Ажил олгогчид хүний нөөцийн хомсдолд орсон тухайгаа ам уралдан ярих боллоо. Тэр дундаа үйлчилгээний салбарт ажиллах хүн олдохоо больсон гэнэ.

“Зарын сонинд сүүлийн 5-6 сарын турш зар тавьсан ч залгаж ажил асуусан хүн ховор” хэмээн ярьсан жижиг дунд бизнес эрхлэгч танил маань ажилтангүй тул бизнесээ явуулахад бэрх болсон тухайгаа учирлалаа. 

Тэрбээр “Зарын сонин аваад хараарай. Ихэнх нь ажилд урьж байна гэсэн зар бий. Гэвч ажилд орох хүсэл сонирхолтой хүн ховор болчихжээ. 

Ажилтан авахын тулд тогтвортой ажиллавал цалин нэмэх, хуримтлал үүсгэх гэрээ байгуулж байна. Койн ярьсан залуус л олон болжээ. Хөдөлмөр хийхгүйгээр босдог, бүтдэг амьдрал гэж байдаггүй гэдгийг одоогийн залуус ойлгоосой” гэсэн юм.

Эднийх гэхэд цар тахлаас өмнө 10-аад хүн ажиллуулдаг товхийсэн цех байсан юм. Гэвч сүүлийн хоёр жил буюу халамжийн бодлого хавтгайрсны дараа ажиллахаа хүн олдохоо больж аргаa барж сууна. Хааяа ажиллахаар ирсэн хүмүүсийн ихэнх нь голдуу түр хугацаагаар ажилладаг эсвэл хил нээгдэнгүүт гадагшаа явахаар төлөвлөж байгаагаа учирладаг гэлээ. 

Нөгөө талд ажил мэргэжилтэй ч сардаа авдаг тоотой хэдэн төгрөгийн цалингаас татгалзаж, лангуу түрээсэлж, хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийн тоо эрс нэмэгдсээр байна. Тэд мэргэжлээрээ сар ажиллаад олох мөнгөө 10-аад хоногийн дотор л халаасалдаг.

Тэднийг албан бусаар хөдөлмөр эрхлэгчид хэмээн тодотгодог. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 90 мянга гаруй хүн албан бусаар хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо гарсан байдаг аж. 

Ажил олгогчдын толгойны өвчин хүний нөөц, нөгөө талд боломжийн цалинтай ажлын байрны эрэлд гарч буй ажилгүйчүүдийн асуудлыг бид энэ удаа онцолж албан тушаалтан болон иргэдийн байр суурийг хүргэж байна.

Бид ажилгүйдлээ ул суурьтай бодож, шийдэл ярих цаг болжээ.

Бичлэг үзэх: 


Халамж хэтэрснээс ажилгүйдэл бий болчихлоо гэж ярих нь өрөөсгөл 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Халамж хэтэрснээс ажилгүйдэл бий болчихлоо гэж ярих нь өрөөсгөл. 

Жишээ нь төрөөс үзүүлж буй 72 төрлийн халамжийн үйлчилгээг 2 сая гаруй иргэн авч байна. Нарийвчлан авч үзвэл цалинтай ээж, хүүхдийн мөнгө гээд халамжийн гэхээсээ илүү хүн амаа тэтгэсэн бодлогууд зонхилдог. Үндсэндээ ядуу баян эсэхээс үл хамаараад бүлгээр нь халамжийг олгодог гэсэн үг. 

Иймээс л олон улсын байгууллагын судалгааны дүнг авч үзэхэд манай нийгмийн хүн амын халамжийн 60-аад хувийг ядуу бус хүн авдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнийг зөв гольдролд оруулахын тулд халамжийн болон хүн амын бодлогоо зааглахаас өөр арга алга. Ингэж байж зорилтот бүлэгт л халамж хүрнэ.

Хүнс тэжээлийн дэмжлэгийг гэхэд цэгцлэх тал руугаа явж байна. 

Жишээ нь Германы нөхцөлт халамж гэдгийг 7 дугаар сараас нэвтрүүлсэн. Ингэснээр ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөлмөрийн насны иргэдэд хоёр удаа ажлын байр санал болгоно. 

Эхний удаад сургаж ур чадварыг нь суулгана, дараа нь ажлын байр санал болгоно. Саналаас нэг удаа татгалзаж болно. Дараагийн удаа ч бас сургаж, ажлын байр санал болгоход төрөөс эргээд халамжлах үүргээсээ татгалзах талаар ярьж байна.

Ажилгүй иргэдийн дийлэнхийг их дээд сургуулийн диплом өвөртөлсөн залуус эзэлдэг.  

Дийлэнх нь хөдөлмөрийн зах зээлд нэгэнт хангагдсан ажил мэргэжил эзэмшсэн байгаа юм. Харин цалин өндөртэй, эрэлттэй ажил мэргэжил болох IT, технологи инноваци шингэсэн салбарт хүний нөөц дутагдалтай байна. 

Иймээс төр засгийн зүгээс бодлогодоо тусгаж шаардлагатай мэргэжилтнүүдээ бэлдэх цаг нь болчихжээ.

Нэгэнт ажил мэргэжилгүй байгаа залууст хөдөлмөр эрхлэх сангаар дамжуулан давтан сургах, өөртөө ажлын байр бий болгож боломжийг олгож байна. 

“Халамжаас хөдөлмөрт шилжих” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү “Оролцоо” төслийн хүрээнд эхний ээлжинд 18-34 насны 1211 залуугаас сургаад байна. Ер нь ажил ологчид маань ажилтан авахдаа ур чадвар гэхээс илүү хандлагыг чухалчилдаг. 

Ажлын бүтээмжийн хэмжүүр нь ганцхан цалин хөлс байдаггүй

Үндэсний Хөгжлийн дэд дарга, эдийн засагч Б.Дөлгөөн:

Өнгөрсөн онд гарсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар нийт ажиллах хүчний буюу 15-24 насныхны дөрөвний нэг нь ажилгүй байна. 

Энэ нь манай улс ажиллах хүчний нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байгаагийн илрэл. Олуулаа ажиллаж хөдөлмөрлөж байж л улс орон хурдацтай хөгжинө шүү дээ. 

Бүтээмжийн хэмжүүр нь дан ганц цалин хөлс биш. Нэг цаг ажлаад 5000 төгрөгийн цалин авдаг бол үүнийг 6000, 7000 төгрөг болгохыг бүтээмжийн өсөлт гэж харж болох ч нөгөө талаасаа тухайн хүний ажлын үр дүн ямар байна вэ гэдэг чухал. Тухайлбал ажил хийснээр сурах чадвар, мэдлэг, практик дадал ч бүтээмжид хамаарна. 

Тэгэхээр бид бүтээмж нэмэгдүүлэх талаар ярихаас урьтаж залуусын ажил эрхлэлтийн байдлыг анхаарах хэрэгтэй байна. Огт ажил хийдэггүй хүн чадвар эзэмшихгүй. 

Харин ямар нэг ажил хийгээд түүнээсээ ур чадвар, дадлага туршлага  эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж чадна. Тэгвэл ажлын үр дүн бүтээмж нь өснө. Одоохондоо өөрт таалагдаагүй ажил эрхэлж байсан ч тогтмол өсөж, хөгжиж байвал ажлаа хийж байхдаа дараагийн ажлаа хайх замаар шилжилт хийж болно.

Нэг ажлаас олж авсан туршлага мэдлэг дараагийн ажлын суурь болдог. Салбар дотор ажлын байрнууд бага бүтээмжтэй, арай илүү бүтээмжтэй гээд олон янз шүү дээ. Жишээ нь жирийн малчны ажлаас эрчимжсэн мал аж ахуй  руу шилжиж болно. 

Хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй нь  албан бус салбарт ажиллаж байна гэсэн үг. 

