"Бусдын тойрогт бүү хүр” уриатай, хувь хүний орон зайг хүндлэх,  залуу хүмүүсийн өдөр тутмын нийгмийн харилцаанд тулгардаг асуудлуудыг хурцаар хөндөж буй “Гар+Дор” контемпорэри үзэсгэлэн энэ сарын 22-ноос эхлэн дэлгэгдэнэ.

Энэхүү үзэсгэлэн нь залуу уран бүтээлч Ц.Анударийн анхны бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц бөгөөд холимог техник, видео бүтээлүүдийг мөн агуулна. 

Бүтээлүүдээрээ залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн сэдвийг хөндөжээ. Тухайлбал, гудамж талбай, олон нийтийн газарт залуу хүнд бусдаас ирдэг хүсээгүй анхаарал, зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг таагүй үйлдлүүдийг тэсэх, ойр дотныхондоо хэлэхгүй байх, мэргэжлийн хүнд хандахгүй байгаа хандлагыг өөрчилж, энэ гинжин хэлхээг таслахад хувь нэмрээ оруулан олон нийтэд нөлөөлөх зорилгоор бүтээжээ.

Гэрэл зургийг Б.Ирээдүй/Noise Art Media, 2022Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил (2014-2018) дараалан шалгарч байсан юм. Түүнчлэн 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдаж оролцжээ.

Гэрэл зургийг Б.Ирээдүй/Noise Art Media, 2022

Тэрбээр өнгөрсөн онд анх удаа зарлагдсан Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021” шагналын эздийн нэгээр тодорсон билээ. 

Энэхүү шагнал нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм.

Гэрэл зургийг Б.Ирээдүй/Noise Art Media, 2022

Түүний энэ удаа толилуулж буй “Гар+Дор” үзэсгэлэнгийн төслийн концепц шалгарснаар ийнхүү үзэсгэлэн дэлгэгдэхээр боллоо. 

Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэн Монголд анх удаа нэг уран бүтээлчийн үзэсгэлэн 2100 м2 талбайд гарч буй тохиолдол болж байна.

"Гар+ Дор" үзэсгэлэнг Нидерландын Хунтайж Клаусын соёл урлагийн сан, Ванжил арт институт, Мишээл экспо ОУҮХТ, Нойс Арт Медиа ХХК, Тосон торго ХХК, Эмэйз дизайн ХХК, Лупа ХХК, Аригүн Фильм ХХК, СНЕ Графикс ХХК зэрэг компаниуд дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаа ажээ.