого дунджаар 14,700 юаньд хүрсэн байна.
Энэ нь газрын нөхөн сэргээлтийг нутгийн иргэдийн амьжиргаатай уялдуулбал байгаль хамгааллын үр дүнг урт хугацаанд хадгалах боломжтойг харуулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.