"PISA" үнэлгээ: Сурагчид сурсан мэдлэгээ амьдралдаа ашиглах чадвар сул байна

П.Мөнгөнсор
12 сарын 06, 2023

"PISA 2022" олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд манай улс анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцсон үнэлгээний үр дүнг өчигдөр /2023.12.05/ БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд /15 нас хүртэл/ боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг үнэлгээ юм.

Энэхүү үнэлгээг Математик, Унших чадвар, Байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар зохион байгуулдаг аж. Үнэлгээний үр дүнг хамрагдсан улс болон агуулга тус бүрээр үзүүлж байна.


Математикийн хичээлийн тухайд Монгол үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна.

Математикийн сорилуудад хамрагдсан Монгол сурагчид тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн мэдлэгээ хэрэглэх, учир шалтгааныг илрүүлэх чадвараар сул үнэлэгджээ.


Унших чадварын тухайд 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадвар тааруу гэж дүгнэжээ. Oлон улсын дундаж хэмжээнээс 5 орчим жил, Азийн дундаж хүүхдүүдээс 2.5 жилээр хоцорч байна.


Байгалийн ухааны үнэлгээгээр манай сурагчдыг байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн байна. Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ.

Энэ үр дүнгээр Монгол улс 81 орноос 

Математик 47 дугаар байр

Унших чадвар 65 дугаар байр

Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ. 



Сонирхуулахад, "PISA 2022" олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагджээ.

Холбоотой сэдвүүд

боловсрол pisa

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.