МАХН өнөөдөр Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд намынхаа дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр тогтлоо. Санал хураалтаар Бага хуралд оролцсон гишүүдийн 91.6 хувь нь Н.Энхбаярыг намаа төлөөлж нөхөн сонгуульд оролцохыг дэмжжээ.

Үүний дараа МУ-ын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Манай нам хуулийн дагуу ажилладаг. Бид нэр дэвшигчийг сонгох хуулийн хугацааны дагуу өнөөдөр Бага чуулганаа хийж, нэр дэвших асуудлыг амжилттай хэлэлцэж, ардчилсан зарчмын дагуу өрсөлдүүлж, шийдвэрэлээ. 

Надад итгэл хүлээлгэж, МАХН-аас УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан Бага чуулганы гишүүддээ баярлалаа. 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдуулж нийгэмд янз янзын байр суурь буйг та бид сайн мэднэ. Эрх баригчид энэ сонгуулийг битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ эргэж очих вэ гэж айж байгаа. Итгэлийг нь даагаагүй гэдгээ мэдэж байгаа. Тиймээс сонгуулийг болгохгүй гэж удаа дараа хойшлуулж буй. Одоо ч гэсэн энэ оролдлогоо орхиогүй. Ирэх даваа гараг буюу 5 дугаар сарын 27-нд Үндсэн хуулийн цэцэд орсон, өөрсдийнхөө томилсон шүүгчдээр энэ сонгуулийг ямар нэгэн байдлаар ойлгомжгүй байдалд оруулах бэлтгэл ажлаа хийж байгаа. Үүнийг юмны учрыг мэддэг хүн бүр ойлгож, мэдэж байгаа. Цэц захиас, даалгавраар ажиллаж байгаа гэдэг нь харагдаж байгаа. Гэхдээ бид Хэнтийн сонгогчидоо хүндэтгэж, Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажлаа шийдэж байгаа нь зөв гэж би бодож байна. 

Нэг хэсэг хүмүүс нөхөн сонгуулийн тухай ярихдаа дэндүү богино хугацаа үлдсэн байна. Тиймээс энэ сонгууль хэрэгтэй юу, үгүй юу гэж ярьж байна. Би энэ талаар бодсон. Хэнтийн сонгогчидтой очиж уулзсан. Сонгогчид маань "Бид жинхэнэ ардчилман оронд амьдаргч буй бол өөрсдийнхөө төлөөллийн хүнийг УИХ-д илгээж, тэрэндээ үүрэг даалгавар өгч, эрх ашгаа хамгаалуулах, УИХ-д дуу хоолойгоо хүргүүлэхийн төлөө энэ эрхээ эдлэх ёстой. Би 2 жил энэ эрхээ эдэлж чадсангүй" хэмээсэн. Үүнийг бид дэмжиж байгаа. МАН аль эрт ажиллаад эхэлсэн. Очоод тэрбум, тэрбумаар юм амлаад, мөнгө тараагаад эхэлсэн. Бид мэдэж байгаа, Хэнтийн сонгогчид ч тэнэг биш учраас мэдэж байгаа. Хулгайн мөнгө авч адилхан хулгайч болох уу, үгүй юу гэдгээ эргэцүүлэг бодож, ухаантай мэргэн сонголт хийнэ гэж найдаж байна" хэмээн хэллээ.

Намын дарга Н.Энхбаяр үг хэлж дууссаны дараа Бага хурлын гишүүд баяр хүргэж, "Халуун элгэн нутаг" дууг дууллаа.