Сайд Я.Содбаатар: Авто замын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах асуудал бидэн тулгарч байна

Б.Баясгалан
10 сарын 26, 2018

Авто замын салбар үүсч хөгсөний 89 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Өнгөрсөн хугацаанд авто замчид бид улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, түүхэн он цагуудыг бүтээн байгуулалтын өндөр үр бүтээлтэйгээр үджээ.

...2018 онд баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох 1030.2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа.  Үүнээс 345 км авто замыг 2018 онд, 685 км авто замыг 2019 онд, мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км авто замын үлдэж байгаа 249.7 км авто замын 163.9 км авто замыг 2018 онд, үлдэж буй 87.8 км авто замыг 2019 онд тус тус ашиглалтад оруулах юм.  

Түүнчлэн Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км анхны хурдны зам, Нийслэл Улаанбаатар хотод дөрвөн хэсэгт гүүрэн гарц барих томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлсэн төлөвлөлтийн дагуу гүйцэтгэнэ.  Мөн ирэх онд Азийн авто замын сүлжээний АН3 чиглэлийн авто замын хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлд 2 урсгал бүхий 4 эгнээ авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км 2 урсгал бүхий 6 эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Авто зам, замын байгууламжийн чанарын асуудал ихээхэн яригддаг. Өнөөдрийг хүртэл бид бага зардлаар аль болох урт зам тавих зорилтыг хэрэгжүүлж ирсэн. Цаашид бидэнд чанар, стандартад анхаарч, авто зам хэрэглэгчдийг аюул осолгүй, ая тухтай, найдвартай зорчих нөхцлөөр хангах үндсэн зорилтын хүрээнд олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт техник, технологи, хийц бүтээцийг нэвтрүүлж салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах асуудал тулгарч байна. 

Авто замын салбарын тогтвортой, үр дүнтэй хөгжлийг хангах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын чиг хандлагыг тодорхой болгох хүрээнд нилээдгүй ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч хэрэгжүүлэх ажил их байна" хэмээлээ.

Эх сурвалж. ЗТХЯ



Холбоотой сэдвүүд

автозам зтхя я.содбаатар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.