Оросын хоёр иргэн тутмын нэг нь ДАШТ-2018-ыг үзэх бодолтой байгаа бол 5 хувь нь тэмцээнийг үзэхийн тулд ээлжийн амралтаа авах гэж байгаа аж. "Mediascope" компанийн явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулж байна.

“12-64 насны хоёр орос хүн бүрийн нэг нь ДАШТ-2018-ыг үзэх гэж байгаа бол 30 хувь нь үзэх эсэхээ шийдээгүй байна” гэж тус компанийн явуулсан судалгааны мэдээлэлд дурджээ.

Онлайнаар явуулсан санал асуулгад Оросын 100 мянгаас дээш хүн амтай хотуудын 12-64 хүртэлх насны 1000 гаруй иргэн оролцсон байна. ДАШТ-ийг сонирхон үзэхээр төлөвлөж буй хүмүүсийн 80 хувь нь телевизийн дэлгэцээр тэмцээнийг үзнэ гэж хариулсан бол 21 хувь нь цэнгэлдэх хүрээлэнд очих гэж байгаа аж. Түүнээс гадна гурван үзэгч тутмын нэг нь /31 хувь/ нь бооцоо тавихад бэлэн байгаа гэнэ.

Оросын иргэдийн бодлоор, тус улсын шигшээ багт хамгийн сайн тоглох хөл бөмбөгчид бол Федор Смолов /12 хувь/, Артем Зюба /9 хувь/, Алан Загоев /5 хувь/ нар ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг