Энэ өгүүллэгийн түүврийг уншсан хэн боловч сэтгэл нь эмзэглэж гүнээ санаа алдан, уртаас урт амьсгаа аваад дараа нь тайвшрах байхаа гэж би боддог. Хүний нүдээр харвал байгальд илүү хортой зүйл байгаа ч байгальд өөрт нь "хариулга", "ерөндөг" байгаа тул санаа зовох хэрэггүй. Харин хүн байгалийн жам ёсноос гажиж сөрж эхэлсэн нь зохиолчийг эмзэглүүлжээ. Иргэнших хэрээр зэрлэгшиж байгаа нийгэмд энэрэнгүй өрөвч хүмүүс улам бүр цөөрсөөр, тэдний эмзэглэл шаналал өвчтэй солиотой хүний үйлдэл мэт харагдах болсон нь эмгэнэлтэй.

"Тугалын зүүд" гэж өр өвтгөм өгүүллэг байна. Хэдхэн зоосны ашиг хонжоо харж эхийн цагаан сүүнээсээ салаагүй нялх тугалаа харь хүнд эд бад хийж өгч байгаа тэр хатуу сэтгэлтэй эзэн олзондоо тэрхэн зууртаа баясавч үхлийн босго давах цагт юу хүлээж байгааг хэн мэдэх билээ дээ. Хөөрхий тугал зүүдэндээ буддатай уулзаж, өөрөө бяр чадалгүй ч ядарч зовсон түүний гуйлтаар хөл дүүжлэх унаа болох ам шүд өгсөн тул үхлийн босго давуут диваажингийн оронд заларч байгаа тухай уран сэтгэмж, гүн утгат энэ бүтээл гуниг тайтгарал зэрэгцүүлдэг.

Хүн чанар, хүнлэг сэтгэл гээд хүнд байх ёстой сайн сайхан чанарууд мөнгө шүтсэн нийгэмд үнэ цэнэгүй болж байгаад харууссан эмзэглэлүүд дүүрэн байгаа нь Д.Урианхай гуайн өөрийнх нь үзэл бодол, дотоод сэтгэлийнх нь тусгал юм. Шинэ нээлт хийж байгаа эрдэмтэн Баяраа шилтэй "чанамал"-д нь хоёр зөгий орж үхсэнд өөрөө алчихсан буруутай мэт эмзэглэж, бүүр уйлж унжин, өөрийгөө "үхвэл таарна, өөдгүй муу хог" харааж зүхэж байгаа нь маниусын нүдээр солиотой гаж "шизо"-той хүний үйлдэл гэмээр. Соёолжны үр цацсан хар шороон дээгүүр жийпээрээ дайрсан эртэй заамдалцан үзэлцэж байгаа Манал өвгөн бас нэг "солиот" мөн. "Тэгж ярьвал энэ хар шороо бурхны бүтээл. Чиний гэрт алаглах төө зузаан хивснээс илүү үнэтэй" хэмээн шороо атган нүүр лүү нь цацаж байгаа, шөнө дөлөөр жийпнийх нь дугуй хага сийчиж байгаа давжаа биетэй сармагчин шиг өвгөн хөндлөнгийн хүнд зөнөсөн аль эсвэл ухаан солиорсон мэт санагдана.

Дөнгөж төрсөн нялх унагатай гүүг алж шулж байгаа "нүд цагаан мөнгө улаан" болсон хүний үнэргүй хүмүүс, түүнийг өрөвдөн шаналж суугаа зохиолчийн сэтгэлийн гуниг харууслыг тун ч тодоор дүрслэн бичсэн "Аасгалдай" өгүүллэг дотор зарсхийлгэнэ. Гүүний улаан цустай нь дэлгэсэн арьс олон янзаар хувиран харагдаж байгаа дүрслэл, гэнэт толгой дээр нь тэнгэрт хачин ханьсангуй үүрсэж байгаа адууны үүрсээн ямар их өрөвдөл гуниг төрүүлдэг гээч. Монгол хүн сүлдэндээ шүтсэн адуугаа мөнгө зоосоор баян хужаа нарт хайр найргүй зарж үрэх төдийгүй аймшигтай зэрлэгээр алж хядаж байгаа энэ муухай цөвүүн цагийг зөгнөсөн байжээ.

