Та орой бүр унтахынхаа өмнө, гар утас оролдож хэрэгтэй хэрэггүй мэдээлэл уншиж, хэн нэгний гоё сайхан сториг үзсээр нэг л мэдэхэд шөнө дунд болж байна уу? Холбоо харилцааны үүргээс хальж, бидний өдөр тутмын ажил амьдралын салшгүй хэрэглээ болсон гар утас хүн төрөлхтнийг нойргүйдэл хэмээх эмгэг өвчинтэй болгох суурь болж байна. Үүнийг судлаачид гар утаснаас хамааралтай нойргүйдлийн эмгэг гэж үзэж тайлбарлаж байна. 

Тиймээс энэ удаа гар утас ба нойргүйдэл гэх сэдвийг онцоллоо.

Гар утасны цэнхэр туяа нойронд нөлөөлөх нь 

Гар утас, интернэт гэх зүйлс нь шинэ зууны шилдэг бүтээл байж чадсан ч гэлээ дагуулах хор уршиг нь дэндүү их байгааг хүн төрөлхтөн ойлгож эхэлж байна.   

Биологийн цаг нь бидэнд хэзээ сэрэх нь сайн, хэзээ унтах нь зѳв болохыг хэлж ѳгдѳг бѳгѳѳд түүний үүрэг нь завсрын тархины бусад хэсгүүдтэй, тухайлбал, өлсөлт болон нойрыг удирддаг мэдрэлийн эсүүдтэй харьцдаг. бид орой унтаж, өглөө сэрдэг хэмнэлтэй. Энэ бол бидэнд заяагдсан биологийн цаг юм.  

Гэвч сүүлийн жилүүдэд гар утас, телевизор зэрэг технологийн хэрэгслүүд нь энэ хэмнэлийг асар хурдацтай өөрчилж байна. Үүний улмаас хүний уураг тархи, сэтгэцэд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд оруулж, нойргүйдлийн шалтгаан болж байгааг эрдэмтэд онцолж байна.

 Яагаад гэвэл унтахын өмнө  эргэж хөрвөөх зуур гар утсаа оролдох үед таны  ухаалаг гар утаснаас цэнхэр гэрэл ялгардаг.  Энэ гэрэл нь байгалийн гэрлийг дуурайж хийгдсэн хиймэл өнгө юм. Тэрхүү өнгө нь нүдээр дамжаад " өдөр болж байна" гэх мессежийг тархинд өгдөг байна. Өөрөөр хэлбэл гар утасны цэнхэр гэрэл нь таны тархийг хуурч байна гэсэн үг юм. Үүний нөлөөгөөр тархи өөрийгөө амраах горимоо алддаг. Үүний улмаар тархи нь мелатонин буюу тархийг саатуулдаг бодисоо ялгаруулахаа больдог. Улмаар унтах биш сэрэх мэдрэмжийг өдөөж өгдөг аж. Ингэснээр бид утсаа оролдоод эхлэхээр зогсохоо мэдэхгүй оролддог байх нь. Энэ байдал олон удаа давтагдсанаар нойргүйдэлд өртдөг байна. 

Мелатонин гэж хүнийг залуужуулдаг, маш сайн унтаж амрах үед ялгардаг бодис. Мелатонин дааврын гол зохицуулдаг зүйл бол эрүүл, чанартай, хангалттай хэмжээний нойр юм. 

Нойргүйдэл үхлийн аюултай 

Нойргүйдэл бол дэлхийн сая сая хүнд байнга тохиолддог эмгэг юм. Нойргүйдэл нь бие махбодийн болон сэтгэл зүйн янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй байдаг байна. 

-Бага зэргийн нойргүйдэл нь ядарч сульдах, ажлын бүтээмж буурах, 

-дунд зэргийн нойргүйдэл нь өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж уур уцаартай болгох, 

-хүнд шатны нойргүйдэл нь өдөр тутмын амьдралд чухал нөлөө үзүүлэхээс гадна сэтгэцийн эмгэг, бусад төрлийн өвчлөлийн үндэс болдог байна. 

Та ядарсан, нойр дутсан бол таны ой санамж, сэтгэн бодох чадвар муудаж, үйлдлээ хянах , хариу үйлдэл үзүүлэх чадвар муудах, хорт хавдар тусах нөхцөлд хүргэдэг. 

1965 онд 17 настай ахлах ангийн сурагч Рэнди Гарднер 264 цагийн турш буюу 11 өдөр нойргүй байх туршилт хийжээ. Туршилтын 2 дахь өдрөөс түүний хараа төвлөрөхөө больсон. Дараагаас нь тэр ямар нэг юманд хүрээд мэдрэх мэдрэмжээ алдаж эхлэсэн. 3 дахь өдрөөс Гарднерын зан ааш тогтворгүйжин, уцаартай болсон. Туршилтын сүүлчээр түүний анхаарал нь муудаж, богино хугацааны ой санамж нь муудаж, хий хардаж сэрдэх болж, хий юм харж эхэлсэн. Хэдийгээр Гарднер урт хугацааны сэтгэл зүйн эсвэл бие махбодийн асуудалгүй үлдсэн ч бусад хүмүүсийн хувьд нойргүй байх нь гормоны тэнцвэр алдагдах, өвчин тусах, бүр үхэлд ч хүргэж болно. 

