Афганистанд төрж буй ээж, дөнгөж төрсөн нярай амьд үлдэх магадлал тун бага

П.Мөнгөнсор
09 сарын 23, 2021

Эрүүл мэндийн системийн доголдол, ядуурал нүүрлэсэн Афганистан улсад хоёр цаг тутамд нэг эмэгтэй төрөхийн хүндрэлээр нас барж байна. 

Талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа нөхцөл байдал улам дордсоор...


Төрсөн ээжүүдэд өгөх өвчин намдаах эм ч үгүй

Талибанчууд засаглаж эхэлснээс хойш эрүүл мэндийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтууд зогсжээ. Хангамж, хэрэгслийн дутагдалд орсон эмнэлгүүд өвчтөн хүлээж авах байтугай түргэн тусламжийн машиндаа түлш хийх ч мөнгөгүй болтлоо туйлдав. Иймээс иргэдээс яаралтай дуудлага хүлээн авахаа хэдийн больсон.

Хэдхэн хоногийн өмнө бяцхан үрээ өлгийдсөн бүсгүйчүүдийн нэг бол Рубиа. Тэрбээр Афганистаны зүүн хэсэгт байрлах Нангархар аймгийн эмнэлэгт гурав дахь үрээ өлгийдөн авчээ. 

Байж боломгүй хүнд нөхцөлд хүүхдээ төрүүлсэн Рубиа ийм аймшигтай нөхцөлд төрж байсангүй хэмээн халаглан ярьж сууна.

Эмнэлгүүдэд тог цахилгаан тасарсан тул сэнс, агаар шүүгч гэж үгүй. Байж ядсан бүгчим халуунд 

Рубиа “Амьсгалахад ч бэрх байсан эмнэлэгт, шүршүүрт орж байгаа юм шиг л хөлөрсөн. Тэсэхийн аргагүй өвдөж байхад эмч нар ээжүүдэд өгөх өвчин намдаах эмч байгаагүй” хэмээн ярьжээ. 

Түүнийг эх барьсан эмч Абида гар утасныхаа гэрлийг асааж, хүүхдийг эсэн мэнд эх барьсан гэнэ.

Ийм хүнд бэрх нөхцөлд төрсөн ч эх, хүүхэд амьд үлдэнэ гэдэг аз мэдэх л асуудал юм. Өдгөө Афганистанд 100 мянган төрөлт тутамд 638 ээж эндэж байна.

Дөнгөж төрсөн нярай эндэх магадлал өндөр

Хүүхдээ эсэн мэнд төрүүлсэн ч нярайгаа тэврээд харьсан эх эргээд эмнэлэгт үзүүлж, тусламж үйлчилгээ авах боломж тун хомс. Талибаны дэглэмийн дагуу эмэгтэйчүүд эр хүнгүйгээр гадагшаа гарах эрхгүй.

Гарсан ч зөвхөн эмэгтэй эмч л үзлэг, эмчилгээ хийх хуультай. Яаралтай үед эрэгтэй эмч эмэгтэй хүнд үзлэг хийснийхээ төлөө Шариатын хуулиар зодуулж, шийтгүүлсэн тохиолдол олон гарчээ.

5 сартай жирэмсэн Нангархарын оршин суугч Зармина “Миний нөхөр гэр бүлээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг. Түүнийг завгүй үед эмнэлэг хамт явъя гэж хэлэх хэцүү шүү дээ” гэжээ.


Хийсвэр хагалгааны зардлаа төлж чадахгүй бол...

Афганистаны хүн амын тал нь ядуу болон нэн ядуу нөхцөлд аж төрж байна гэсэн судалгаа бий. Үүнээс улбаалан эх, хүүхдийн асуудал өдөр өдрөөр дордсоор байна.

Хийсвэр хагалгаанд орох жирэмсэн эхчүүд хагалгааны зардлаа өөрөө төлөх хэрэгтэй болдог гэнэ. Бээлий, ариутгалын шингэн, мэс заслын хутга зэрэг хэрэгсэлд дунджаар 26 орчим ам.доллар төлөх ёстой гэнэ. 

Мэдээж хагалгааны зардлаа төлж дийлэхгүй ээжүүд олон бий. 

НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор энэ байдлаараа 2025 он гэхэд 51 мянган төрөхийн эндэгдэл, 4.8 сая эмэгтэй хүсээгүй жирэмслэлттэй тулгарах магадлалтай аж.   

Эмч мэргэжилтнүүд сүүлийн гурван сар цалингүй ажиллаж байна

Талибанчууд Афганистаны нийслэл Кабулыг эзэлсний дараа олон хүн эх орноосоо дүрвэн гарсан. Тэр дундаа эмч, эрүүл мэндийн ажилтнууд цөөнгүй байжээ. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, мэргэжилтэнгүй болоход нөлөөлжээ. 

Үлдсэн эрүүл мэндийн салбарын ажилчид сүүлийн гурван сар ямар ч цалин хангамжгүй ажиллаж байна.

Афганистанд 10 мянган хүн тутамд 4 эмч, сувилагч, эх баригч ногддог. Энэ нь олон улсын жишгээс 5 дахин бага үзүүлэлт юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.