Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тав дахь удаагийн аяныг өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхлүүллээ.

Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат энэ сарын 16-30-нд, хоёрдугаар үе шат 8 дугаар сарын 10-25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг. Учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, Орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах бөгөөд аяны хүрээнд УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнийг ажлын байраар ханган, хөдөлмөр хамгаалалын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгасан бөгөөд энэ онд 4,8 сая мкв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байна.