Албан бус салбарт ажиллахад эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ авах амаргүй. Ялангуяа тэтгэвэрт гарсан хойноо хэрхэн амь зуух вэ гэдэг асуудал үүсдэг. 

Тиймээс албан салбарт ажиллах нь өнөөдөртөө ашиггүй мэт харагдаж болох ч урт хугацаандаа таныг хамгаалах хамгаалалтын систем юм.


С.Оюунсайхан: Шинэ ажилтнаа сургаж, ажилд авч үлдэе гэж боддоггүй

Шинэхэн төгсөгсдийн хувьд ажлын байран дээр гараад ямар сорилтой тулгардаг. 

Яагаад ажил хийх хүсэл сонирхолгүй болдог вэ гэдэг асуултад залуусын төлөөлөл болгож Yag Tech- ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Оюунсайхан хариулж байна.


Ихэнх компаниудад ажлын байрны тодорхойлолт гэж байдаггүй. Шинэ төгсөгч юм чинь, залуу юм чинь гээд ажил мэргэжлийн дагуу биш, ойр зуурын ажил хийлгэх нь түгээмэл. Үүнийгээ буруу гэж боддоггүй, ер нь байх ёстой зүйл гэж боддог. Нэг нь хаяад явбал нөгөө нь хийчихнэ гэсэн хандлагатай ажил олгогчидтой нэлээн хэд таарч байсан. 

Ганц надад ч биш үе тэнгийн найз нөхдөд маань ч тулгарч байсан асуудал л даа. Шинэ ажилтнаа сургаж, ажилд авч үлдэе гэж боддоггүй нь ажил хийхэд хүндрэл учруулдаг. 


Ийм хэцүү зүйл олон тохиолддог учраас залуусын дунд гадаадад очиж ажиллах хандлага эрс нэмэгдсэн. Шинийг хийж бүтээе, эх орноо хөгжүүлье гэж хүссэн ч төсөөлснөөс өөр байгаа учраас тийм бодолтой залуусыг буруутгахгүй. 

Харин миний хувьд хэчнээн хэцүү байсан ч эх орондоо л баялаг бүтээнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна. 

Яагаад гэвэл миний эх орныг би л биш бол өөр хэн ч хөгжүүлэхгүй. Намайг харь улсад хэдэн арван жил ажиллаад ирэхэд энд бахь байдгаараа л байна. Тиймээс би өөрөө л өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж бодсон. 

Хэдий их дээд сургууль төгссөн ч албан бус салбарт ажиллан, амьдралаа болгож яваа залуусыг буруутгах аргагүй юм. 

Тиймээс дээд боловсролтой ч таксинд явж байгаа залуусын төлөөллийн нэг Б.Тамираас үзэл бодлыг нь сонслоо.

Тэрбээр “Би бизнесийн удирдлагын мэргэжлээр их сургууль төгссөн. Ирэх нэгдүгээр сард магистрын зэргээ хамгаална. Мэргэжлээрээ ажиллая гэсэн ч цалин багатай учир амьдрах бололцоо тааруу шүү дээ.

Цалин нь 1-1.5 сая төгрөгийн хооронд байгаа. Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр, өртөг ихтэй Улаанбаатарт иймхэн цалингаар амь зуух хэцүү санагддаг. Тиймээс л мэргэжлээ орхиод таксинд явж байна. Таксинд явахад өдөрт 100 мянган төгрөгөөс буудаггүй, цагт баригдалгүй, ажиллахад амар байдаг юм.

Мэргэжлээрээ аль нэг компанид ажиллаж болно л доо. Гэхдээ өсч, дэвших боломж муу байдаг. Арын хаалга,  танил тал, ах дүү нараа өндөр албан тушаалд тавьчихдаг учраас хичээж ажилласны үр дүн тэр бүр гардаггүй. 

Ийм улсад хэн амьдрахыг хүсэх вэ дээ. Гадагшаа явж байгаа залуусыг буруутгах аргагүй” гэлээ.