УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Нэг хэсэг хүмүүс шударгаар хөдөлмөрлөх гээд байдаг. Нөгөө хэсэг нь төрийн албанд оччихоод албан тушаалаа ашиглаад шан харамж, авлига аваад амьдрал ахуй нь дээшлээд байдаг. Тэгэхээр шударгаар хөдөлмөрлөх биш, төрийн албанд ороод амар хялбар амьдарч болдог юм байна гэсэн хандлага нийгэмд бий болох гээд байгаа нь үнэн. Тиймээс үүнийг цэгцлэх шаардлагатай гэж үзэн төрийн албаны тухай хуулийн шинэчлэл, үүнийг дагах журам, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны эрх үүргийг тодорхойлох журамд хөндөгдөж оруулж ирсэн.

2012 онд 130 мянга орчим төрийн албан хаагч байсан бол одоо энэ тоо 191 мянга болсон. Ингээд тоо нь тасралтгүй нэмэгдээд, нэг хүний ажлыг гурван хүн хийдэг, нэг байшинд багтдаг байсан бол гурван байшинд багтахаа больж байна.

Тэгэхээр бид үүнийг анхаарч, зайлшгүй шийдэх ёстой. Судалгаа хийгээд үзэхэд төрийн захиргааны албан тушаалтнууд нь харьцангуй бага нэмэгддэг. Хүн амын өсөлт, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж буйтай холбоотойгоор эмч, багш, сувилагч зэргийн орон тоо нэмэгдэж буй тал бас байгаа. Эдгээрт Төрийн албаны зөвлөл маш сайн дүгнэлт хийж, мэдээллүүдээ нэгтгэж, яаж төрийн захиргааны орон тоог нэмэгдүүлэхгүй байх вэ гэдэгт илүү анхаарч ажиллах ёстой.

Энэ үүднээс төрийн албан хаагчдыг бэлтгэж, дадлагажуулж, цаашид төрд ажиллуулахдаа та бүхэн ард түмний итгэлийг дааж, тэдэнд үйлчлэх ёстой гэдгийг нь ойлгуулдаг журам байх ёстой. Итгэлийг нь дааж ажиллаж чадахгүй бол ажлаа өгдөг байх нь зүйтэй. Түүнээс биш би төрийн албан хаагч, би дарга учир иргэд намайг хүндэлж, надад бөхөлзөж хандах ёстой гэсэн хандлага байж болохгүй. 

Энэ үүднээс төрийн албаны ажлын дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа" хэмээлээ.