БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Утааны асуудал Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна. Үүнийг тоо баримттайгаар дурьдая. Агаарын бохирдлын улмаас 2025 онд дан ганц нийслэл Улаанбаатарт зарцуулах эрүүл мэндийн зардал нь 1/3 хувиар өсч 4.8 тэрбум төгрөг (2 сая ам.доллар)-т хүрнэ гэсэн судалгааг ЮНИСЕФ-ийнхэн хийжээ. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн 52,5 хувь нь амьсгалын замын өвчтэй. Утаанаас болж амьсгалын зам болон зүрх судасны өвчин үүсгэдэг хорт хийнүүдийн нөлөөтэй шууд бус нас баралт Монголд өндөр байна. 18-аас доош насныхан гэхэд жилд амьсгалын замын өвчнөөс болж 10,4 тэрбум төгрөгийг эрүүл мэндэдээ зарцуулдаг. 18-аас дээш насны хүмүүсийг нэмвэл бүр ч өндөр тоо гарах байх.

Нийслэлийн утааны 80 хувийг 220,000 гэр хорооллын өрх

                                   10 хувийг нь тээврийн хэрэгсэл

                                    6 хувийг дулааны цахилгаан станц

                                    4 хувийг газрын хөрсөн буусан үнс хөө тортог бүрдүүлдэг.

Нийслэлийн сая гаруй иргэдийг маань хордуулаад байгаа гэр хорооллыг айлуудыг ойрын хугацаанд орон сууцжуулах боломж байхгүй.  Хамгийн хурдан  хугацаанд, найдвартай утаанаас салах арга нь энэхүү индукцэн төхөөрөмж. Ирээдүй болсон хүүхдүүдийн маань суурь өвчлөл утаанаас болж эрс нэмэгдээд байгаа учраас бид бодит шийдэл гаргахаар 9 сар судласан. Энэ шийдлийг гаргахын тулд бид залуустай хамтран судалгаа хийж түүнийг нь боломжтой эсэхийг нь Хятадын томоохон үйлдвэрлэгч Haier-тай хамтарсан. 

Тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Хэрвээ та энэхүү арга үр дүнгээ өгөхгүй бол хариуцлага хүлээх үү?

-Энэ бол шинжлэх ухааны судалгаатай, мэргэжлийн дүгнэлттэй арга. Бид олон хүн утаанд хордохгүй байлгах, монголчуудаа уушгины өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хайж энэхүү шийдлийг олсон. Тийм учраас үр дүнгээ өгнө гэж итгэж байгаа. Үүнээс хойш утааны эсрэг арга хэмжээ авбал монголчууд оройтож хохирлыг нь эрүүл мэндээрээ төлнө. Тийм учраас би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

-Энэхүү төхөөрөмж утааг хэдэн хувиар бууруулах вэ, үйлдвэрийн баталгаа бий юу?

-Нaier-ийн үйлдвэрийн зүгээс гэхэд 82-88 хувийн баталгаа гаргаж өгсөн. 

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан: 

Нүүрсний тоосонцорыг агаарт гаргахгүйгээр бүрэн шатаах хэрэгсэл нь индукцэн шүүлтүүр


Индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг 9 сарын турш ажиллаж байна.  

Утаа бол тоосонцор. Тэрхүү нүүрсний тоосонцорыг агаарт гаргахгүйгээр бүрэн шатаах хэрэгсэл нь индукцэн шүүлтүүр юм. Энэ шүүлтүүр тавьсанаас болж угаартаж хордох асуудал байхгүй. Эхний ээлжинд 100 мянган айлд тавиж үзнэ. Гэхдээ туршилт хийгээд байгаа юм биш шүү. Яагаад гэвэл зуухны янданд суурилуулж дутуу шатсан тоосонцрыг дахин өндөр хэмд индукцийн аргаар шатаагаад яндангаар гарах пм2.5 тоосонцрын хэмжээг бууруулах онцлогтой шийдэл. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.