Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа


Цахим хэлбэрээр явагдсан тус гарын үсэг зурах үйл ажиллагааг ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов удирдан явуулсан юм.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор хоёр тал хамтран хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.


 ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов “ОУСК-аас нийслэл хотуудын дэд бүтэц болоод бусад тулгамдсан асуудлыг санхүүжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн.



Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тогтвортой, олон тулгуурт, найдвартай санхүүжилт шаардлагатай болсон тул ОУСК-аас Улаанбаатар хотыг дэмжин ажиллахаар уг санамж бичгийг байгууллаа” хэмээв.

ОУСК нь Дэлхийн банк группийн гишүүн бөгөөд хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг, дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС