“JCI Монгол” төрийн бус байгууллагаас санаачлан хэрэгжүүлдэг “Эерэг Монгол” чуулган “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо” уриан дор 3 дах жилдээ зохион байгуулагдлаа. 

Чуулганы үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран зохион байгуулсан юм.

“Эерэг Монгол” чуулган нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, чанартай боловсролыг түгээх зэрэг тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх зорилготой юм.

Энэ хүрээнд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл" сэдвээр хэлэлцлээ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэдний нийгмийн оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх санал зөвлөмжүүдийг нэгтгэн гаргаж Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдэд танилцуулах юм.

“Эерэг Монгол” чуулганы оролцогчид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар ийнхүү ярьж байна.

Бичлэг үзэх: 

Халамжаас хөдөлмөрт шилжихэд төр засаг дангаараа хичээх хангалтгүй


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА:

Хөдөлмөрийн зах зээлд эрхэлсэн ажилгүй залуус нэмэгдсэн. Тэр дундаа их, дээд сургуулийн дипломтой хэрнээ ажилгүй залуус байна. Гэтэл нөгөө талд 20 мянган ажлын байр жил бүр нээлттэй байгаа ч ажилтан олддоггүй гэсэн тооцоо судалгаа бий. 

Үүнээс үзэхэд инновацилаг буюу мэдээллийн технологид суурилсан, хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, бизнесүүдийг дэмжсэн бодлого гаргах шаардлагатай байна. Зорилтот залуусыг мэргэшүүлж, ажлын байртай болгох хоёр долоо хоногийн хугацаатай “Оролцоо” төсөл хэрэгжүүлж, эхний ээлжинд 1200 залууг төгсгөж, үйлдвэрлэлийн дадлагад гаргаад байна.

Мөн цар тахлын үед алсаас ажиллах, зайнаас ажиллах, цагаар ажиллах гэх зэрэг шинэ хөдөлмөрийн хэлбэрүүдийг дэмжих бодлого хэлэлцсэн. Монгол Улсад ойролцоогоор 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тооцоо бий. Гэвч манай холбогдох яамдуудын бодлогын алдаа, ЭМЯ-ны хамтын ажиллагаа төдийлөн сайн биш тул эдгээр иргэдийг хөдөлмөрийн зах зээлд оролцуулдаггүй. Үүний илрэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар цогц мэдээлэл, бүртгэл байхгүй байна шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд сууриас нь эхлэх ёстой.

Эрт илрүүлэг, зөв оношилгоо, эрүүл мэндийн үйлчилгээгээ сайн хүргэж байж тусгай хэрэгцээнд нь нийцсэн сайжруулалтуудыг хийх боломжтой. 


Хувиараа бизнес эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зээлийн дэмжлэг үзүүлнэ


ЕРӨНХИЙ САЙДЫН НИЙГМИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ Ч.УНДРАХБАЯР:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн бодлогын баримт бичгүүд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд хүргэхийн тулд маш олон талын хамтын ажиллагаа хэрэгтэй. 

Үүнд, ААН-үүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, тэдэнд ч мөн тусгай хэрэгцээнд нь тохируулан үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр сонирхож байгаа ажлын чиглэлээр нь чадавхижуулах, тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлэх гэх зэрэг шинэлэг үйлчилгээ яригдлаа. 

Түүнчлэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хэмжээний зээлийн дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэхээр ярилцсан байгаа. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрийн таатай орчин байхгүйгээс болж ажлаасаа гарсан хүн ч бий


JCI ЦЕНТРАЛ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, "ЭЕРЭГ МОНГОЛ" ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ Г.ТЭЛМЭН:

Энэ жил бид төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм гэсэн олон талт хэлэлцээрийг хангаж ажиллахыг хичээсэн. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт түүнд тулгарч буй бэрхшээл, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тэгш хүртээмжтэй байдал сэдвийн хүрээнд 3 өдөр үе шаттай хэлэлцүүлэг хийсэн. 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлс дотор аж үйлдвэрийн хувьсгал, технологийн дэвшил зэрэг нь хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт оруулж байна. Залуус үүнд бэлэн байгаа эсэх, хэрэв үгүй бол мэргэшүүлж, дахин сургах шаардлагатай байна. 

Мөн төрийн болон хувийн хэвшилд бүх шатандаа тэгш хамруулах зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар сайжруулах талаар чухалчлан авч хэлэлцлээ.