“Нэйшнл Лайф Даатгал”(National Life) ХХК-ийн санаачлага, санхүүжилтээр “Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ-аас “Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг 28 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр 2021.02.20-05.20-ны хооронд 3 сарын хугацаатай гүйцэтгэсэн байна. Уг судалгааны ажлын судлаачдын төлөөлөл СЭЗИС-ийн оюутан Б.Мөнх-Оргилын ярилцлагыг хүргэж байна.


-Сайн байна уу, өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Б.Мөнх-Оргил гэдэг Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн Санхүү удирдлагын ангийн төгсөх курсийн оюутан. Залуу Судлаачдыг Дэмжих Сангаас зохион байгуулсан “Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгаанд дадлагажигч судлаачаар 3 сар ажиллаад байна.


-“Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгаанд оролцох болсон таны зорилго юу байсан вэ? 

-Миний хувьд анх өнгөрсөн оны 12-р сард судлаач сонгон шалгаруулж байгаа зарыг хараад дипломоо бичих аргачлалд суралцах, судалгааны ажил хэрхэн явагддаг талаар мөн олон мэргэжлийн хүмүүс баг болж яаж судалгаа хийдэг талаар сонирхож үзье гэсэн зорилгоор бүртгүүлж тэнцээд энэ судалгааны ажилд орсон. 

Анх нарийн учраа ойлгохгүй судалгаагаа эхлээд, судалгаанд оролцох явцад энэ ажилдаа дурлаад судалгааны ажил гэдэг ийм байдаг юм байна гээд илүү их сонирхож, суралцах явцад зорилго маань ч илүү тодорхой болж өөрчлөгдсөн байдаг. Жишээ нь би энэ судалгаанд оролцсоноороо цэгцтэй сэтгэх ёстой юм байна, би зөв ярих ёстой юм байна зэрэг наад захын олон зүйлст суралцаж байсан. 

Ингээд Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцоо гэж юу юм, одоо ямар байгаа юм, ямар асуудлууд тулгараад байгаа юм, жишиг загвар нь ямар байх ёстой юм гэх мэт олон асуудлыг нарийвчлаад судлаад ирэхээр би энэ судалгааны ажлыг илүү сайн болгохын тулд хичээх ёстой юм байна, цагийн нөөцөө зориулах ёстой юм байна бодолтой болж өөрчлөгдсөн.



-Танай судалгааны зорилго юу вэ. Нийгэмд ямар үнэ цэнэ бүтээх хүлээлттэй байна вэ? 

Судалгааны ажлын гол зорилго нь Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх байсан. Анх бол судалгааныхаа зорилгыг ч бүрэн ойлгохгүй эхэлж байсан ч судалгаа үргэлжлэх тусам бид нар системийн загварыг ашиглаад жишиг тогтолцооны загвар бий болгох гээд байгаа юм байна. Тэрхүү загварыг бий болгохын тулд хэв шинж бүрээр нь задалж судлаад байгаа юм байна гэх мэтчилэн судалгаагаа нарийн ойлгож шимтэн судалснаар өнөөдрийн үр дүнг бий болгоод байна. 

Үр дүнгээс жишээ татаад яривал бид Нийгмийн даатгалын болон Даатгалын тухай хуулиудад системийн шинжилгээ хийж үзсэн бөгөөд судалгааны үр дүнд гарсан доголдлууд, түүнийг хэрхэн арилгах шийдлүүдийг судалгаандаа тусгаж өгсөн байгаа. 


-Суурь хэв шинжүүдийг тодорхойлсон гэж хэд хэдэн удаа дурдлаа энэ талаар тайлбарлаач, судалгааны арга зүйн нэг хэсэг үү?

- Тийм. Энэ нь судалгааны аргачлалын нэг хэсэг нь юм. Жишээ нь энэ судалгааны нэр нь Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь гэж байна. Тэгвэл тэтгэвэр гэдэг нь яг юу вэ гээд судлаад ирэхээр тэтгэврийн даатгал гэдэг нь юу вэ, эрсдэл гэж юу вэ гээд хоорондоо уялдаа бүхий олон ойлголтуудыг логикоор задалж судлах шаардлагатай болсон. Ингэснээр бидний өмнө нь мэддэг гэж боддог байсан ойлголтууд шал өөрөөр эргэх тохиолдол ч байсан. Үг бүрээр задлаад ирэхээр ойлголт нэгдэхэд ч амар болдог. Энэ нь амархан сонсогдож байж магадгүй ч нэг үгний ойлголт, тайлбарыг гаргаж ирэхийн тулд 10 гаруй удаа хэлэлцүүлэх тохиолдол ч байсан.


-Ямар асуудлуудын хүрээнд судалгааг боловсруулсан бэ? Та бүхний судлагааны голлох үр дүнгүүд юу вэ? 

Асуудлуудын хувьд бид судлаад 107 асуудлын жагсаалтыг гаргаж ирсэн. Үүнийгээ 17 бүлэг болгож ангилсан байдаг. 

Асуудлуудаас жишээ татвал бидний дунд хамгийн их яригддаг нь тэтгэвэр өвлөгдөхгүй байгаа асуудал байна, эсвэл тэтгэвэр иргэдийн амьжиргааны түвшинг хангахгүй байна гэх мэт иргэдэд үүсгэдэг асуудлуудыг судалж гаргаж ирсэн. Голлох үр дүнгээс дурдвал тэтгэврийн тогтолцооны жишиг загварыг гаргаж ирээд, зорилгын 5 хэмжүүр үзүүлэлтийг боловсруулсан байгаа. Жишээлбэл ядуурлын түвшин бол тэтгэврийн даатгалын тогтолцоотой шууд уялддаг юм байна гэдгийг судалж гаргаж ирсэн байгаа.

Мөн түүнчлэн өмнө нь дурдсанаар Даатгалын тухай болон Нийгмийн даатгалын тухай хуульд ТУССолюшн ХХК-ийн боловсруулсан аргачлалаар системийн шинжилгээ, оношилгоо хийж, шийдэл боловсруулсан байгаа.



-Судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаач, бусад судалгааны арга аргачлалаас ямар ялгаатай байна вэ?

Арга, аргачлалын хувьд өмнө нь дурдсан ТУССолюшн ХХК-ийн боловсруулсан Тохиргоотой угсардаг систем (ТУС) загвараар судалгааг гүйцэтгэсэн. Энэ загвар нь эрүүл нийгмийн тогтолцооны дүрслэлийг боловсруулах аргачлал юм. Дотроо тогтолцооны нэгдмэл зорилго, оролцогч талууд, тэдний үүргүүд, мониторинг, оношилгоо зэргийг тусган харуулдаг дүрслэл юм. 

Өөрөөр хэлбэл нийгмийн аль ч нэгж нь өөрөө тогтолцоо гэж үзвэл тухайн тогтолцоо нь өөрөө нэгдмэл зорилготой, нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэгч оролцогч талуудтай, оролцогч тал бүр нь үүрэгтэй, үүргээ биелүүлээд үр шимээ хүртдэг ийм тогтолцоог бид эрүүл тогтолцоо гэж нэрлээд байгаа юм. Тэгвэл энэ аргачлалаар Монгол улсын тэтгэврийн тогтолцооны зорилго, түүний оролцогч талууд болон тэдгээрийн үүргүүдийг тус бүрт нь нарийвчлан судлаад жишиг загварыг нь гаргаж ирсэн гэж ойлгож болно. 

Түүнээс гадна би ТУС Солюшны боловсруулсан аргачлалаар Үндэсний хэмжээнд зохион байгуулдаг тэмцээнд банкны системд дүн шинжилгээ хийж туршиж үзсэн, мөн энэ аргачлалын талаар тайлбарлаад энэ бол Монгол компанийн гаргаж ирсэн шинэ арга, аргачлал, шийдэл юмаа гээд тайлбарлахад их эерэгээр хүлээн авч өөрийнхөө хэмжээнд тэмцээндээ амжилттай оролцож чадсан.


-Судалгаа гүйцэтгэх явцад тулгарсан бэрхшээл байсан бол дурдаач? 

Цар тахлын үед судалгааны уулзалтыг зохион байгуулахаас эхлээд асуудал их байсан байх

Судалгааны уулзалт танхимаар зохион байгуулагдах боломжгүй байсан нь бага зэрэг асуудалтай байсан ч гэсэн судлаачид маань бүгд ойлголтоо нэгтгээд, зорилгоо ойлгочихсон байсан учраас тийм их асуудал гараагүй. Харин нөгөө талаасаа хараад үзвэл судлаачдад өөрсдөд нь асуудал нь байсан юм шиг санагддаг. 

Жишээ нь бид анхандаа системийн аргачлалаа бүрэн ойлгож чадахгүй, чөлөөтэй сэтгэж чадахгүй баригдмал хуучин сэтгэлгээгээрээ байгаад байснаас болоод бидэнд хөгжих хугацаа их шаардсан нь хамгийн том асуудал нь байсан гэж бодогдож байна. Энэ үед зохион байгуулалт талаасаа ЗСДС ТББ-ын ахлах судлаач Л.Долгор маань биднийг чиглүүлээд, мөн тус байгууллагын зохион байгуулдаг сургалтуудад хамруулснаар бүгд өмнөх хуучин сэтгэлгээнээсээ салж, илүү бодитой, логиктой сэтгэдэг болж эхэлсэн гэж бодож байна.




-Судалгаанаас сурсан зүйлээ дурдахгүй юу.Сая хэлсэнчлэн судалгаанд оролцоод их өөрчлөгдсөн гэсэн шүү дээ, тэгвэл хэрхэн яаж өөрчлөгдсөн талаасаа тайлбарлаач?

Энэ талаар жишээ аваад яривал би найзуудтайгаа 3-р курсээ төгсөх жилдээ уулзсанаас хойш саяхан судалгаагаа дуусгаад нэг уулзсан. тэр үед найзууд маань хүртэл чи ямар өөр нухацтай болчихсон юм бэ, үг, өгүүлбэр чинь хүртэл шал өөр хүн шиг болчихсон байна гэж хэлж байсан. 

Би өөрөө ч урьдын Мөнх-Оргил гэдэг хүнийг бодоход одоо илүү юманд няхуур, нухацтай, юмны цаад утгыг илүү бодож ойлгож, анализ хийдэг, ярьдаг болсон юм шиг санагддаг. Цаашид ч гэсэн энэ судалгааны аргачлалыг илүү их суралцаад явах сонирхолтой байгаа. 



-Танд сая ярилцаж амжаагүй нэмэлтээр уншигчдад сонирхуулах мэдээлэл байвал хуваалцаарай?

- Энэ судалгаагаар ойлгож авсан бас нэг гол зүйл бол тогтолцоо гэдэг ойлголт байсан. Яагаад гэвэл тогтолцоо гэдэг нь өөрөө хүн. Хүн байхгүй бол тогтолцоо гэж байхгүй, нийгэм гэж байхгүй. Үүнийг ЗСДС ТББ-ын гүйцэтгэсэн Үндсэн хуулийн судалгаагаар гаргаж ирсэн Хүний Эрх Төвтэй нийгмийн загвар буюу ХЭТ-16 загвар гэж байдаг тэндээс харж болно. Энэ ярилцлагыг уншиж байгаа та бүхнийг бас тус судалгааны ажилтай танилцаад үзээсэй гэж бодож байна. Мөн түүнчлэн би саяхан СЭЗИС-аас зохион байгуулдаг Оюутан Менторшип хөтөлбөрт оролцоод 1-р курсийн хүүхдэд ментор нь болж ажиллаж үзсэн. Тэр үед би тухайн хүүхдээс хамгийн түрүүнд чамд ямар эрх байгааг чи бүрэн мэдэх үү? Гэж асуусан ч тухайн хүүхэд маань сайн мэдэхгүй байсан. Үүнтэй адил маш олон хүн ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээдэг гэдгээ ч мэддэггүй. 

Бид Монгол улсад төрсөн бол Үндсэн Хуулийн 16, 19-р зүйлд заасан өөрсдийн эрх, үүргийг мэдэж байх ёстой. Жишээ нь бид тэтгэвэр авах буюу  эд мөнгөний тусламж авах эрхтэй гэдгийг Үндсэн Хуулийн 16.5 дахь зүйлээс харж болно. Энэ эрхийн хүрээнд бид энэ судалгааны ажлыг хийсэн гэж ойлгож болно. Тиймээс та бүхнийг ч бас Үндсэн Хуулиа уншиж танилцаад өөрийн эрх үүргийг мэддэг хариуцлагатай иргэн байгаасай, мөн судалгааны тайлан маань бэлэн болох үед бидний хийсэн ажилтай танилцаад үзээсэй гэж хүсэж байна. 


Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.