Х.Оргил
10 сарын 18, 2021
Дэлхийн улсууд хөгжил дэвшлийн төлөөх хүчин чармайлтаа нэгтгэн Тогтвортой хөгжлийн зорилтыг батлан хэрэгжүүлж, энэ зорилтын гадна нэг ч орныг, улс дотроо ганц ч хүнийг үлдээхгүй хамруулах ёстойг тунхаглаж буй. Тэгвэл тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдээллийг боловсролоор дамжуулан олгох “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөл хэрэгжүүлж буй энэ үед уг төслийн үндэсний түшиц байгууллага болох Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор, профессор П.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ТАНИХ НЬ
-Тогтвортой хөгжлийн боловсрол нь нийгмийг тогтвортой хөгжилд хөтлөх арга зам гэдэг. Монгол Улс тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг боловсролоор дамжуулан хэрхэн олгож байна вэ?
-Тогтвортой хөгжлийн боловсрол нь бүх боловсролын цөмд оршдог бөгөөд ирээдүйд хэн болохыг чиглүүлж, хүн байхын мөн чанарыг олгодог. Дэлхийн хүн ам хурдацтай өсөж, хөгжин дэвшихийн хэрээр хүмүүсийн санаатай болоод санамсаргүй үйлдэл байгаль дэлхийд сөргөөр нөлөөлж, таатай бус өөрчлөлтийг бий болгож байна. Ийм сөрөг үр дагавраас хүрээлэн буй орчин, байгаль экологио хэрхэн авч үлдэх, эх дэлхийгээ онгон байдлаар нь хадгалах асуудал хөндөгдөж, 1972 оноос дэлхий нийтээрээ үүнд анхаарал хандуулан, энэ сэдвийн хүрээнд чуулж эхэлсэн байдаг.
Тэр үеэс эхлэн тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг тэргүүн түвшинд авч үзэх болсон юм. Тогтвортой хөгжлийг эдийн засаг, байгаль орчин, нийгэм, улс төрийн хүрээнд авч үздэг. Мөн тэгш боломж, тэгш оролцоо гэсэн ойлголт ч хамаатай. Тэгвэл энэ үйл явцыг бүрэн хэрэгжүүлэхэд боловсролоор дамжуулах нь хамгийн оновчтой бөгөөд зөв арга зам гэж үзсэн байдаг.
Дэлхий дахинд боловсролын систем өөрчлөгдөж, ялангуяа сурах үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлж, сургах, сурах үйл ажиллагааг цоо шинээр зохион байгуулах, боловсролыг илүү ардчилах, хүүхэд, залуучуудыг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, улмаар “мэдлэг боловсрол бол бүх нийтийн өмч” гэсэн үзэл санааг улс орнууд дэлгэрүүлж, бодлого хэрэгжүүлж эхэлж байна.
Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлан, БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлаг “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжүүлэн, Боловсролын хүрээлэн төслийн түшиц байгууллагаар ажиллаж байна. “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд БШУЯ, БОАЖЯ, БХ, БМДИ, БҮТ, НТБҮТ, МУИС, МҮОНТ зэрэг 10 гаруй байгууллага хамт олон Улаанбаатар хот болон 6 аймгийн 30 сургуулийг загвар сургуулиудаар сонгож, тогтвортой хөгжлийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. “Тогтвортой хөгжлийн боловсрол”-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь бидний гол зорилго юм.
-Төслийн хүрээнд гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит үр дүн гарч эхэллээ. Хийсэн ажлуудаас товч дурдвал?
-“Тогтвортой хөгжлийн боловсрол-I” төслийн хүрээнд Монгол Улсын бүх шатны боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, багшийн арга зүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан бөгөөд боловсролын салбарын урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд эл үзэл санаа, хандлагууд тодорхой түвшинд шингэсэн байна. 2020 оноос хэрэгжүүүлж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл нь “Шинэ инноваци” гэж болохуйц чухал алхам байлаа.
Нэгдүгээрт, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн багийг тусгайлан гаргасан. Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээний нэг байгууллагыг түшиц байгууллагаар сонгон шалгаруулсан явдал юм. Монгол Улсын боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэн, тасралтгүй 65 жил үйл ажиллагаа явуулж буй “Боловсролын хүрээлэн” түшиц байгууллагаар шалгарсан. Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, ажлын багийн хамт олон энэ төслийг хэрэгжүүлж, эцсийн дүнд тогтвортой хөгжлийн талаарх оюуны томоохон нөөц суурь бааз бидэнд үлдэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, энэ төслийг орон нутагт жишиг болгон хэрэгжүүлж, ерөнхий боловсролын 30 сургуулийн сурагч, багш нар чадавхжиж байна. “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-аар дамжуулаад орон нутгийн сургуулиудад хэрэгжүүлж, Боловсролын хүрээлэн агуулга, бодлого, чиглэлээр ханган дэмжин ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын загвар сургуулийн менежментийг бий болгож, үндэсний хэмжээнд бусад сургуульд тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх жишиг, хөдөлгөгч хүч бүрдүүлэн ажиллаж байна гэсэн үг.
Тогтвортой хөгжлийн боловсролыг богино хугацаанд олгож чадахгүй ч төсөл хэрэгжүүлж буй сургуулиудад таатай үр дүн гарч эхэлсэн. Тогтвортой хөгжлийн боловсролын зорилго, зорилтууд биеллээ олоход илүү дөхөм, сургамжтай туршлага бий болсон.
Тухайлбал, бид амьдралын хэв маяг, хандлагаа өөрчилж, байгаль дэлхийд хор хохирол бага үйлдснээр эрүүл амьдралыг өөрсдөдөө бүрдүүлнэ.
Сургалтын арга барил, арга зүй, багшлах боловсон хүчний мэдлэг хандлага, нийгмийн бүхий л хүнээс хамааралтай боловсролын асуудал хөндөгдөж байгааг ойлгож эхэлж байна. Энэ бол бодит үр дүн. Үндсэндээ Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх суурь бааз бүрджээ.
Үүнийг улам түгээн дэлгэрүүлэхэд чиглэн бид ажиллаж байна.
Боловсролыг зөвхөн багш, сургалтын байгууллагад хамаарах асуудал гэсэн хоцрогдсон хандлага өнөөдөр цаг үеэ даган өөрчлөгдөж байна.
Боловсрол ба суралцахуйг бүхэлд нь тогтвортой хөгжлийн төлөө болгон хувирган өөрчилж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгааны шийдэл нь хүн бүрийн заавал эзэмших шаардлагатай шинэ боловсрол буюу “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
ШИНЭ ЗУУНЫ БОЛОВСРОЛЫН ШАН ТАТСАН НЭГЭН БҮТЭЭЛ
-Багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн удирдлага цаашлаад мэргэжлийн байгууллага, бодлого боловсруулагчдад ойлголт мэдээлэл болох бүтээлийг онцолвол?
-Боловсролын үйл ажиллагаанд сургалтын хэрэглэгдэхүүн тун чухал. Зузаан ногоон ном буюу “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ЕРӨНХИЙ БОЛОВРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИНТЕГРАЦЧИЛАХ АРГА ЗҮЙ” номоо 4 том бүтээл болгож ерөнхий боловсролын түвшин бүрээр өргөтгөн гаргалаа. Судлагдахуун бүрээр тогтвортой хөгжлийн боловсролыг шингээж өгсөн эдгээр ном нь багш нарын ширээний ном болно. Бид гаргасан номоо бүх сургууль руу хүргэж байна. Энэ нь боловсролын салбарт шинэ зууны боловсролын бас нэгэн шан татсан бүтээл болсон гэж болно. Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсад орон нутгийн тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хэрэгцээнд суурилсан, үндэсний хэмжээний институтчиллийн бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлснээр үр дүнд хүрнэ. Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгыг бүх түвшний сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгаж, хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг зөвхөн сургууль, багш нарт даатгах нь учир дутагдалтай. Хүн бүр насан туршдаа суралцах хэрэгтэй.
Бодит амжилтад хүрэхийн тулд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайн судлах, өөрийн улсын хөгжлийн сургамжуудыг илрүүлэх, нийгмийн бүх салбарын хөгжлийн бодлогыг хооронд нь уялдуулах ёстой юм.
Түүнчлэн төслийн чухал ажил бол гишүүн байгууллагуудад тасралтгүй сургалт зохион байгуулж, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, аргазүйг хүргэн ажиллаж буй явдал. Үндэсний хэмжээний байгууллага буюу гишүүн 11 байгууллага тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож байгааг онцлон дурдъя. Тогтвортой хөгжлийн боловсролын арга хандлагыг хэрэглэж, хүн бүрийг “суралцагч” хэмээн үзэж, олон төрлийн бүх хэлбэрийн тодорхой үйл ажиллагаанд татан оролцуулж, бүтээлч үйлээр нь дамжуулан чадавхжуулахад чиглэж байна.
-Тогтвортой хөгжлийн төсөл нь боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Ер нь бол боловсролд маш том прадигмийн шилжилт явагдаж байна. Багш хэзээд онцгой хүн байсаар байх ч цаашид шавь төвтэй сургалтаас бие даасан сургалтад шилжих төлөвтэй. Өөрөөр хэлбэл, аливаад хурдан дасан зохицох шаардлага үүсэж байна.
“ХАРАГДАХГҮЙ” сэтгэлгээний сургалтын үйл явцаас “ХАРАГДАХ” сэтгэлгээний сургалтын үйл явц руу шилжиж байна. Энэ нь боловсролын тогтолцооны маш том өөрчлөлтийг бий болгож буй үйл явц юм.
Манай улс “Иргэний хөгжлийн хэрэгцээг хангахуйц чанартай, нээлттэй, тэгш хүртээмжтэй, уян хатан боловсролын үйлчилгээнд тулгуурлан мэдлэгт суурилсан нийгэм болон дижитал технологийн эринд ажиллаж амьдрах нийгмийн идэвхтэй оролцоо бүхий, тасралтгүй хөгжих чадамжтай, дэлхийд өрсөлдөхүйц иргэнийг цогцоор хөгжүүлэх”-ийг боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгасан байдаг.
Үндсэндээ тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан бэлтгэгдсэн Монгол иргэн дэлхийн өмнө өөрийн гэсэн онцлогтой, өнгө төрхтэй, олон улсын түвшинд чадамжтай иргэн болно гэж харж байна. Дэлхийтэй хөл нийлүүлнэ гэдэг нь тулгамдсан аливаа асуудлуудыг шийдвэрлэж чаддаг, өөрийн гэсэн онцлогийг хадгалж чадсан иргэн болж хөгжинө гэсэн үг.
Б.Шүрэнцэцэг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.