ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Туултай ухаалаг гар утасны нөлөө, дэлгэцийн донтолт хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.


Сүүлийн жилүүдэд хорт хавдраар оношлогдох хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Хүүхдэд чухам ямар шалтгаанаар хавдар үүсдэг нь шинжлэх ухаанд бүрэн судлагдаагүй хэвээрээ. Агаар, орчны бохирдол, эцэг, эхийн хорт зуршил, хүнсний аюулгүй байдал гэх мэт олон хүчин зүйлсийг нөлөөлдөг гэж үзэж буй. Үүнээс гадна гар утасны хяналтгүй хэтийдсэн хэрэглээ ч бас нөлөөлөх томоохон хүчин зүйл байж болох талаар О.Туул эмч ийнхүү ярьж байна.


Ухаалаг гар утсыг хүүхдэд эрт хэрэглүүлэх тусам элдэв эмгэгтэй болж байна

Өвчлөлийн хувьд 15-19 насныханд яс болон үений мөгөөрсний хорт хавдар зонхилж байгаа бол 0-4 насныхан нүд ба түүний дайврын хорт хавдарт нэрвэгджээ. Мөн  тархи, нугасны, зөөлөн эдийн хавдар бага насныханд түгээмэл илэрдэг.

Хүүхдийнхээ цахим хэрэглээг хянадаг, анхаарал хандуулдаггүй эцэг эхчүүд андашгүй талаар тэрбээр “Амбулатори, хүлээн авах дээр хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хэр анхаардаг эсэх нь харахад л андашгүй дээ. Ихэнх нь ээж аав, эмээ өвөө нар бага насны хүүхдээ уйлангуут л шууд гар утсаа өгч харагддаг. Өөр аргаар хүүхдийнхээ анхаарлыг сарниулж, тайвшруулдаг эцэг эхчүүд тун ховор” гэсэн юм.

Цахим хэрэглээг нь хянана гэдэг нь та хүүхдийнхээ эрүүл мэндийг л хамгаалж байна гэсэн үг гэдгийг эцэг эхчүүд төдийлөн мэддэггүй, үүнийг л маш сайн ойлгож ухамсарлаасай гэж хэлэхийг хүсдэг гэж эмч онцлон хэллээ.

“Гэтэл хараа хяналтгүй дэлгэц ширтсэн орчин үеийн хүүхдүүдийн нүдний хараа муудах нь эрс нэмэгдчихлээ. Гар утас байнгын хэрэглээтэй хүүхдэд зан төрхийн өөрчлөлт ихээхэн ажиглагддаг. Яваандаа анхаарал төвлөрөлт нь муудаж, мартамхай болж тэр хэрээрээ сурлагадаа тааруудах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Гар утсыг нь хураагаад авчихвал уурлаж, уцаарлана. Хүн цохино, хашхирна, хазна гээд огцом стрессдэж бухимдана. Эмчлэг эмч рүүгээ хүртэл юм шиддэг тохиолдол зөндөө.

5-7 настай хүүхдүүдийн хувьд нүдээ анивчих, мөрөө хавчих, санаа алдах гэх мэт эмгэг хөдөлгөөн үүсдэг. Зөвхөн гар утастайгаа л харьцахыг хүсдэг учраас хүнтэй харилцахдаа, хэл ярианы хөгжил сул тул аутизм төст шинж тэмдэг илэрч байна” гэлээ. 

Бичлэг үзэх:


Хүүхэд англиар хэлд орж байгаа нь амьд харилцаа дутагдсаных

Түүний анзаарснаас эх хэлээрээ биш англи хэлээр хэлд орж байгаа хүүхдүүд нэмэгдсэн гэнэ. Энэ талаар тэрбээр “Өдөржин ажиллаад ядраад ирсэн эцэг эхчүүд хүүхдээ саатуулж, хамт тоглохоос залхуураад гар утас өгчихдөг. Хүүхэд нь өнөө гар утсаа үзэж, тоглоом тоглоод чимээгүй сууна. Эсвэл зурагтаараа youtube тавиад үзээд суучихдаг. 

Ийм зуршилтай хүүхдүүд мэдээж “Yes, no” гэж хэлд ордог. Гэтэл “Манай хүүхэд англиар мундаг ярьчихдаг юм аа. Өнгөө ч мэднэ, мундаг байгаа биз” гээд байдаг. Уг нь сайрхах зүйл биш шүү дээ, эх хэл дээрээ хэлд орохгүй байгаа нь бол хүүхэд хоцрогдолд орчихсны шинж шүү дээ.

Үүнийг нь хэлэхээр зарим эцэг эхчүүд дурамжхан хүлээж авдаг. Ер нь цөхим хэрглээ ихтэй хүүхдүүп огцом уцаартай, юманд түрэмгийлж ханддаг” гэлээ.

§Эцэг эх та яг одоо хүүхдээ хараарай. Магадгүй дэлгэц үзэж суугаа бол хамт тоглож, өнөөдөр юу үзэж харсан талаар нь яриулаарай.

Зарим нь хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг нь хязгаарлахаар эргүүлж авах гээд янз бүрийн арга хэрэглэнэ, харц нь зөвхөн өнөөх утас,  таблет руугаа л дагуулж хардаг хүүхэд олон, харамсалтай. Үүнд Томчууд бидний буруу их бий” гэв.


Цахимд донтсон хүүхдүүдийн өлсөж, цадах мэдрэмж алдагдчихдаг

Таны хүүхэд хэдэн цагаас унтдаг вэ? Тэрбээр хүүхдээ үзүүлж байгаа эцэг эхчүүдээс энэ асуултыг заавал асуудаг аж. Дийлэнх эцэг эхчүүд шөнө 11-12 цагт унтдаг гэж хариулдаг гэнэ “Өдөржингөө унтчихдаг юм, зүгээр” гэдэг. Гэтэл шөнийн нойр хэзээ ч нөхөгдөхгүй. Хүүхдийн өсөлт явагддаг 22-02 цагт унтдаггүй нь ядаргаа, сульдаа өвчнийг үүсгэх гол шалтгаан аж. Тэр дундаа толгой байнга өвддөг, нойргүйдэлд орсон хүүхдүүдийн тоо нэмэгджээ.

Гэтэл эцэг эхчүүд голдуу яагаад манай хүүхэд ийм болчхов, яаж цахим хэрэглээг нь хязгаарлах вэ гэж асуудлын шалтгааныг хайхаасаа илүү “Манай хүүхэд ямар нэг өвчтэй болчихлоо” гээд өвчний онош л хайгаад байдаг. Тэр дундаа өсвөр насны хүүхдэдээ ерөөсөө анхаардаггүйд сэтгэл зовнидог. Анхаарлаас гарсан хүүхдүүд ганцхан цахим хэрэглээнд донтохгүй ганцаардана. Худлаа өвдөх, ухаан алдах гэх зэргээр янз бүрийн сэтгэл зүйн хямрал илэрдэг ч тэр болгоноо ярихгүй байх тохиолдол маш их гардаг” гэдгийг онцлон хэллээ.

“Шуудхан хэлэхэд айл болгонд гар утасны хамааралтай хүүхэд байна. Гадаа гарч тоглох нь бүү хэл, даалгавраа ч хийхгүй гар утсаа бариад л буйдан дээр гараад хэвтчихдэг. 

Байнга утсаа оролддог хүүхдүүдийн өлсөж, цадах мэдрэмж нь алдагдчихсан байдаг. Утсаа оролдонгоо хоолоо идээд дуусгачихна. Гэтэл утсыг нь хураагаад авчихаар босож ирээд дахиад л өлсөөд байна гэдэг. Удалгүй гар утсаа аваад тоглож байхдаа ч дахиад иднэ. Энэ шалтгаанаар жингийн илүүдэлтэй хүүхдүүд нэмэгдсэн” гэв.


Орондоо гар утсаа авч ордог, сэрэнгүүтээ нийгмийн сүлжээгээ шалгадаг бол гар утсанд донтсон гэсэн үг


“Дэлгэцийн донтой хэчнээн хүүхэд СЭМҮТ-д ханддагийг хэлж мэдэхгүй. Манай эмнэлэгт сүүлийн үед 1-18 хүртэлх насны хүүхдүүд нүүр нь муруйчихсан ирдэг боллоо. Ер нь нэмэгдэх хандлагатай байна.

Эцэг эх нь дагуулж үзүүлэхдээ “Чамд хэлсэн биз дээ. Орой унтахгүй гар утсаа үзээд байсан юм. Сайн хэлээрэй, эмчээ” гэдэг. Миний ганц удаа хэлэх яах вэ хамгийн гол нь хажууд нь байгаа эцэг эх та хүүхдээ анхаарч хайхрах нь чухал байна. Уг нь хүүхдийг сайн унтаж амраагаад, дархлааг нь сэргээгээд ингэтлээ хүндрэхгүй. Багахан цагийг ч болтугай хүүхдэдээ чанартай зарцуулж сураарай” гэж аминчлан зөвлөлөө.

Хүүхдийн энэ бүх өвчлөлд цахим хэрэглээний нөлөө хэр байх талаар тодруулахад “Шууд гар утаснаас болоод хавдар, нүүрний мэдэрлийн саа, аутизм гээд мэдрэлийн бүх эмгэг үүсчихлээ гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ гар утас бүгдийг нь тодорхой хэмжээгээр сэдээж өгч байгаа. Тиймээс гар утсыг зөв хэрэглэх хэрэгтэй. 

Бид бүгд л гар утсыг хэтрүүлж хэрэглэж байна. Унтахдаа гар утсаа хажуудаа тавьдаг. Унтахдаа дэрнийхээ дор гар утсаа хийдэг, нийгмийн сүлжээгээ заавал шалгадаг, өглөө сэрэнгүүтээ гар утсаа хайж тэмтэрдэг хүн олон. Үүнийг хүмүүс зуршил гэж ойлгоод байдаг. Гэтэл дон шүү дээ. 

Тийм болохоор хүүхдэдээ гар утасны хэрэглээ багасга гэж үглэхээсээ өмнө өөрийнхөө цахим хэрэглээг зохистой болгохыг зөвлөе. Хүүхдийнхээ цахим хэрэглээний цагийн хязгаарыг нь тогтоомоор байна.” гэв.

Бичлэг үзэх:

О.Туул эмч “Гар утасны хэрэглээнээс л хавдар үүсчихдэг гэж хэлэх боломжгүй. Шууд шалтгаалахгүй ч гэсэн дам байдлаар нөлөөлж байна. Ер нь ухаалаг утсыг хүүхдэд эрт хэрэглүүлэх тусам янз бүрийн эмгэг үүсдэг гэдгийг үзлэгээр анзаардаг” гэлээ.

Дэлгэцийн донтолт, хүүхэд хүмүүжлийн талаар энд дарж унших: