МОСКВА/РИА Новости/. Аугаа их эх орны дайны ялалтын баяр болох гэж буй энэ үед Москва хотын Олон улсын худалдааны төв болон Ялалтын музейд Цэргийн түүхэн кино өдрүүд зохион байгуулагдаж байгаа талаар “Риа Новости” агентлаг мэдээлэв. Түүхэн үйл явдлуудын талаар өгүүлэх хамгийн өндөр ашиг орлоготой, сор болсон бүтээлүүдийг үзэж сонирхохоор ирсэн хүмүүс энэ сарын 10-н хүртэл тус газруудад үнэгүй үйлчлүүлж болох аж.  


Москва хотод байрладаг Ялалтын музей нь Аугаа их эх орны дайны сэдэвт зориулсан улсын төв музей бөгөөд Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд тус музейд болдог байна. 


Түүхэн үйл явдлуудын талаар өгүүлэх кинонуудын дийлэнх нь Аугаа их эх орны дайны үеийн зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан гавьяа зүтгэлийг харуулах аж. Эдгээр кино дунд "Т-34", “Ленинградыг аварсан нь”, “Чимээгүй хашгираан”, “Аннагийн дайн”, “Собибор” зэрэг кино багтаж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг