Саруулын Ариунжаргал
09 сарын 10, 2021
69 настай австрали дизайнер Кармен Хиджоса хан боргоцойн хальсаар даавуу хийж зах зээлд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээрээ танигдаад байна.
Тэрбээр тэтгэвэрт гарснаасаа хойш энэхүү санаагаа олж 12 жилийн турш бизнесээ хөгжүүлж буй. Уян хатан, бат бөх учраас энэхүү материалаар хийсэн гутлыг нь Chanel, Mango, H&M зэрэг брэндүүдэд нийлүүлдэг аж.
Анхны загварынхаа ачаар гэхэд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хатагтай 363 мянган ам. долларын ашиг олжээ. Түүнээс хойш компанийнх нь ашиг орлого нэмэгдсээр байна. Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ч хан боргоцойн хальсаар хийсэн бүтээгдэхүүний борлуулалт 40 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарчээ.
Түүний компани амжилтын түүхээрээ дамжуулан загварын ертөнцийг эх дэлхийдээ ээлтэй байхыг уриалж ажилладаг.
Хижоса загварын ертөнцөд бүх л амьдралаа зориулсан нэгэн. Түүний байгуулсан Пинатекс компани нь Hugo Boss, Chanel, Mango, Ecoalf зэрэг дэлхийн 3000 гаруй брэндтэй хамтран ажиллажээ.
Дизайнерийн хувиар дэлхийд танигдсан томоохон брэндийн үйлдвэрүүдийн шат дамжлагатай танилцаж, үйлдвэрлэлийн хөшигний ард байгаль орчинд халтай үйл явц өрнөдгийг олж мэдсэн аж. Ялангуяа Филиппиний арьс ширний үйлдвэрийн нөхцөлийг хараад маш их цочирдон хүлээн авчээ. Ийнхүү өөртөө “Хэзээ ч арьс ширний үйлдвэрт ажиллахгүй” гэж амлалт өгсөн байна. Ийнхүү тэрбээр байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийн зах зээлд хөл тавьж, амьдралынхаа шинэхэн хуудсыг эхлүүлэхээр зориг шулууджээ.
Хэдийгээр гайхалтай санаагаа олсон ч үйлдвэрлэх хүртэл явц тийм ч амар байсангүй. Энэ талаараа тэрбээр, “Би анхнаасаа л байгалийн гаралтай, газрын хөрсөнд хурдан шингэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлд хөтлөгдсөн. Хан боргоцойн хальсаар түүхий эд хийхэд хамгийн боломжтой санагдсан.Эрэл хайгуулын эцэст ханборгоцойн хальсыг боловсруулж утас үйлдвэрлэж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Insider
органик бүтээгдэхүүн тогтвортойхөгжил “байгаль орчинд ээлтэй
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.