Сэтгэцийн эмгэгтэй өсвөр насны Алганаа охин ер бусын сонин сэрэлд автах болсон нь байгалийн жам гэдгийг өөрөө ухаарахгүй. Биеэ хамгаалах чадваргүй хөөрхий охиныг хүчирхийлж эзэмдэж байгаа "соёлч боловсон" гэмгүй царайт ахимаг эрийн энэ үйлдэл хэд хэчнээн удаа давтагдахыг таашгүй юм даа. . Хүн дүрст чононууд ядуу дорой нэгнийг хайрлаж өрөвдөх нь бүү хэл харин ч өөрсдийн ааг омог, бяр чадлаа тэдэнд гаргадаг өөдгүй сүгнүүд билээ.

.Тэрэлжийн өдрүүд...Хайрын романс. Баян чинээлэг, соёлч боловсон, эрдэм мэдлэгтэй, өөрийг нь юугаар ч дутаагаагүй нөхөртөө хайргүй Туул өөрөөсөө хэд дүү залууд ухаангүй дурлаж байгаа нь надад Анна Каренинаг санагдуулсан юм. "Хайр бол зовлон"гэж үнэн голоосоо хэлж байна. Үнэхээр л тийм юм. "Бүсгүй хүн сэтгэлээ нэг алдвал бүгдээ алдана. Юу ч үлдэхгүй! Юугаа ч харамлахгүй өгөөд, юу байдгаа бүгдийг нь дуустал өгөөд л дуусна. Юу ч үлдээхгүй...Яагаад гэвэл бүсгүй хүний хайр хамгийн ухаангүй...ухамсаргүй...баатарлаг хайр! гэж байна шүү! Гоё юмаа. Газар дор хав дараастай байсан булаг гэнэт оргилон гарч ирэх шиг тийм л хүчтэй байдаг байх нь бүсгүй хүний хайр. Унаж тусаж ухаан алдатлаа дурладаг байх нь бүсгүй хүн! Туул тэр залуугаас ч илүү өөрөө унаж тусан дурласан мөртлөө түүнийгээ тас нууж, далд сэтгэлдээ түгжсэн "нулимстай хайр"-ын эзэн юм.. Хайр бол жаргал амсуулсан "гэгээн зовлон" юм даа. Санана, мөрөөднө, шаналана, харамлана, хардана гээд бодохоор.

Урианхай гуайн байгалийн дүрслэлүүд уран яруу, нүдэнд харагдаж гарт баригдам санагддаг. Усны шуугиан, навчис сэрчигнэх, голын харгиа, моддын үнэр, шувууд нисэлдэх, үүлс нүүх, үнээ мал мөөрөлдөх гээд байгалийн зураглалууд нь тун ч бодитой, тэр орчинд нь өөрөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэрэнгүй үзэлт, гүн ухаантан зохиолчийн байгалийг шүтсэн, хүний нийгмийн буруу хөгжлийг үл таашаасан үзэл бодлууд зохиолд нэвт шингээстэй явдаг. Хөгжил гэхээр гял цал, шил толь болсон өндөр барилга байшин , аварга инженерийн байгууламжууд, технологийн үсрэнгүй дэвшил гэж хараад байдаг. Гэтэл хүнийх нь дотоод сэтгэл, сайн сайхан чанар нь хөгжөөгүй цагт энэ бүхэн эвтгэн сүйтгэх хор хөнөөлтэй төдийгүй байгалийн жам ёсны эсрэг юмаа гэдгийг зохиолч хэлээд байгаа юм. Гэхдээ хор хөнөөлтэй, илүү юмаа цаг нь болохоор устгах чадал байгальд өөрт нь бий. Үүнийг л хүмүүс, хүн төрөлхтөн ухаараасай гэж гүн сэтгэгч зохиолч маань уран бүтээлээрээ дамжуулан өгүүлж байгаа юмаа.

Жунглийн хууль үйлчлэх зэрлэг капитализм, нийгэм нэртэй "мөнгөний шорон", даяаршин буй мөртлөө улам бүр давчуу харанхуй болсоор буй энэ цаг үед түүний зохиолын баатрууд тойргийн гадна шахагдсан золгүй хүмүүс юм шиг мөртлөө дотоод сэтгэл нь тэнгэрлэг оршихуйтай тул бурхны ивээлд багтах их хувь заяатнууд билээ...