Нийгмийн сүлжээнд тоосонцор мэт хаялж буй үзэн ядалт, гутаан доромжлол, мэдэмхийрэл, айлган сүрдүүлэлт зэрэг хэт сөрөг сэтгэгдлийг эрүүлжүүлэх “Хааяа ч гэсэн...” аяныг нийгмийн сүлжээнд идэвхтэй, нөлөө бүхий залуус нэгдэн эхлүүлж байна.

Технологийн дэвшил нь харилцаа холбоог шинэ шатанд аваачсан ч зарим талаараа соёлт нийгэмшлийн салшгүй хэсэг болсон зөв боловсон харилцааны соёл, бусдын эрх, үзэл бодол, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага нийтийн соёл болж төлөвшөөгүйгээс үүдэн дэлгэцийн цаанаас бусдыг үндэслэлгүй үзэн яддаг, сэтгэгдлээ хэт сөргөөр илэрхийлдэг явдал нь нийгмийн сүлжээг тоосонцор мэт бохирдуулж, хүүхэд залуусын сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж, хор уршиг дагуулж байна. Тэр дундаа бусдыг гадаад төрх, арьс өнгө, нас, хүйс, итгэл үнэмшлээр ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилж, бүдүүлэг нэр хочоор дуудаж буй нь харилцааны улаан шугамыг үл ойшоож байгаан илрэл юм.

Цахим тоосонцор буюу үзэн ядалтын эсрэг “Хааяа ч гэсэн..” аян нь бусдыг үндэслэлгүй үзэн ядах үг үйлдлээ хааяа ч гэсэн таначихдаг, өнгөрөөчихдөг, цэгнэчихдэг соёл, хандлагыг олон нийтэд түгээхийг зорьж байна.

Нөлөөллийн энэхүү аяныг олон нийтийн мэдээлэл харилцааны EMPR компанийн санаачилгаар комедиан Баяраа, YouTuber Дола, жиргээч Гэрэл Оргил, стриймерүүд тэргүүтэй нийгмийн сүлжээний гол платформууд дахь 50 гаруй нөлөөлөгч, контент бүтээгчид сайн дураар хамтран зохион байгуулж, нийгэмд дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байна.

Аяныг зохион байгуулагч О.Гэрэлтуяа хэлэхдээ “Цахим орчныг “Миний үг хэлэх талбар” гэх нэрийдлээр худал мэдэмхийрч, юм бүхэнд хошуу дүрж, шүүмж нэрээр бусдын амьдралыг зааж, шүүн хэлэлцэх нь нийгэмшсэн, соёлт хүний үйлдэл биш. Нүүр тулж хэлээгүй л бол бусдын сэтгэлийг сэвтүүлэхгүй гэсэн ташаа ойлголт, хандлага нийгмийн сүлжээнд маш их ажиглагддаг. Иймээс хааяа ч гэсэн хэлэх үгийнхээ үр дагаврыг бодох, мэдэмхийрэхээ азнах, доромж үгээ залгиж, хүн чанараа хадгалахыг залуучууддаа уриалж байна” гэлээ.

“Хааяа ч гэсэн...” аян улс төрийн аливаа нөлөөнөөс ангид бөгөөд төр болон эрх мэдэлтнүүдийн шийдвэр, бодлогыг цахим орчинд ул суурьтай дүгнэн хэлэлцэх, шүүмжлэх үйлдлийг буруутгаагүй болно.

Учир нь үзэл бодлоо илэрхийлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д заасан эрхэд хамаарах бөгөөд төрийн бодлогогүй шийдвэр, шударга бусыг засаж залруулах гол хэрэглэгдэхүүн гэдэгт бид итгэдэг.