Нийслэлчүүдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг шинжилж, хяналт тавьдаг боллоо. Ус сувгийн удирдах газрын Усны төв Лаборатори өмнө нь усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан бол одоо орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор 60-70 төрлийн шинжилгээ хийх боломж бүрдэж байна. Анх 2009 оны 11 дүгээр сараас усны төв лаборатори нэртэйгээр дотоод хяналтын лаборатори болгон зохион байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх томоохон лаборатори болсон түүхтэй.

Харин өнөөдрөөс эхлэн Америк, Автсрали, Герман, Итали, Япон, Солонгос,Хятад, Сингапур, Швед, Швейцар зэрэг Ази, Европын улс орнуудад үйлдвэрлэсэн 150 гаруй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийх бүрэн боломжтой боллоо.

Тус лабораторийн Ундны усны химийн болон нян судлалын хэсэг нь эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 950 гаруй цэгийн усны чанарт химийн шинжилгээ хийдэг байна. Харин Бохир усны химийн болон нян судлалын хэсэг нь цэвэрлэх байгууламжуудад ирж буй ус болон цэвэрлээд байгальд нийлүүлж буй усны чанарт химийн, макро болон микро 20-25 төрлийн элементийг шинжилдэг байсан нь одоо 40-50 болж нэмэгджээ.

Нян судлалын таван үзүүлэлтээр батлагдсан төлөвлөгөө, давтамжийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа аж.