Хятад улс нефтийн фьючерсийг юаниар гаргах анхны алхмаа хийлээ. Энэ алхмыг шинжээчид газрын тосны зах зээлийн тоглоомын дүрмийг үндсээр нь өөрчилнө гэж таамаглаж байна. Экспортлогчдын хувьд түүхий эдийг борлуулахад ам.доллар шаардлагагүй болно гэсэн үг.

Урд хөрш газрын тосны дэлхийн томоохон импортлогчдын нэг. Энэ гэрээ трейдерүүдийн хувьд шинэ эталон болох талтай. Гэхдээ энэ удаад түүхий нефтийн юанийн арилжаа зөвхөн Азид төвлөрнө гэж буй. Өдгөө дэлхийн зах зээлд түүхий эдийг борлуулах хоёр төрлийн эталон гэрээ бий. WTI ба Brent маркийн нефтийн арилжаанд ашигладаг юм. Борлуулалтыг нь ам.доллараар хийдэг.

Юанийн фьючерс гарч ирсэн нь экспортлогчдод тухайлбал, ОХУ, Иран зэрэг улсад ам.доллараар арилжаа хийхээс зайлсхийх боломж олгож байна. Шаардлага гарвал эдийн засгийн хоригоос холуур аж төрөх том гарц ч байж мэдэх юм. Хонконг ба Шанхайн хөрөнгийн бирж дээр юанийг алтанд хөрвүүлэх нь Азид арилжааг орлуулах нэмэлт хэрэгсэл болж байна гэж Японы Nikkei агентлаг онцолжээ.

Shanghai International Energy Exchange өнгөрсөн зургаа, долдугаар сард юанийн фьючерсийг арилжаанд ашиглах шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан гэж мэдээллийн агентлагууд онцолж байна. Энэ нь гадаадын компаниудад зориулсан Хятадын арилжааны фьючерсийн анхны гэрээ болох юм. 

Үүнтэй зэрэгцэн туршилтын арилжаа ч хийгдэж байна. Одоогоор арилжаанд оролцогчдын талаарх судалгааг хийж эхэлжээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын сан, арилжааны төвүүд, нефтийн компаниудад ийм төрлийн арилжаанд хамрагдах боломж нээгдэж байгаа гэсэн үг. Гадны шинжээчид тэр дундаа Америкийн шинжээчид эрчим хүчний дэлхийн зах зээл дэх тоглоомын дүрэм өөрчлөгдөж буйг хүлээн зөвшөөрөөд байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын хараат бус нефть олборлолтын үйлдвэрүүд идэвхтэй ажиллах болсон. Ингэснээр дотоодын зах зээлийг төрөлжүүлж, түүхий нефтийн шинэ гэрээг хэрэгжүүлэх орчин бүрджээ. Тус улсын эрх баригчид түүхийн эдийн зах зээл дэх ам.долларын давамгай байдлыг буулгахыг эртнээс чармайсаар ирсэн юм.

Алтны фьючерс гэгчийг бий болгосон нь ийм шалтгаантай. 2016 оны дөрөвдүгээр сараас Shanghai Gold Exchange хөрөнгийн бирж дээр энэ хэрэгслээр арилжаа хийх болсныг онцолъё. Сүүлийн мэдээ гэвэл Унгарын нийслэл Будапештэд оны сүүлч гэхэд ийм төрлийн арилжаа явуулахаар төлөвлөж буй. Үүний зэрэгцээ алт борлуулахад юанийн гэрээг ашиглах явдлыг Хонконгт долдугаар сараас эхлүүлээд байна. Үүнээс өмнө хоёр ч удаа ийм оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм.

Өөр нэг онцлох зүйл бол зарим трейдэрүүд юаниар арилжаа хийхийг хүсэхгүй байгаа аж. Тэд юанийн оронд алт ашиглах хувилбарыг сонгоод эхэлж. Манай хойд хөрш ОХУ гэхэд Хятадад нефтийн юанийг алт руу хөвөргөж арилжаа хийхээр зэхэж байна. Орос улсын хувьд Хятадын хөрөнгө оруулалтад мөнгөө байрлуулах шаардлагагүй болж буй. Мөн хар алтны арилжаанаас олсон орлогоо ам.долларт хөрвүүлэх ч хэрэггүй юм. АНУ-ын тухайд Венесуэл, Иран, Катар болон бусад орнуудад түрэмгий бодлого явуулж байгаа тул дээрх арилжаа эдгээр орнуудад ч хамааралтай болж байна. 

Өөрөөр хэлбэл, Хятадын фьючерсийг гаргаж байгаагийн буянаар ОРЕС-ийн гишүүн бус орнуудын өмнө шинэ боломж нээгдсэн гэсэн үг. Нөхцөлийн дагуу Хятадын юаниар худалдаа хийх хүсэлгүй орнууд олон улсын биржээс алт авах боломжтой. Тухайлбал, шинэ фьючерс нь АНУ-тай зөрөлдөөнтэй Венесуэл, Ираны сонирхлыг хамгийн их татаж байгаа аж. 

Онцлох учиртай бас нэг өнцөг бол Хятадын шахалт. Тодруулж хэлбэл урд хөрш доллараас зугтсан улсуудын юаниас дөлсөн хувилбар дээр ч өөр хэлбэрийн шахалт үзүүлэхээр төлөвлөжээ. “Шинэ гэрээ бүхий юаниар нефтийн арилжаа хийхгүй бол та нарын манай зах зээлээс олж буй ашгийг танах бодлого барина” гэж хятадууд сануулаад эхэлчихэж.

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцолж буйгаар Бээжин Саудын Арабт гэхэд юаниар тооцоо хийх санал тавьжээ. Гэвч Саудын Арабын зүгээс одоогоорхариу өгөөгүй байгаа юм. Хятадын тухайд Саудын Арабаас импортлох нефтийн хэмжээг хязгаарлахаар болсон гэх мэдээлэл байна. 

Үүний зэрэгцээ шинжээчдийн мэдэгдэж буйгаар юанийн фьючерсийг гаргаснаар нефтийн нэг баррелийн үнэ 70 долларт хүрэх таамаг гарчээ. Дэлхийн алтны үнэ 1350 – 1850 ам.доллар хүрнэ гэж тэд онцолж буй. Тодруулж хэлбэл алтны ханш түүхэн рекордоо ч эвдэж магадгүй нь. 

Саудын Арабын эдийн засгийн зөвлөх Аммараль-Муфти “Дэлхийн эдийн засагт эрс өөрчлөлт орж байна. Энэ алхам нь дэлхийн эдийн засгийн журмыг эрс хувиргасан өөрчлөлт болно. Долларт нөлөөлөх нь тодорхой. Америкийн болон хувийн зээлд сөрөг үр дагавартай. Зээлийн сөрөг нөлөө нь эргээд эдийн засгийн хэд хэдэн салбарууд тухайлбал үйлчилгээний салбарт муугаар нөлөөлнө. Хятадын фьючерсийг хэрэгжүүлэх явцад зөвхөн хөрөнгө оруулагч болон банкуудад хүндхэн нөлөө үзүүлээд зогсохгүй. Энгийн иргэдэд ч нөлөөлнө” хэмээн онцолжээ.