Буяндэлгэрийн Мөнхчимэг
12 сарын 03, 2021
Сүүлийн жилүүдэд хүйсгүй загвар (unisex ), амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрч, жендэрийн хэвшмэл ойлголтод баригдахаас илүүтэйгээр хувь хүнийхээ онцлогийг илэрхийлэх боломжийг олгож буй. Үүний нэгэн жишээ болж Японы ахлах сургуулиудын дунд хүйсээс хамаарахгүйгээр хүссэнээрээ өмсөх боломжтой дүрэмт хувцастай болох хөдөлгөөн өрнөж байна.
Тус улсад дүрэмт хувцас үйлдвэрлэгч "Канко Гакусэйфуку"-аас явуулсан үндэсний хэмжээний судалгаагаар сургуулиудын 39.3% нь лесбиян, гей, бисексуал, трансжендер, queer (LGBTQ) сурагчдад чөлөөтэй хувцаслах боломжийг бүрэн хангасан гэж хариулжээ.
Эдгээр сургуулийн талаас илүү хувь нь охидыг өмд өмсөхийг, 40 орчим хувь хөвгүүдийг юбка өмсөж, тууз зүүхийг зөвшөөрсөн төдийгүй, эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн өмсөх боломжтой пиджактай дүрэмт хувцас гаргажээ.
Мөн судалгаанд хамрагдсан сургуулиудын 20 гаруй хувь нь дүрэмт хувцасны шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн. Үүнээс үзвэл Японы ахлах сургуулиудын 60 орчим хувь нь хүйсгүй дүрэмт хувцсыг хүлээн зөвшөөрч, томоохон өөрчлөлт хийхээр болж буй ажээ.
Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас 2015 онд “Сурагчдад хүйсийн баримжаа олгох талаар зохих арга хэмжээ авах тухай” мэдэгдэл гаргасан байдаг. Энэхүү мэдэгдлийн дагуу ахлах сургуулиуд дүрэмт хувцастаа өөрчлөлт оруулж буй нь энэ юм. Цаашдаа сурагчдын үс засалтыг илүү чөлөөтэй болгох төдийгүй бие засах газруудыг ч төрөлжүүлэхээр бэлтгэж буй гэнэ.
Эх сурвалж: Nippon.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.