Санхүүгийн зохицуулах хороо 2016 онд 94 тоот тогтоол баталж, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх бол 30.0 сая, үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх бол 100.0 сая, дилер хийх бол 200.0 сая, андеррайтер 1.0 тэрбум төгрөг байхаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоосон.

Тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн боловч зарим нэр бүхий үнэт цаасны компани өнөөдрийг хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэхгүй, зах зээлийн зуучлалын үүргээ хэрэгжүүлэхгүй, Хорооноос тавьж байгаа шаардлага, шалгуурыг хангаж ажиллахгүй байна.

Иймд Хороо шаардлага хангахгүй байгаа компаниудын зах зээлд оролцох оролцоонд хязгаарлалт тавьж эхэлжээ.

Бизнесийн үйл ажиллагаа, зах зээлд оролцох оролцоог хязгаарласаар байхад цаашид Хорооноос мөрдүүлж буй шаардлага, шалгуур, зохистой харьцааг хангахгүй бол хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээ авахыг анхааруулжээ.