ВАШИНГТОН. /VOA/. Дэлхийн мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж, жил тутам 369 тонн цас, мөс хайлж байгаа нь Хойд Америкийн нийт мөсөн голын талаас илүү хувьтай тэнцэх хэмжээ ажээ.


Дэлхий даяарх мөсөн голын хайлалтын явцыг судалж үзэхэд 2013 онд эрдэмтдийн тогтоосон хэмжээнээс 18 хувиар хурдан хайлж байгаа нь ажиглагджээ. Үүний зэрэгцээ мөсөн голын хайлах одоогийн явц 1960-аад оны мөн үеэс тав дахин хурдассан байна. Үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал бөгөөд далайн усны түвшин улам нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. 


“Дэлхийн бүх бүс нутгийн мөсөн голуудын хэмжээ сүүлийн 30 жилийн хугацаанд ижил хэмжээгээр багассан. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбоотой” гэж Цюрихийн их сургууль дахь Дэлхийн мөсөн голын хяналтын газрын дарга Майкл Земп хэлжээ. 


“Төв Европын мөсөн голууд буюу Кавказын бүс нутаг, Канадын баруун хэсэг, АНУ-ын нам доор газар нутагт оршдог 48 муж улс, Шинэ Зеланд болон халуун орнуудын ойролцоох нутгийн мөсөн голууд хамгийн хурдан хайлж байна. Эдгээр бүс нутгийн мөсөн голын 1 гаруй хувь нь жил тутам ширгэж байна” гэж даваа гарагт гарсан “Nature” сэтгүүлийн нийтлэлд тэмдэглэсэн байна. 


М.Земпийн хэлснээр, мөсөн голын хайлах одоогийн явцаас харахад дээрх бүс нутгууд нэг зууны дотор мөсөн голгүй болох төлөвтэй байгаа аж. Түүний багийнхан газрын болон хиймэл дагуулын хэмжүүрүүдээс 19 мянган мөсөн голыг судалсан нь урьд өмнө нь хийгдэж байсан судалгаануудаас хамгийн өргөн хүрээг хамарсан байна. Судлаачдын тогтоосноор, цорын ганц бүсийн мөсөн голууд хайлахгүй байгаа нь Ази аж. Энэ нь тус бүсийн уур амьсгалын нөхцөлтэй холбоотой юм. 


1961 оноос хойш дэлхий дахинд 10.6 их наяд тонн /9.6 их наяд шоо метр/ цас, мөс хайлсан бөгөөд энэ хэмжээний мөсөөр АНУ-ын нам доор оршдог 48 муж улсыг нэг метр гаруй мөсөөр хучих боломжтой ажээ. 


Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал нь мөсөн голуудын хайлалтаас эхлээд өөр бусад сөрөг хүчин зүйлсийн шалтгаан болж буйг эрдэмтэд олон жилийн өмнө тогтоосон билээ. Тэд Гринланд болон Антарктидыг бүрхэж буй мөсөн давхаргуудад хамгийн их санаа зовниж байна. 


Мөсөн голуудын хайлалт далайн түвшинд ихээхэн нөлөөлдөг тухай АНУ-ын Цас, мөсний үндэсний мэдээллийн төвийн дарга Марк Серрез онцлон тэмдэглэв. Түүнчлэн далайн түвшин нэмэгдэж буй шалтгааны 20-30 хувь нь мөсөн голын хайлалттай холбоотой байдаг талаар М.Земп онцолжээ. 



Далайн түвшин нэмэгдсэнээр дэлхий дээрх далайн эргийн ойролцоох хот, тосгодод учирч болзошгүй үер усны гамшгийн эрсдэл улам нэмэгдэх юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг