Х.Оргил
04 сарын 14, 2020
УИХ-ын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцлээ.
Уг хуулийн төсөл нь дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчиж байгааг таслан зогсоох, улмаар нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын төвлөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг нөхөн сэргээхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгджээ.
Энэ үндсэн дээр Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас нь үл хамааран иргэнээс 1 ам метр талбайгаас 1000 төгрөг, хуулийн этгээдээс 1 ам метр талбайгаас 3000 төгрөгөөр тооцож Үл хөдлөх хөрөнгийн албан татвар авах зохицуулалтыг хуульд нэмэлтээр оруулахаар тусгажээ.
Энэ талаар Н.Цэрэнбат "Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх авсан ч амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж олноор барьсан. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг бүгд зөрчсөн гэсэн үг. Үүнийг хуулийн хувьд цэгцэлж байна" гэсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалтыг явуулахад 15 гишүүний 60 хувь нь дэмжлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.