Мөнхбат
01 сарын 31, 2022
2018 онд хөлбөмбөгийн талбай дээр хөлбөмбөгийн хаалганд даруулж эндсэн 11 настай хүү. Мөн онд цахилгааны ил гарсан утаснаас тогонд цохиулж нас барсан 9 настай хүү. Цахилгааны утас тэнд хэдэн сараар байсан гэсэн. 2019 онд 1–5 насны 3 хүүхэд гэртээ цахилгаанд цохиулж нас барсан. Ус алдах үед гар утасны цэнэглэгч залгаатай байсан гэсэн. Мөн онд 10 настай хүүхэд 10 давхрын гэрээсээ унасан. Эцэг эх нь гэртээ байсан гэх. 11–15 насны 4 хүү хашаагүй, харуулгүй, аюулгүйн санамж байрлуулаагүй байсан тогтоол усанд живж нас барсан. 3 настай, 4 настай хүүхдүүд ухсан худаг, жорлон руу унаж нас барсан. Том хүн ч унаж л байдаг. Саяхан 3 настай хүү лифтнээс унаж эндсэн харамсалтай осол боллоо. |
Энэ мэтээр урт үргэлжлэх харамсалтай ослуудыг уншигч та санаж байгаа болов уу. Эдгээр нь зөвхөн мэдээгээр гарч та бидний чихэнд хүрч байгаа мөсөн оргилын орой нь.
Статикстик нэг юм хэлээд байх шиг
Гэмтэл согогийн клиникийн тайлангаас харахад Улаанбаатар хотод 2020 онд нийт 115 мянга орчим осол гэмтэл бүртгэгджээ. Үүний 90-ээс илүү хувь нь санамсаргүй, хайхрамжгүй байдлаас үүдсэн тухай осол гэмтэлийн тайланд онцолжээ.
Насны бүлгээр харахад 0-оос 5 нас хүртэлх хүүхдүүдийн осол, гэмтэл бусад насныхнаас хамгийн өндөр ба энэхүү үзүүлэлт сүүлийн жилүүдэд зонхилох хандлагатай байгаа талаар тайланд дурджээ.
Мэдээж осол гэмтэл санамсаргүй, хайхрамжгүй байдлаас үүсэлтэй. Гэхдээ осол гэмтэлд өртөх бодит эрсдэл байгааг хайхрахгүй орхих нь өөрөө эрсдэлтэй. Бидний хайхрамжгүй байдлын хамгийн том хохирогчид нь хүүхдүүд байх нь.
Сүүлийн 5 жилийн статистикыг харахад, осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгаан нь
1) өндрөөс унах,
2) амьгүй механик хүчинд өртөх (даруулах г.м),
3) зам тээврийн осол,
4) хүчирхийлэл (санаатай осол гэмтэл),
5) амьтай механик хүчинд өртөх (нохой г.м).
Хайхрамжгүй байдлаас үүдсэн осол гэмтлийн нийтэд эзлэх хувь 90 хувиас буурахгүй, хэвийн үзэгдэл болж төлөвшиж байгаа нь бидний аюулгүй байдлын эрсдлийн талаарх боловсролд, ялангуяа дээрх 5 төрлийн осол гэмтлийн, ахиц гарахгүй байгааг илтгэж байгаа болов уу.
Миний бяцхан туршилт
Таны өдөр бүр алхдаг зам дагуу, гудамжинд осол гэмтэл учруулж болзошгүй аюулгүйн эрсдэл хэр их байдгийг ажиглаад үзээрэй. Бүр зургийг нь авч баримтжуулж болно. Тэгээд тэр аюулгүй эрсдэл арилтал хэр удахыг нь хараарай.
Жишээ нь миний өдөр бүр алхдаг зам дагуу дараах аюулгүйн эрсдлүүд байдаг.
Жил тойрон байгаа энэ цахилгааны утас хэр аюулгүй вэ? Элэгдээд утас нь гарсаны дараа хэн хэзээ очоод тогонд цохиулах бол?
Энэ гэрлийн шон хэзээ хэн дээр унах бол? Далийснаас хойш энэ чигээрээ л, он жилийг элээж буй өнчин мод шиг.
Суурь нь ганхчихсан. Явган хүний зам дээр ингээд машин тавьчихсан үед тойроод машин замаар явахаас өөр аргагүй.
Туршилтаасаа олж мэдсэн зүйл
Эдгээр аюулгүй байдлын эрсдлүүдийг хэн нэгэнд мэдэгдэе гээд ойролцоох хороонд нь хандаж үзлээ. Өргөдөл бичээд ир гэж байна. Ойр хорооллын СӨХ-д хандаж үзлээ. Хороолол дотор биш учир хамааралгүй гэнэ. Ойрхон үйлчилгээний, бизнесийн байгууллагуудад ямар нэг арга хэмжээ авч чадах талаар асуулаа. Дэмжсэн, доромжилсон янз бүрийн хариулт авсан.
Олон тийшээ гүйж, утас цохисоны эцэст дээрх мэтийн гудамж, нийтийн талбай дах аюулгүй байдлын эрсдлийг холбогдох, хариуцах этгээдэд (наад зах нь) мэдэгдэх нь ямар их ажил болохыг олж мэдлээ. Мэдэгдлээ гэхэд миний гомдол хэрхэн шийвэрлэгдэж байгааг, ямар явцтай байгааг яаж мэдэх вэ гэдэг асуулттай л үлдсэн дээ.
Иргэдийн орчин тойрноо сайжруулах гэсэн сайн дурын үйлдэл нь шууд хана мөргөөд, ямар ч үр дүнгүй байх тохиолдол элбэг учир шантарч, эцэстээ хайхрахгүй өнгөрөх нь олон болов уу гэж бодогдоно.
Бичил туршилтаас олж мэдсэн зүйлс:
1) Нийтийн гудамж талбай дах аюулгүй байдлын эрсдлийг хэн хариуцах нь тодорхойгүй
2) Хэн хариуцах нь тодорхой байсан ч хэл хүргэх нь маш хүндрэлтэй, цаг шаарддаг. Эцэст нь хэл хүргэсэн хүн ад үзэгдэх нь олонтой мэт.
3) Асуудал хэрхэн шийдэгдсэнийг эргэн мэдээлэх систем бүрэлдээгүй
4) Мэдээж, нийтийн аюулгүйн байдлын эрсдлийн тухай ойлголт маш доор байгаа нь бас өөрөө асуудал
5) Цахилгааны утас ил гараад (жишээ нь) хэн нэгний амь насанд аюул учруулахад бэлэн болсон байхад өргөдөл бичих бус шуурхай арга хэмжээ авдаг тийм бичил системийг бүрдүүлэх шаардлага үүсчээ
6) Эрсдлийг мэдсэн ч тоохгүй байх явдал хаа хаанаа хэвийн үзэгдэл болсон
Мэргэжлийн байгууллагын туршлагаас суралцвал
Уул уурхай, барилга угсралтын чиглэлээр ажиллаж буй компаниуд (би өөрөө энэ чиглэлийн компанид ажилладаг) аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдгийг та мэдэх байх. Яагаад гэдэг нь мэдээж ажлын бүтээмжтэй шууд хамааралтай учир тэр. Осол гэмтэл их байх тусам ажлын явц удааширна, бүтээмж унана, зардал өснө, ашиг буурна.
Тиймээс аливаа нэг аюулгүй байдлын эрсдлийг дуугүй өнгөрөөх, хайхрахгүй орхих нь хамгийн том аюулгүй эрсдэл байдаг учир эдгээр төрлийн байгууллагуудад аюулгүй байдлын мэргэжилнүүд ажиллаж, ажилчиддаа аюулүй эрсдлийн боловсрол олгох сургалтууд тогтмол явуулж, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлж байдаг.
Аюулгүй байдлын эрсдлийн боловсрол гэдэг нь:
• Эрсдлийг таньж сурах, олж тогтоох
• Эрсдэл байгааг олж тогтоосон бол өөрөө шийдвэрлэх гэж оролдох бус мэргэжлийн хүнд хандах, мэдээлэх
• Эрсдлийг мэдээлэхдээ хаана, ямар төрлийн эрсдэл үүссэн, хохирогч бий эсэх зэрэг мэдээллийг өгөх
• Мэргэжлийн баг ирэх хүртэл тухайн эрсдэл шууд хүрэлгүй эрсдлийг тусгаарлах, тойруулан тэмдэг тавих зэргээр бусдад мэдэгдэж, нэмэлт осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хэлэх аж.
Эрсдлийг нэн тэргүүнд чухалчилдаг гэдгээр ажилчид эрсдлийг таних, мэдээлэх, түүнийг нь урамшуулах, эргэн холбогдох системийг хэлсэн. Аюулгүй ажиллагааг ажилчин бүрийн дадал болгох зорилготой систем юм.
Энэ систем нь гар утасны аппликэшнд суурилсан (манай байгууллагын хувьд) маш энгийн эд.
Жижиг том гэлтгүй хүн гэмтэж, осолдож, бэртэж, өвдөж болох ямарч төрлийн эрсдлийг олж харсан бол:
1) зургийг нь авч баталгаажуулах,
2) өөрийн менежертээ эсвэл хөдөлмөр хамгааллын мэргэжилтэнд мэдэгдэх.
Гар утсанд суурилсан учир цаг алдахгүй. Эргээд эрсдэл хэрхэн шийдэгдсэнийг мэдэгдэнэ, урамшуулна.
Ямар шийдэл байж болох вэ?
Бидний хувьд, нэн тэргүүнд, аливаа аюулгүй байдлын эрсдлийг (гэр, хороолол хотхон дотроо, нийтийн гудамж талбайд ч) тоолгүй орхихгүй дадалд суралцах шаардлагатай. Ухаалаг утас, аппликэшнээр дамжуулан энэ дадалд суралцах нэг шийдэл бий.
Энэ нь e-mongolia апп-р дамжуулан нийтийн гудамж талбай дах эрсдлийг холбогдох этгээдэд мэдээллэх шинэ функц нэмэх. Эрсдлийн байршил, төрлийг зургаар баталгаажуулан явуулахад e-mongolia апп нь хариуцах байгууллагад нь дамжуулж, шийдвэрлэлтийн явцыг иргэдэд эргээд мэдээлэх боломжтой. Яваандаа, хотын аль дүүрэг хороонд аюулгүйн эрсдэл их байдаг, хэрхэн шийдвэрлэгддэг гээд дата хуримтлагдаад ирнэ. Хэн хариуцах нь тодорхой болно. Хүн нас барсаны дараа буруутанг хайж хуруу чичлэхгүй.
(Ижил төрлийн мэдээлэл функц e-police апп дээр байдаг юм билээ.) Олон хүн гэмтэж, осолдож болзошгүй эрсдлийг мэдээллэж, урьдчилан сэргийлж чадсан хүнийг урамшуулах газар мундахгүй биз. Усанд живж байгаа хүнийг аварсан хүнийг урамшуулдаг шиг л.
Өөр нэгэн дижитал шийдэл нь Smart mongolia гэх нэртэй СӨХ-ийн аппликэшн. Та хороолол, хотхон, орц хонгил доторх аюулгүй байдлын эрсдэлийг цаг алдалгүй мэдээллэж, яаравчлан шийдэх шаардлагыг СӨХ-дөө тавьж, явцыг нь хянаж болох оршин суугчийн оролцоог дэмжсэн апп байна.
Эрсдлийн боловсрол олгох тал дээр Мандал эрсдлийн сургууль гэх эцэг эх хүүхдүүдэд аюулгүй байдлын эрсдлийн анхан шатны боловсрол олгох вэбсайт байна. Ерөнхий боловсролын хичээлд ч нэмэлтээр оруулж өгч болох. (Уг нь “Осол Гэмтлээс Хамгаалах Үндэсний Хөтөлбөр” гэгчийг 2000-аад оны эхнээс хэрэгжүүлж ирсэн юм билээ. Энэ хөтөлбөрөө нэг амь оруулахсандаа)
Хувийн даатгалын компаниудад бизнесийн шинэ боломж байж мэдэх юм. Хүн эрсдлийг илүү таньж мэдэх тусам даатгуулах магадлал өндөр байдаг.
Даатгалын аппаараа дамжуулан даатгуулагчдаа эрсдлийн боловсрол олгох, эрсдлийг мэдээллэх нөхцөлийг бүрдүүлбэл:
1) эрсдлийн биг дата үүснэ
2) үнэнч хэрэглэгчийн баазаа нэмэгдүүлнэ.
Жишээ нь, Японд гэхэд л хүүхэд гэртээ байх үедээ гэмтэж бэртэх үеийн гэнэтийн ослын даатгалын шинэ бүтээгдэхүүн гарсан байна лээ.
Мэдээж 1,2 гар утасны апп ашиглалаа гээд асуудлыг тэр дор шийдчихгүй ч гэсэн эрсдлийг таних, хайхралгүй орхихгүй мэдээлж сурах, бусадтай хуваалцах, сэрэмжлүүлэх, эргэн хөөх дадалд суух энгийн бөгөөд хүн бүрийн гарт ойр шийдэл мэт санагдана.
Мэдэгдэлгүй, хуваалцаагүй, сэрэмжлүүлээгүй орхисон аюулгүйн эрсдэл эдийн засгийн хувьд ч эрүүл мэндийн хувьд ч маш их хохиролтой байгаа нь тодорхой.
Энэ чигээр нь хайхрахгүй орхивол бидний томоохон дайсан болж хувирах нь ээ. Аюулгүй байдал нь бүх дадлын тулгын чулуу (Keystone Habit) байдаг тухай Чарлес Дахигын “The Power of habit” номд гардаг даа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.