Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүд, амралт, зугаалга аливаа баяр ёслол, арга хэмжээг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн, хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй, архигүй орчин амьдралын зөв хэвшилтэй байхыг нийслэл Улаанбаатар хотын иргэн, аж ахуй нэгж байгууллагад уриалах" санал танилцуулсан.

Үүнтэй холбоотойгоор тус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх ёстой" гэдгийг онцлон хэлсэн юм.

Уг асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодруулахад "Ер нь бол дээрх асуудалтай холбоотой ямар ч шийдвэр гараагүй байна. 04.00 цаг хүртэл ажилладаг асуудлыг ямар байдлаар зөв зохион байгуулалтад оруулах уу, яавал аж ахуйн нэгжид хохиролгүй, иргэдийн амь нас, эрүүл мэндэд халгүйгээр ажлаа зөв явуулах вэ гэдэг талаар хэлэлцэж буй юм.

Амьдралд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх ёстой нийслэлийн ажилтан, албан хаагчид шөнийн гудамжийг хөгжүүлэхэд цаг зав, хөрөнгө мөнгө үрдэг биш, ажил, хөгжлийнхөө тухай яаж анхаардаг байх вэ гэдэг асуудлыг ярьж байна.

Зам талбай, иргэдийн аюулгүй байдал гээд өчнөөн асуудал хариуцсан нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилчид тэнд "Гэрэлтэй гудамж" нэрээр шөнийн гудамж хөгжүүлнэ гээд яваад байх нь буруу.

Иргэд, оршин суугчид нь унтаж амарч чадахгүй, орчин тойрон нь бөөн бохирдолтой байдаг. Хүүхдийн эмнэлэг, сургууль, нярайн төрөх гээд өчнөөн асуудал байна. Ямар ч зохицуулалтгүй байна. Түгжрэлтэй гээд бүгдээрээ орилдог хэрнээ шөнийн гудамж нэрээр тус замыг хоёр хоног хаагаад, замын түгжрэлийн асуудлыг илүү нэмэгдүүлдэг. Энэ бүгдийг бид өөрөөр харж, арай илүү ажил хэрэгч байдлаар асуудлуудаа шийдэх ямар боломж байна вэ гэдэгт анхаарч байна.

Гэмт хэргийн гаралт, хүн амины хэрэг, хулгай дээрэм, зодоон цохион шөнийн 00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд ихэвчлэн гардаг гэсэн судалгаа байна. Ялангуяа өглөөний 04.00-06.00 цагийн хооронд илүү их байна. 

"Гэрэлт гудамж" байж болно. Болохгүй гээгүй. Харин шөнийн гудамж нэртэй зүй бус газар байж болохгүй. Архи дарс хөглөрсөн, орилоон чарлаантай, тэнд буй хэдэн зуун айл өрхийн иргэд унтаж амарч, гэр орон руугаа орж, гарч чадахгүй байна. Та бидний гэрийн хажууд тийм байдалтай, орцонд чинь хүн бие засаад, элдэв хог хаяад байвал ямар байх вэ. Тиймээс аль алиныхаа нөхцлийг анхаарч, аюулгүй байх ёстой гэдэг асуудалд анхаарч байна" хэмээлээ.