2014 онд хөл бөмбөгийн нэгэн үнэнч фанат  48 цагийн турш Дэлхийн Аваргыг үзэж нойргүй байсны улмаас нас барсан. Хэдийгээр түүний үхэл цус харвалтаас болсон ч, судалгаагаар урт хугацааны туршид зургаагаас бага цаг унтахад өдөртөө тогтмол 7-8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад  тархинд цус харвах эрсдэл 4,5 дахин их байдаг байна. Үнээс үзвэл нойр нь энгийн зүйл боловч бидний амьдралын гол түлхүүр мэт санагдаж байна. 

Нойргүйдэл нь мөн жингийн илүүдлийн шалтгаан болдог. Хэрвээ та орой болгон 5 эсвэл түүнээс бага цаг унтдаг бол илүүдэл жинтэй байх магадлал 50 хувь. Учир нь нойрны дутагдал нь грелин буюу  өлсөлтийн гормоны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Грелин ялгараад тархинд очно. Тархи "Надад нүүрс ус хэрэгтэй байна" гэж хэлнэ. Тэгээд нүүрс ус хайж эхэлнэ, ялангуяа чихэр. Тэгэхээр ядрах болон таргалах хандлагын хооронд холбоо байна.

Хүн яагаад унтах ёстой вэ? 

Бид их ажил хийсний дараа маш их ядарч, амралт шаардлагатай байдагтай адил тархи ч мөн адил амрахыг хүсдэг эрхтэн аж. Хүний бие физиологийн хүчин чадлыг тооцоолж үзээд өдөрт найман цаг ажиллах ёстой гэж тусгасан байдаг. Түүнээс хэтрүүлбэл хүний дархлаа муудаж, тамиргүй болно гэж үздэг. Түүнтэй адил тархи мөн тодорхой хэмжээнд ажиллаж шөнийн цагаар заавал амрах ёстой. Бидний бүх эд эс өдрийн турш элэгдээд, шөнө нь түүнийгээ нөхөн сэргээдэг. Өөрөөр хэлбэл тархин дахь олон тооны эд эсүүд нь унтаж байх үед идэвхжиж, алдсан эд эс, хүч тамираа нѳхѳн авдаг байх нь ээ.  

Гэтэл бид нөхөн сэргээгдэх, амрах цагаар нь тархийг ажиллуулснаар тархи ажлын бүтээмжээ бууруулж, ажил хаялт зарладаг гэж хэлж болно. Үүнээс шалтгаалаад бид уур уцаартай болох, ядрах сульдах, цаашлаад сэтгэцэд өөрчлөлт орох, зэрэг эрсдэлд ордог аж. Тиймээс тархийг зөв цагт нь амрааж байж бид эрүүл, эрч хүчтэй байна гэсэн үг юм. Тэгвэл тархины амрах цаг нь оройн 21 цагаас өглөөний 06 цаг юм. Энэ хугацаанд унтаж чадвал нөхөн сэргээлт хангалттай хэмжээнд явагддаг байна. Тиймээс эмч нар энэ үеүдэд тархийг ажиллуулах ямар нэгэн ажил хийх, утас оролдох зэргийг хатуу хориглодог аж.

Нойргүйдэлд өртсөнөө яаж мэдэх вэ? 

Хэрвээ өглөө босоход танд 

-сэрүүлэг хэрэгтэй бол, 

-босох гэж уддаг бол, 

-маш их сэргээгч төрлийн бүтээгдэхүүн хэрэгтэй бол 

-цухалдсан эсвэл бухимдсан бол, 

-хамт олон, ойр тойрны хүмүүс ядарсан харагдаж байна гэж хэлэх нь ихэссэн бол та нойрны дутагдалд орсон байна.


Нойроор юуг ч битгий худалдаж ав 

Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм.  Гэтэл орчинд үед хүн төрөлхтөн энэхүү гайхамшигт байгалийн анагаагчийг буруу ашиглаж байгаад олон эрдэмтэд сэтгэл зовниж байна. "Мөнгө олохын тулд нойроо битгий худалд, хэл сурахын тулд нойрыг битгий худалд. Чиний нойр англи хэлнээс илүү чухал. Тийм учраас нойроор юуг ч битгий худалд гэж "Сэтгэл Заслын эмч Р.Энхтүвшин зөвлөж байна. 

Тиймээс нойргүйдэлд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчил 

  • Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизор гэх зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг хэрэглэхгүй байх буюу унтраах 
  • Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээ мэдээлэл үзэж,сонсохгүй байх 
  • Унтахаасаа өмнө хэтрүүлэн идэхгүй байх
  • Оройдоо согтууруулах ундаа, кофе цайг хэтрүүлэхгүй байх зэрэг энгийн хэв маягийг амьдралаа хэрэгжүүлж, хэвшил болгох хэрэгтэй.