Өөрт нь туслах зорилгоор хандивын аян явуулж 400 мянга гаруй доллар босгосон америк хосыг орон гэргүй залуу шүүхэд өгчээ. Хосууд уг мөнгийг хувьдаа авсан гэж орон гэргүй залуу үзэж байгаа ажээ.

Жонни Боббитт гэх орон гэргүй залуу өөрт байсан 20 доллараа машиных нь бензин дууссан Кейт МакКлюр гэх хүүхэнд өгсөн байна. Улмаар уг эмэгтэй найз залуу Марк Д'Амикогийн хамт Жонни Боббиттод туслах зорилгоор цахимаар мөнгө босгох аян зохион байгуулсанд 14 мянга хүн хандив өргөсөн байна.

Үүнтэй холбогдуулан Жонни Боббитт залилан болон хуйвалдаан зохион байгуулсан хэргээр тэдний эсрэг гомдол гаргажээ.

Жонни Боббиттын өмгөөлөгч Филадельфи хотын шүүхэд өгсөн өргөдөлдөө, Кейт МакКлюр болон түүний найз залуу Марк Д'Амико манай үйлчлүүлэгчид зориулж “GoFundMe” цахим хуудсанд хаяг нээн, мөнгө босгосон байна гэж бичжээ.

Харин Жонни Боббитт ярилцлага өгөхдөө, Кейт МакКлюр болон Марк Д'Амико нар Лас-Вегас хот, Флорида муж улс руу аялах зардал болон “BMW” маркийн машин худалдан авахдаа хандивын мөнгийг ашигласан гэж хэлсэн байна.

Марк Д'Амико нь мужаан хийдэг бол Кейт МакКлюр нь Нью Жерси мужийн Зам тээврийн яаманд орчуулагч хийдэг гэж Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Тэдний хэргийг шүүх хурал пүрэв гарагт болохоор товлогдсон байна. Үүний зэрэгцээ иргэний шүүхийн төлөөлөгчийн мэдээлснээр, хосууд өмнө нь ямар нэг хэрэг төвөгт орж байгаагүй ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг