Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмыг хэлэлцэв.

Зөвлөлийн хуралдаанд тус журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэсэн юм.

Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг даргын батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. 

Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, нийгэм хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна.

Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт  чухал ач холбогдолтой юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг дэмжлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс