Жагсаал гүйцэхгүй байна гэж цохисон нь үнэн, энэ нь нас барахад хүргэсэн эсэхийг шүүх, хяналтын байгууллага тогтооно

Б.Баясгалан
01 сарын 25, 2019

Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Өчигдрийн байдлаар талийгаачийн цогцосны гаднах байдалд үзлэг хийхэд биедээ ил шарх, сорвигүй байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл дөнгөж сая цэргийн алба хаагч амиа алдсан тус хэргийн мөрөөр Дорноговь аймагт ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг Зэвсэгт хүчний жанжин штабаас танилцуулж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир энд хэн нэгэн хүний нэрийг хэлэх, процессыг тайлбарлах боломжгүй. Уг хэрэг энэ сарын 22-ны өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ үед ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу 5-6 дугаар цагийн хичээл орж байсан байна. Хэрэг явдал яагаад гарсан бэ гэхээр уг салбан тухайн өдөр 10-11 цагийн хооронд харуулд гараад буусан байгаа. 

Энэ үед салбарын ахлагч нар салбарын захирагчийн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Үзлэгийн эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг зүйлс олдсон байна. Ингээд дотоод журам зөрчсөн байна гээд нийт албан хаагчдад арга хэмжээ авах үүргийг салбарын захирагч ахлагч нарт өгсөн. Үүний дагуу цэргүүдийг биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн. Гүйж байх явцад талийгаачийн биеийн байдал муудаж, гүйж чадахгүй нь гэсэн тайлбарыг хэлсэн байгаа.

Дараа нь цэргийн алба хаагч нарыг байранд нь оруулсан. Энэ үед талийгаачийн бие дахин муудсанаас оронд оруулж хэвтүүлсэн байгаа. Дэргэд нь байсан зарим хүн гар хөлөнд нь массаж хийсэн. 

Үүний дараагаар дараагийн хичээлд орсон. Энэ үед талийгаач таталт өгсөн. Ангийн эмчийг дуудаад ирэхэд ухаан алдсан байдалтай байхад нь Зүүнбаянгийн багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гаргасан. Эмнэлэг явах замдаа нас барсан байна. 

Энэ хэргийг шалгах ажлын хэсгийг хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар томилж, өнгөрсөн 2 өдөр 336 дугаар ангид ажиллаа.

Ажлын хэсгийн дүгнэж буйгаар энд 3 зөрчил илэрч байна.

1 Ангийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул.

2. Цэргийн сахилгын дүрэм зөрчсөн

3. Эмнэлгийн анхан шатны тусламжийг хожимдож үзүүлсэн гэдэг 3 зөрчил тогтоогдсон. Энэ дүгнэлтийг сая холбогдох яамны сайдад хүргэж өглөө. 

Ажил явдлын дараа шат шатны удирдлагуудад арга хэмжээ авна. Миний бие хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Харамсалтай хэрэг гарч, айлын сайхан залуу хүүхэд амь үрэгдсэн явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээлээ.

Мөн тэрээр "Талийгаачийг үйж байхдаа жагсаалаас гарах үед нь хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй байна баашиллаа гээд цохисон асуудал байна. Үүнийг нуухгүй. Тэр нь нас барахад хүргэсэн эсэхийг шүүх, хяналтын байгууллага тогтоох байх" гэдгийг хэллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.


Холбоотой сэдвүүд

амь нас цег цэрэг

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.