“Гоожингийн өндөр” түүхэн барилгыг нийслэлийн хамгаалалтад авч, тус газрыг эзэмших эрхийг цуцалж байгаа талаар НЗДТГ-аас мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжийн дагуу Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:

Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгааалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гоожингийн өндөр"-ийн хоёр давхар барилгыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа юм. Түүхэн дурсгалт барилгын хийц бүтээцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо. Сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан гүйцэтгэх бөгөөд цаашид музейн зориулалтаар ашиглахаар Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан байна. Мөн барилгын орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Түүнчлэн "Гоожингийн өндөр" хэмээх үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчид шилжүүлсэн явдлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох юм.

"Гоожингийн өндөр"-ийн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа иргэний газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон тухайд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:  “Энэхүү барилгад Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан, мөн Богд хааныг энэ барилгад 50 гаруй хоног хоригдож байсан түүхтэй барилгыг нийслэл хот хамгаалалтдаа авлаа. Цаашдаа хотынхоо өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотын түүхэн үйл явдалтай холбоотой төдийгүй Улаанбаатар хотын анхны европ хийцийн барилга гэдгээрээ онцлог юм. 

Үе үеийн төр засгийн байгууллагууд хамгаалсаар  ирсэн энэхүү барилгын газрыг эзэмших шийдвэрийг иргэнд хууль бусаар олгосон асуудлыг  шүүхээр шийдвэрлүүлнэ. Дусгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг  шалгуулна.  Улсын өмчийг хамгаалж бид хамгаалалтдаа авч байгаа нь маш зөв шийдвэр” гэсэн юм.