Ойн судалгаа, хөгжлийн төвөөс энэ сарын 7-12-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгаа хийсэн байна. Судалгаанд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Богино, Зайсан, Залаат, Хүрхэрээ, Харгана, Хүрэлтогоот, Бумбат, Төр хурах, Шажин хурах зэрэг газрыг хамруулжээ.

Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжууд илэрчээ.

Шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Ойн хөнөөлт шавжийн тоо  хэт олшрох нь модыг доройтуулах сөрөг нөлөөлөл ихтэй учир байгальд сөрөг нөлөөлөл багатай аргаар хөнөөлийн голомтыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.